Хайх

Улаан хивс киноны найруулагч Фредерик Бэйлиф: Би тэднийг жүжиглэхгүй байхыг хүссэн

Улаан хивс киноны найруулагч Фредерик Бэйлиф: Би тэднийг жүжиглэхгүй байхыг хүссэн

Монголд тавтай морил

Text: Ж.Чинбат


Монголд Франц хэлтэн орнуудын кино наадам долоо дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жил наадмыг нээж буй Улаан хивс киноны найруулагч Фредерик Бэйлиф Улаанбаатарт дөнгөж буугаад байхад нь бид уулзаж ярилцлаа

 

Улаан хивс кино өнөө орой буюу гуравдугаар сарын арваннэгэнд, Corporate Hotel and Convention Center-ийн кино театрын нээлтэн дээр анх удаа Монголчуудын хүртээл болох гэж байна. Чельсигийн кино наадмаас шилдэг найруулагч шагнал хүртэж байсан энэхүү кино нь Европт тулгамдаад буй цагаачдын асуудлыг хөнджээ. Кинонд Швейцарийн, Лузан хотын захад, хэсэг хүүхдүүд сургуулийнхаа нийгмийн ажилтны тусламжтайгаар кино хийхээр шийддэг тухай гарна. Тэд кино зохиолоо бичиж, улмаар Каннын кино наадам руу продьюсер олохоор замдаа гарах аж. Киноны трейлерээс харахад түгшүүр, тэмцэл, аялал гарах бөгөөд харин сүүлд нь бүх зүйл тайван болж хувирна. Тэгэхээр энэ киногоор найруулагч юу үзүүлэхийг хүссэн, хэрхэн бүтээсэн болохыг бид асууж, сурвалжиллаа. 

Улаан хивс киноны найруулагч Фредерик Бэйлиф: Би тэднийг жүжиглэхгүй байхыг хүссэн (фото 1)

Өдрийн мэнд. Таныг Монголд өөрийн киногоо үзүүлэхээр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. 

Би анх сургуульд, нийгмийн ажил хийдэг байхдаа кино хийж эхэлсэн юм. Дараа нь би олон тооны баримтат кино хийж, телевизид мөн Парист ажилласан. Харин өнөөдөр та бүхэнд үзүүлэх гэж буй “Улаан хивс” кино бол миний анхны уран сайхны кино юм.

Энэ киноны үйл явдал таны өөрийн амьдралтай их адилхан гэж ойлгож болох уу?

Яг тийм.

Киноны трейлерт түгшүүр, тэмцэл, аялал гарч байна. Тэгэхээр кино юуг үзүүлэхийг зорьсон юм бол?

Европт Африкаас болон Ойрхи Дорнодоос маш их хүн цагаачилж, дүрвэн ирж байгаатай холбоотой маш том асуудлууд тулгарсан.  Гол асуудал нь  юу вэ гэвэл бид өөрсдийн нийгэмдээ энэ хүмүүсийг яаж нэгтгэхээ мэдэхгүй байна. Мөн тэд ч бас бидний нийгэмд хэрхэн дасан зохицох учраа олохгүй байгаа. Гэхдээ маш олон хүмүүс тэдэнд нийгэмшихэд нь туслахыг хүсдэг. Жишээ нь энэ кинонд гарч байгаа нийгмийн ажилтнууд юм. Киноны гол дүрийн жүжигчин ажилдаа маш үнэнч нэгэн бөгөөд тэр миний дүрд тоглосон. Би нийгмийн ажилтан байхдаа Женевт, захын дүүрэгт хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Би өөрөө Женевээс гаралтай л даа.

Бид Швейцарь улс, Женев хотыг маш гоё сайхан байдлаар нь дандаа харж, сонсдог. Үнэтэй автомашин, цаг гээд л. Харин яг энгийн амьдралд нь  байдаг  асуудлын талаар бид тэр бүр мэддэггүй юм байна. 

Асуудал болоод зовлон, шаналал үргэлж эд материалаас болж үүсдэггүй шүү дээ. Зарим асуудлууд чиний гарал үүслээс шалтгаалж, хувийн шинж чанартай байдаг. Хэрэв чи цагаач, мөн төрсөн эцгээ мэдэхгүй бол асуудал гарч ирнэ. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бусад орноос ирсэн олон хүмүүс маш хэцүү амьдрал туулдаг бөгөөд хүн бүрт амар байдаггүй. Би киногоо бүтээхдээ хүмүүсийн мэддэггүй зүйлсийг харуулахыг зорьж, хичээсэн юм.

Та Монголд өнөөдөр дөнгөж ирээд кино найруулгачийн нүдээр манай хотыг харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Үнэхээр том хот юм. Би арай жижиг гэж төсөөлсөн. Мөн бүсгүйчүүд нь үнэхээр гоо үзэсгэлэнтэй юм. Надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн, би үүнийг мэдээгүй байсан.

Улаан хивс кино нэлээд олон шагнал авч байжээ. Таны кинонд яагаад эдгээр шагналыг өгсөн гэж та боддог вэ?

Яагаад гэвэл би зураг авалтыг баримтат киноны хэв маягаар авсан. Учир нь би бодит байдлыг гаргаж өгөхийг хүсдэг. Мөн кинонд тоглосон залуус бол жүжигчид биш. Тэд өөрсдийн дүрд тоглосон учраас кино жинхэнэ болсон. Тэд ер нь огт жүжиглээгүй, яг л байдгаараа л байсан. Тиймээс кино маш онцгой болж, хүмүүст яг баримтат кино шиг харагдсан байх. Гэхдээ үнэндээ энэ баримтат кино биш юм.

Европт киног арай өөр аргаар хийхийг хичээдэг. Ашиг орлого хардаг кинонуудаас өөр, үнэн, бодит байдаг.

Монголд ийм төрлийн кино хийх сонирхолтой олон залуучууд байдаг. Таны киногоо хийх гол арга барил юу болохыг хэлж өгч болох уу?

Манай баг маш жижиг. Яагаад гэвэл бид том техник хэрэгсэл, дүрсний эффект хэрэглэдэггүй. Бид илүү бодитой байх тал дээр ажилладаг. Бид бэлтгэл хийж байхдаа жүжигчдээ жүжиглэхгүй байхад анхаарч, маш их цаг зарцуулсан л даа. Би тэднийг жүжиглэхгүй байхыг хүссэн. Мөн бид хоорондоо маш дотно харилцаатай. Бат бөх харилцаатай байхад бүх зүйлс их хүчтэй, бодитой байх болно. Хүмүүс ч үүнийг нь мэдрэнэ. Тэгэхээр энэ нь кино хийх огт өөр арга юм.

Төгс кино зохиол, төгс гэрэлтүүлэг, төгс техник хэрэгсэл, төгс жүжигчидтэй бол Америк кино болж байгаа юм. Би ийм зүйл хийх сонирхолгүй байна.

Хүмүүс ийм төрлийн кино хийхийг хүсч байвал дүрүүдтэйгээ харилцаа үүсгэх хэрэгтэй. Би маш олон баримтат кино хийсэн ба зураглаачтайгаа маш ойр байдаг. Бүр найзууд гэж хэлж болно. Ингэснээр үр дүн нь хавьгүй илүү байдаг. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцааны л асуудал.

Маргааш таны киноноос юуг илүү олж хараасай, ойлгоосой гэж та хүсч байна вэ?

Би хүмүүст нийгмийн ажилтан, гол дүр болон хүүхдүүдийн хоорондын харилцааг ойлгоосой гэж хүсч байна. Киноны эхэнд бүх хүмүүс зүгээр л бие, биетэйгээ тэрсэлдэж буй хувь хүмүүс байх болно. Үйл явдал өрнөхөд тэд нэгдэж баг болно. Хэрэв ямар нэг зүйлийг хамтдаа туулбал, илүү хүчтэй болдог гэсэн утга санааг кино харуулсан. Хамтдаа ямар нэг зүйлийг хийхэд хавьгүй дээр байдаг шүү дээ. Би үүнийг л хүмүүсийг мэдрээсэй гэж хүсч байна. Түүнчлэн кино хийхэд том техник хэрэгсэл хэрэггүй гэдгийг ойлгоосой. Бид технологийн эрин үед амьдарч байна. Гэхдээ бид технологоос болоод юмсын мөн чанарыг мартаж байна. Кинон дээр ч мөн адил. Би эргээд үндсэн суурь болон чухал зүйлс рүү буцахыг хүссэн. Жишээлбэл хүмүүсийн харилцаа. Энэ бол миний кино урлагийн хараа.

Улаан хивс киноны найруулагч Фредерик Бэйлиф: Би тэднийг жүжиглэхгүй байхыг хүссэн (фото 2)

Та өмнө нь мөн Франц хэлтэй орнуудад киногоо танилцуулж явсан байх. Хүмүүс хүлээж авч байгаа нь хэр өөр байдаг вэ?

Бид Бразил, Уганда, Нью-Йорк, Морокко, Франц, Австри улсуудад очсон. Жишээлбэл Африкт киног маань ойлгоогүй. Африкт нийгмийн ажилтан байдаггүй юм билээ. Бразилд хүчирхийлэл болон хүүхдүүдтэй холбоотой маш том асуудалтай болохоор хүмүүс их сонирхсон. Нью-Йоркт бол киноны бодит хэв маяг маш их таалагдсан. Гэхдээ надад бага зэрэг эмээх зүйл байдаг. Франц хэлтэй хүн бол киног сайн ойлгоно. Хэдийгээр кино хадмал орчуулгатай гарч байгаа ч инээдтэй хэсэг дээр нь инээхгүй байх зүйлс гардаг. Швейцарт хүмүүс маш их инээсэн. Нью-Йоркт харин тийм ч их инээд сонсогдоогүй.

Хамгийн сүүлд та өөрийн дуртай таван киногоо манай уншигчдад үзэхийг санал болгож болох уу?

Миний бүх цаг үеийн дуртай кино бол Ken Loаch-ийн найруулсан “Angel’s Share”. Энэ үнэхээр сайхан кино. Миний хийсэн кинотой их төстэй, маш бодит хэв маягтай. Мөн Франц кино найруулагч Jacques Audiard-ын бүх кинонд дуртай. Түүний бүх кино гайхалтай ба “A Prophet” гээд их сайн кино бий. Түүнчлэн Английн инээдмийн кинонуудад дуртай. Жишээ нь “The Full Monty” хамгийн инээдтэй кинонуудын нэг. Бас нэг инээдтэй кино бол “Death at the Funeral” байна. Үнэхээр хөгжилтэй кино.

Бидэнд цаг гаргасанд тань баярлалаа.

цааш үзэх