The Devil Wears Prada 2 кино нээлтийн арга хэмжээний фото сурвалжлага
Загвар, киног хамтдаа мэдэрсэн үдэш
Velin сэтгүүл болон Skywing кино театр The Devil Wears Prada 2 киноны тусгай нээлтийн үдшийг зохион байгууллаа. Монголын загвар сонирхогчдын хувьд The Devil Wears Prada 2 киноны нээлт нь зүгээр нэг кино үзвэр байгаагүй, энэ нь хайртай киноныхоо нээлтийг хамтдаа мэдэрсэн онцгой мөч болж хувирсан юм.
Velin сэтгүүл болон Skywing кино театр энэхүү кино үдшийг зохион байгуулсан нь загвар болон кино урлагийн салбарын дотоод ертөнцөд үнэхээр хайртай хүмүүст зориулсан дотно орон зайг бүрдүүлэхийг зорин ажиллажээ. Дэлхийн олон хотуудад загварын салбарынхан Devil Wears Prada 2 киноны нээлтийг өөрсдийнхөөрөө зохион байгуулж, кино үзвэрийг тохиолдуулж загварын яриа, киноны уур амьсгалд өөрсдийн мэдрэмжээр хөглөгджээ. Тэд ч Монголыг мөн энэ дэлхийн хэмнэлд нэгтгэхийг хүсжээ.
Энэхүү үдэш Velin сэтгүүлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм. Тус сэтгүүлтэй хамтран ажилладаг, тэдний үнэт зүйлд итгэдэг харилцагчид энэхүү санаачилгыг дэмжсэнд тэд талархлаа илэрхийлж байлаа. “Үдшийг баяр ёслолын уур амьсгалтай болгосон Kalifa Beverage-ийн Laurent - Perrier оргилуун дарс, зочдыг сэргээсэн Evian цэвэр ус, мөн амтат хоолоор дайлсан PAUL Bakery-д тусгайлан баярлалаа. Та бүхэн соёл, бүтээлч байдал, хамтын оролцоог хөгжүүлэх нийтлэг зорилгыг дэмжин ажиллалаа” хэмээн Velin сэтгүүлийн Гүйцэтгэх захирал Б. Энхзаяа онцоллоо.
Загвар бол зөвхөн хувцасны тухай биш, харин бидний харж, мэдэрч, хоорондоо холбогдох соёлын нэгэн хэлбэр юм. Энэхүү арга хэмжээ нь загварыг зөвхөн ажиглах бус, түүнийг амьдруулж, хуваалцаж, хамтдаа мэдрэх орон зайг бий болгосон гэгээлэг үдэш болон өнгөрлөө.

































