Хайх

Супер баатруудын шинэ эрин: \"The Eternals\" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл

Жүжигчдийн баг, кино зохиол, нээлтийн тов

Text: Buro.Mongolia


Marvel-ын ертөнцийн бас нэгэн супер баатруудын түүхийг өгүүлэх "The Eternals" киноны жүжигчдийн багт Анжелина Жоли, Сальма Хайек, Ричард Мэдден нар нэгдсэн бол саяхан Кит Харингтон, Жемма Чан зэрэг алдартай жүжигчид тоглох нь батлагдсан билээ. Супер баатруудын шинэ эрин үеийг эхлүүлж байгаа энэ киноны талаар одоогийн байдлаар цацагдаад байгаа бүх мэдээллийг бид нэг дор цуглууллаа.

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 1)

Юуны тухай өгүүлэх вэ?

Marvel-ын комик зохиолд мөнх амьдардаг, харь гарагийн супер хүмүүсийг "Eternals" хэмээн нэрлэжээ. Тэд ямар нэг өвчин, хор, цаг хугацааны нөлөөнд автахгүй бөгөөд ядарч цуцахыг огт мэдэхгүй, мянга, мянган жилийн турш амьдрах чадвартай супер хүчтэй хүмүүс юм. Киноны үйл явдалд эдгээр супер баатрууд, хүн төрөлхтнийг Девиант буюу тэдэнтэй адил супер хүчтэй хорон санаат баатруудаас аврахаар Дэлхийд ирж байгаа тухай гарна.

Жүжигчид ямар дүр бүтээсэн бэ?

Анжелина Жоли - Тена

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 2)

Тэрээр супер хүмүүсээс бүрдсэн "Eternals" багийн гишүүн Тена гэх нэртэй баатрын дүрийг бүтээх болно. Тена нь телекинезис, хурд, хүч, нисэх чадвараас гадна бодол уншиж, телепорт хийж чаддаг нь түүнийг Доктор Стрэнж, Профессор Х, Супермен гурвыг нэгтгэсэнтэй адил хүчтэй болгож байгаа юм.

Ричард Мэдден - Икарис

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 3)

"Game of Thrones", "Bodyguard" зэрэг телевизийн цувралуудаар алдартай жүжигчин Ричард Мэдден Икарис хэмээх супер баатрын дүрийг бүтээх гэж байна. Икарис нь супер хурд, хүч гаргаж, сансрын энергийг удирдаж, нисэж, телепорт хийх чадвартай. Мөн хамгийн гол нь тэр хүн төрөлхтнийг хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй.

Жемма Чан - Серси

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 4)

Супер баатруудын "стандарт" чадваруудыг эзэмшсэн Серси Нью-Йорк хотод суурьшин, хүмүүсийн дунд амьдарч буйгаар Marvel-ын комик зохиолд харуулдаг. Мөн тэрээр маш ухаантай бөгөөд эд зүйлсийг молекулын түвшинд хувиргах чадвартай хэмээн өгүүлдэг. Дашрамд дурдахад жүжигчин Жемма Чаны хувьд энэ кино нь Marvel-ын хоёр дах төсөл юм. Өмнө нь тэрээр "Captain Marvel" кинонд Минн-Эрва нэртэй эсрэг дүрийн баатрын дүрийг бүтээж байсан билээ.

Сальма Хайек - Аяк

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 5)

Эх зохиолдоо Аяк хэмээх дүр нь эрэгтэй баатар байдаг. Харин кинонд "Eternals"-ын удирдагч, Төв Америкт бурхантай адил тахин шүтэгддэг энэ супер баатрыг үзэсгэлэнт Сальма Хайек бүтээх гэж байна.

Дон Ли - Гильгамеш

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 6)

"Eternals" багийн хамгийн хүчирхэг гишүүн Гильгамеш нь хүчээрээ Таностой эн зэрэгцэнэ. Түүний дүрийг "Train to Busan" киноны жүжигчин, Өмнөд Солонгосын супер од Дон Ли дэлгэцнээ амилуулах болно.

Кит Харингтон - Дэйн Уитман

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 7)

"Game of Thrones" цувралын бас нэгэн од Marvel-ын ертөнцөд нэгджээ. Жон Сноугийн дүрийг бүтээсэн Кит Харингтон энэ удаад Дэйн Уитман гэх баатрын дүрийг бүтээхээр болсон байна. Дэйн Уитман бол "Eternals"-ын цорын ганц супер хүчгүй баатар хэдий ч тэрээр сэлэм, гар тулаанд гарамгай бөгөөд шинжлэх ухаан, технологийн асар өргөн мэдлэгтэй нэгэн.

Кумэйл Нанжиани - Кинго

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 8)

"Silicon Valley" цувралын од Кумэйл Нанжиани үхэшгүй мөнх Кинго гэх дүрийг бүтээхээр болжээ. Кинго нь Японд удаан хугацаанд амьдарч Самурайн ур чадваруудад мэргэшсэнээс гадна тулааны урлагийг төгс эзэмшсэн чадварлаг дайчин хэмээн зохиолд өгүүлдэг.

Брайан Тайри Хенри - Фастос

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 9)

Суут ухаантай супер баатар Фастосын дүрд "Atlanta" цувралын жүжигчин Брайан Тайри Хенри тоглохоор болсон байна. Тэр мөн ер бусын хүч ялгаруулдаг алх эзэмшдэг (Яг л Тор шиг!).

Лорен Ридлофф - Маккари

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 10)

Хар салхи үүсгэж, гэрлийн хурдаар хөдлөх чадвартай энэхүү супер баатар нь комик зохиолдоо эрэгтэй баатраар дүрслэгдсэн байдаг ч дэлгэцийн хувилбарыг "The Walking Dead" цувралын жүжигчин Лорен Ридлофф амилуулах юм.

Барри Кеоган - Друиг

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 11)

Киноны гол хорон санаатан Друигийн дүрийг залуу жүжигчин Барри Кеоган бүтээнэ. Тэрээр Икарисын үеэл бөгөөд олон мянган жил амьдрахдаа хэд, хэдэн дайн эхлүүлж, КГБ-д ажиллан, эрүүдэн шүүх, хүн тамлах арга барилд мэргэшээд амжжээ.

Лия МакХью - Спрайт

Супер баатруудын шинэ эрин: "The Eternals" киноны талаар бидний мэдэж буй бүх зүйл (фото 12)

Эцэст нь "Eternal" багийн хамгийн залуу гишүүнтэй танилцана уу! Олон мянган жилийн турш амьдарч байгаа ч үргэлж 11 настай хүү шиг харагддаг энэ дүрийг залуу жүжигчин Лия МакХью бүтээхээр болжээ. Хүн бүхнийг хуурч, цаг үргэлж тоглоом шоглоом хийдэг Спрайт нь эх зохиолдоо эрэгтэй баатар хэмээн бичигдсэн байдаг.

Хэзээ гарах вэ?

Хятад гаралтай Америк найруулагч Клоуи Жаогийн бүтээж буй "The Eternals" кино 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд олон улсын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх