Хайх

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг

Тус дэлгэцийн бүтээл тавдугаар сард үзэгчдийн хүртээл болно

Text: Ж.Булган


МИРАНДА ПРЕСТЛИ ДОТООД ЕРТӨНЦӨӨ НЭЭХ ҮҮ

Зарим кино шүүмжлэгчдийн таамгаар Миранда Престлигийн удирддаг Runway сэтгүүл санхүүгийн хүндрэлтэй тулгарч, нөлөө нь суларна гэж үзэж байна. Харин өөр нэг таамаг нь Мирандагийн албан тушаал олон улсын түвшинд ахиж бусад орнуудын салбар сэтгүүлийн бодлогыг удирдаж магадгүй хэмээн үзэж буй. Аль ч тохиолдолд нэг зүйлийг мартаж болохгүй, Миранда бол юуны өмнө эмэгтэй хүн. Эхний ангид түүний хувийн сэтгэл хөдлөл ганцхан удаа гарсан бол хоёрдугаар ангид Миранда өөрийн дотоод мөн чанар, эмзэг тал, шийдвэр гаргалтын цаад үнэ цэнийг илүү тод харуулах төлөвтэй байна. Энэ удаа тэр зөвхөн хатуу удирдагч гэдгээр бус, харин олон жилийн уйгагүй хөдөлмөр, загварын салбар хийгээд сэтгүүл зүйн хүндхэн ажлыг үүрсэн эмэгтэйн дүрээр гарч ирэх бололтой.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 1)

ЭМИЛИ ТУШААЛ ДЭВШСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Эмили анхнаасаа л загварын ертөнцөд чин сэтгэлээсээ дурласан, тууштай эмэгтэй байсаар ирсэн. Мирандагийн дор ажиллах хугацаандаа Парисын загварын долоо хоногт очихыг мөрөөдсөн нь нэр хүндийн төлөө бус, энэ салбарт ажиллах хүслийнх нь илэрхийлэл байв. Сайтар ажиглавал Эмили хувцас загварт шунан дурладаг нэгэн. Уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд Эмили Runway сэтгүүлийн аль нэг чухал хэлтсийн даргаар томилогдсон байх магадлал өндөр байна. Киноны богино хэмжээний сурталчилгаанд түүнийг хоёр мэргэжилтэн дагалдан явж буй нь түүний тушаал ахисныг илтгэх дохио байж мэднэ.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 2)

ПАРИС БИШ, МИЛАН

Өмнөх ангид Миранда Парисын загварын долоо хоногийг онцолсон бол энэ удаа Миланы загварын долоо хоног үйл явдлын халуун сэдэв болно. Загварын сэтгүүлүүдийн зайлшгүй хөнддөг сэдэв болох энэхүү арга хэмжээний байршил Милан руу чиглэж байгаа нь киноны үйл явдал илүү сонирхолтой өрнөх биз ээ. Мирандагийн дүрийг бүтээж буй Мерил Стрийп энэ жил Dolce & Gabbana-гийн загварын шоунд Мирандагийн дүр төрхөөр оролцсон нь Милан хот киноны чухал хэсэг болохыг баталжээ.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 3)

ДОНАТЕЛЛА ВЕРСАЧЕ МИРАНДАТАЙ МЭНДЧИЛНЭ

Энэ удаагийн ангид загварын ертөнцийн олон алдартан өөрийнхөөрөө гарч ирэх таамаг бараг л батлагджээ. Тэдний дунд хувцас загварт нөлөөлөгч Леди Гага болон Донателла Версаче нэрлэгдэж байна. 2006 оны эхний анги дээр Миранда Парисын загварын долоо хоногт Валентино Гараванитай мэндчилдэг шиг, хоёрдугаар ангид Донателлатай найзын ёсоор ярилцах богинохон боловч сэтгэл хөдөлгөм агшин гарах магадлалыг кино шүүмжлэгчид тавьжээ.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 4)

ЭНДИ САКС RUNWAY-Д ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ 

Кино зохиол Энди Сакс Runway-д буцаж ажиллаж буйгаар өрнөх таамаг өндөр байна. Гэхдээ энэ удаа тэр энгийн туслах биш, сэтгүүлзүйн салбарт өөрийн нэр хүндийг бий болгосон, илүү өөртөө итгэлтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэгч болж эргэн ирнэ. Түүнчлэн хувийн амьдралд нь ч шинэхэн романтик харилцаа эхлэх дохио харагдана. Ингэснээр кино зөвхөн загварын ертөнц төдийгүй эмэгтэй хүний сонголт, ажил мэргэжлийн өсөлт, хувцас загварын сэтгүүл зүйг илүү сонирхолтой байдлаар өгүүлэх нь дамжиггүй.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 5)
The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 6)

MET GALA МАЯГИЙН УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ

Киноны трейлерт Миранда улаан хивснээ алхан, зураг даруулж буй агшин гардаг. Энэхүү үзэгдэл нь Vogue сэтгүүлийн зохион байгуулдаг Met Gala арга хэмжээтэй төстэй бөгөөд киноны нэгэн чухал хэсэг болох төлөвтэй байна. Хэдийгээр албан ёсоор Met Gala хэмээн нэрлээгүй ч, үзэгчдэд Met Gala-тай адил уур амьсгал, улаан хивсний ёслолыг харуулахаар төлөвлөжээ.

The Devil Wears Prada 2 кино зохиолын үйл явдлын таамаг (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх