Хайх

Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ?

Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ?

Text: Э.Цовоо


Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Нээлтээ хийсэн даруйдаа хүн бүрийн ярианы сэдэв болоод буй “Priscilla” кино үзэгчдийн дунд томоохон тэсрэлт хийж байна. Рок-н-роллын хаан гэгддэг алдарт дуучин Элвис Преслигийн тухай өгүүлэх “Elvis” кино өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болж олон нийт болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Тус бүтээл бидэнд Элвис Пресли хэрхэн дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, алдар нэрд хүрсэн талаар харуулсан билээ. Тэгвэл энэ удаа Элвис болон түүний гэргий асан Присцилла Пресли нарын хайр сэтгэлийн холбоо, мөн тэднийг хувь хүн талаас нь түлхүү тодотгож өгсөн “Priscilla” киног онцолж байна.


Үйл явдалд юу гарах вэ?

Киноны үйл явдал Присцилла Преслигийн талаас өрнөх бөгөөд түүний хэрхэн Элвистэй танилцаж, гал халуунаар дурлалцаж буй талаар үргэлжилнэ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Элвисийн нэр хүнд ч даган өсөж улмаар зан араншин нь өөрчлөгдөж, Элвисийн хууран мэхлэлтээс улбаалан тэдний харилцаанд ан цав сууна. Энэ мэтчилэн тус бүтээлд Присциллагийн залуу насанд олон нийтийн нүднээс далд тохиосон бэрхшээлт үйл явдлыг хөндөх болно.

Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

Ямар жүжигчид дүр бүтээсэн бэ?

Өмнө нь Элвисийн дүрийг жүжигчин Остин Батлер маш чадварлагаар гаргаж чадсан учир кино багийнхан дүрийн сонголт дээр өндөр шалгуур тавьсан байна. Олон алдартай жүжигчид Элвисийн дүрийн төлөө өрсөлдсөн ч тэр дундаас “Euphoria” цувралаараа танигдсан жүжигчин Жакоб Элорди сонгогдож чадсан юм. Учир нь шалгаруулалтыг Присцилла Пресли өөрийн биеэр шүүсэн ба “Чиний дуу хоолой Элвистэй маш адилхан байна. Энэ л миний ганц хүлээж байсан зүйл” гэж тэрээр Жакобд хандан хэлжээ.

Харин Присциллагийн дүрийг залуу жүжигчин Кейли Спэни бүтээсэн билээ.  Түүний намуухан дуу хоолой, мөн харцаараа бүхнийг өгүүлж буй төрх нь найруулагч болон кино багийнханд таалагдсан гэнэ.

Бүтээлд сонгогдсон эдгээр жүжигчдийг зарлах үеэр үзэгчдээс "дүрийн сонголт тохиромжгүй байна” хэмээх шүүмж ирж байсан ч олон нийтийн бодол анхны трейлэр цацагдсан мөчөөс өөрчлөгдсөн байна. 


Кино ба бодит амьдрал

Киног 1985 онд Присциллагийн гаргаж байсан “Elvis and Me” хэмээх дурсамж номоос сэдэвлэн бүтээсэн. Бүтээл дээр гарж байгаа үйл явдлууд бараг л хэтрүүлэггүй бодит түүхийг үзэгчдэд харуулж байгаа төдийгүй Присцилла Пресли өөрөө киноны гүйцэтгэх продюсерын үүргийг хашсан юм. Элвис уурандаа түүн рүү сандал шидэж, Присциллаг үсээ хараар будан тод нүүр будалт хийхийг шаардан хайртай номуудыг нь шатааж байгаа хэсэг бүгд түүнд тохиолдож байсан бодит үйл явдлууд гэнэ.

Присцилла энэ талаараа “Элвис их түргэн ууртай байсан. Гэнэт дүрэлзэж уурлаад дараа нь байдаг л нэг шалтаг хэлнэ. ‘Өглөөний кофегоо уугаагүй байсан юм, сайн унтаж чадаагүй учраас, эсвэл хэтэрхий их унтчихсан учраас уурандаа хийсэн хэрэг’ гэдэг байв. Намайг хүүхдээ тээж байхад хүртэл ачаагаа бэлдээд яг одоо эндээс яв гэж хөөж сүрдүүлж байсан нь ч тодхон сэтгэлд үлдэж” гэв. Мөн Присциллагийн ээж Элвисийн шүтэн бишрэгч байсан тул Элвис ээжийг нь амархан ятгалгадаа оруулж 14 настай Присциллатай хамт амьдрах зөвшөөрлийг ч авч байсан гэдэг. Гэхдээ тэдний дурсамжид жаргалтай, нандин үеүд ч бий. 24 настай Элвис 14 настай Присциллатай анх танилцахдаа түүнд маш эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй ханддаг байжээ.

Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 3)

Хаанаас үзэж болох вэ?

“Priscilla” бүтээл арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийсэн бөгөөд видео стриминг платформууд дээр хараахан тавигдаагүй байгаа юм. Учир нь кино студийн зүгээс бүтээлийг цахимаар цацах нь орлого нэмэгдүүлэх бус харин ч алдагдалтай ажиллахад хүргэнэ гэж үзсэн ажээ.

Присцилла Преслийн талаар өгүүлэх “Priscilla” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх