Хайх

\"Love Actually\"-гаас залхсан хүмүүст зориулсан зул сарын баярын сэдэвтэй 6 кино

"Love Actually"-гаас залхсан хүмүүст зориулсан зул сарын баярын сэдэвтэй 6 кино

Ромком

Text: Buro.Mongolia


Зураг:

Гринч шиг санагдахыг хүсэхгүй байгаа ч (эсвэл яагаад ч юм зул сарын баярыг үзэн яддаг Мелания Трамп ч юм уу) энэ жил бид шинэ жилийн баяр тэмдэглэж чадахгүй нь ойлгомжтой боллоо. Ковидоос болоод аяллын төлөвлөгөө худлаа болж, бүр найз нөхдөөрөө ч цугларч болохоо байсан. Олон хүнтэй шинэ жилийн арга хэмжээний талаар яриад ч хэрэггүй. Хэдийгээр өөрсдийгөө өрөвдөхийг үнэхээр их хүсэж байгаа ч одоогоор хориглоогүй байгаа таатай зүйлсээр өөрийгөө сатааруулсан нь хавьгүй дээр. Жишээ нь Netflix дээр байгаа хамгийн "вкусгүй", хэт "нялуун", улиг болсон баярын сэдэвтэй кинонуудтай танилцаж болно. Харин та үзэх эсэхээ өөрөө шийдээрэй!

2019 онд нэгэн зэрэг хачин атлаа сэтгэл хөдөлгөсөн олон ч эв хавгүй кинонууд гарсан. 2020 оны кинонууд тэдгээрээс илүү байж чадах болов уу? Netflix дээр байгаа баяр хөөртэй, хайрын улиг болсон сэдэвтэй, амжилтгүй хошигнолтой бүх романтик инээдмийн киног үзэж дуусгахад хэр их хугацаа ордогт та лав итгэхгүй дээ. Ямартаа ч баярын мэнд найзуудаа!

"The Princess Switch 2: Switched Again"

Гол дүрд: Ванесса Хадженс, Сэм Палладио, Ник Сагар

Үйл явдал: "The Princess Switch" киноноос хоёр жилийн дараа үйл явдал өрнөнө. Стейси, Маргарет нар Маргаретын хаан ширээнд залрах ёслолыг тохиолдуулан дахин уулзалдана. Гэвч Маргарет хуучин найз залуу Кевинтэйгээ эвлэрэхээр дахин нэг удаа байраа солихоор шийдсэнээр тэд дахиад л асуудалд орно. Ингээд ч зогсохгүй Маргаретын шуналтай гурав дахь "ихэр" гарч ирснээр нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлнэ. Хөгжилтэй байгаа биз?

Үзэх үү эсвэл алгасах уу? Өмнөх ангидаа тохирсон үргэлжлэл. Хайрын сэдвийг хэт гажуулаагүй. Мөн Ванесса Хадженс айхтар, гэнэн зан араншинг хослуулан жүжиглэж, их зантай Фиона, ёсорхог Маргаретын дүрийг итгэлтэйгээр гаргаж чадсан байгаа.

"Holidate"

Гол дүрд: Эмма Робертс, Люк Брейси, Кристин Ченоуэт

Үйл явдал: Бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг, мөнхийн ганц бие залуус хамаатнуудынхаа асуулт, шүүмжээс залхан гэр бүлийн баяраар бие, биедээ туслахын тулд хосууд болж жүжиглэнэ. Гол дүрийн баатрууд өөрсдийн гэсэн сул талуудтай ч үзэгчдийн сэтгэлийг татаж чаддаг. Ямартаа ч нэг цаг 42 минутын туршид тэд жинхэнэ харилцаанаас айхаа болино. Танд л гэж зөвлөхөд сэтгэл татам Австрали аялга сонсохыг хүсвэл киног эх хэл дээр нь үзээрэй. Мөн туслах дүрийн жүжигчид болох Кристин Ченоуэт, Маниш Дайал нар чадварлаг жүжиглэлтээрээ улиг болсон зохиолыг илүү сонирхолтой болгож өгдөг.

Үзэх үү эсвэл алгасах уу? Энэ киног ядахдаа л ер бусын их хэмжээний хараал урсгаж байгааг нь харахын (эх хэл дээр нь үзэх бас нэгэн шалтгаан) тулд үзэх хэрэгтэй. Зул сарын баярын уламжлалт кинонд ёс бус хэллэг ийм их хэмжээгээр орсон нь сэтгэлийг тань хөдөлгөх болно. Киногоо илүү өвөрмөц болгохын тулд хямдхан арга барил хэрэглэсэн гэж бодож байна уу? Тийм ээ таны зөв.

"Operation Christmas Drop"

Гол дүрд: Кэт Грэм, Александр Людвиг, Виржиния Мэдсен

Үйл явдал: Мэдээж хэрэг цэргийн уламжлалаас санаа аван бүтээгдсэн энэхүү хөнгөхөн кинонд хэн ч Оскар өгөхгүй нь ойлгомжтой ч зул сарын сэдэвтэй нэгэн хэвийн ромкомын хэвшмэл ойлголтыг эвдэхийг хичээсэн нь магтууштай. Киноны үйл явдал нарлаг Гуам арлаас эхэлнэ. Гол дүрийн баатар Эрика гэх карьерист эмэгтэйг удирдлага нь цэргийн бааз руу илгээдэг. Удалгүй тэндхийн агаарын флотын ахмад болон Эрика нарын хооронд хайрын оч үсэрч, үлгэрийн эрэг, цэлмэг тэнгэрийн дор цоо шинэ дурлалын түүх эхэлнэ.

Үзэх үү эсвэл алгасах уу? Энэ кинонд хүн бүхний таамаглаж байгаа хайр дурлалын түүх гарч, хүмүүст баярын уур амьсгал бэлэглэнэ. Бидэнд яг одоо үүнээс өөр зүйл хэрэггүй л болов уу.

"Midnight at the Magnolia"

Гол дүрд: Натали Холл, Ивэн Уильямс, Элисон Брукс

Үйл явдал: Бидэнд бүр энэ киног 2020 онд гарсан гэдгийг нь шалгах хэрэг гарсан гээд бод доо. Магадгүй болхи яриа, найзуудын хуучинсаг мэндчилгээ зэрэг нь тэгж санагдуулж байж болох ч ерөнхийдөө энэ кино нь 2000-аад оны эхэн үеийн бүтээлийн бүх шинж тэмдгийг өөртөө агуулсан байгаа. Үйл явдал нь хүртэл энэ үеийн бүтээлийг санагдуулна. Сайн найзууд/хамтран ажиллагсад болох Мэгги, Жек нар өөрсдийн радио шоуг зарахын тулд хоорондоо болзож байгаа дүр эсгэнэ. Киноны бүх утга учир Меггигийн найз залуу түүнээс Жек таалагддаг эсэхийг нь асуухад тайлагдана. "Юу вэ? Хэзээ ч үгүй" хэмээн үнэмшилгүй хариулж байгаа нь таны инээдийг хүргэж мэдэх юм.

Үзэх үү эсвэл алгасах уу: Кино маш богино хугацаанд үргэлжилдэг нь хамгийн том давуу тал нь.

"Christmas Made to Order"

Гол дүрд: Жонатан Беннет, Алекса Пенавега, Жейкоб Янг

Үйл явдал: Аарон Сэмюэлс?! "Mean Girls" киноны бидний хайртай Аарон Сэмюэлс энэ кинонд гарч ирнэ. Тэрээр баяраар хамаатнуудаа гэртээ урихын тулд байраа засварлахаар декораторын тусламж авахаар шийдэж буй архитекторын дүрийг бүтээдэг. Кинонд хэтэрхий их утга учиргүй үйл явдал, зөрчилдөөнтэй хэсгүүд гардаг учраас дурлалт хосуудын гайхалтай мөчийг үзэгчид мэдэрч чадахгүй.

Үзэх үү эсвэл алгасах уу: Харамсалтай нь зул сарын баярын ямар ч саа, чимэглэл зохиолын алдааг халхалж чадахгүй. Ер нь хэзээнээс декоратор жинхэнэ тогтвортой мэргэжил болчихсон юм бэ? Бас яагаад Стивен 2018 онд Microsoft Power Point дээр презентаци тавиад байгаа юм бол? Киноны найруулагчид сайн кино зохиолч хөлслөхийн оронд хамаг төсвөө гацуурын тоглоом, жигнэмэг худалдан авахад зарцуулсан юм болов уу? Ямар ч хариулт өгөөгүй маш олон асуулт...

"Christmas Wonderland"

Гол дүрд: Эмили Осмент, Райан Роттман, Келли Ху

Үйл явдал: Яагаад бүх зул сарын баярын киноны гол баатар нь даргынхаа өмнө доошоо орохыг хүсдэггүй амбицтай, эрч хүчтэй эмэгтэй байдаг юм бэ? Энэхүү киноны гол баатар Хейди Нельсон ч мөн адил яг л тийм бүсгүй. Тэрээр туршлага хуримтлуулахын тулд туслах кураторын албан тушаалд очиж байгаа залуу уран бүтээлч. Хейди дүү нараа харахын тулд түр хугацаанд төрөлх хотдоо ирдэг бөгөөд энэ нь түүнд уран бүтээл туурвих онгодыг өгдөг. Киноны аль нэг хэсэгт хайр дурлалын түүх орж ирдэг боловч залуу нь ямар ч сэтгэлд үлдэх зүйлгүй тул та бараг түүнийг санах ч үгүй.

Үзэх үү эсвэл алгасах уу: Та нэг цаг 18 минутыг илүү сонирхолтой зүйлд зориулж болно. Жишээ нь өвс хэрхэн ургадгийг. Үнэн шүү. Ямартаа ч ийм төрлийн кино үзсэний дараа Netflix-д төслүүддээ илүү өндөр шаардлага тавихыг зөвлөхийг хүснэ.

Энэхүү нийтлэл нь анх 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд BURO. Singapore вебсайтад нийтлэгдсэн болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх