Хайх

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна

Д.Өнөболор, Б.Номунгэрэл, Ариунаа Сүри, Ч.Нямханд

Text: Ж.Чинбат


Монгол улс 2016 оны Рио де Жанейрогийн Олимпийн наадамд түүхэн дэх хамгийн олон буюу 44 тамирчин илгээж байна. Тэдгээр тамирчид ирэх наймдугаар сарын таванд алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд Шилмэл загвар компаний бүтээсэн ёслолын хувцастай оролцоно

Бразилийн Рио де Жанейро хотод XXXI дэх удаагийн Олимпийн наадам эхлэхэд ес хоног үлдлээ. Энэ удаад 206 орны баг тамирчид 46 спортын төрлөөр 306 медалийн төлөөх тоглолтыг 37 байршилд хийх болно. Ирэх наймдугаар сарын 5-нд алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд эдгээр 206 орны баг тамирчид хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн их баяр наадмын нээлтийн ёслолд баярын парадаар орж ирж, Олимпийн банбараа хамтдаа асаана.

Тэгэхээр энэ удаагийн Олимпийн наадмын нээлтэнд үндэсний шигшээ багийнхаа өмсөх ёслолын хувцсыг Их Британи улс Стелла МакКартнигаар, Франц улс Lacoste брэндээр, АНУ алдарт загвар зохион бүтээгч Ralph Lauren-аар, Куба улс Кристиан Лубутенаар, Канад улс Dsquared 2 брэндээр урлуулсан байгаа. Тэгвэл түүхэнд хамгийн олон буюу 44 тамирчин илгээж буй Монгол улсын баг тамирчдын хувцсыг Шилмэл загвар компаний дизайнер Д.Өнөболор хийсэн. Энэ жил загвар зохион бүтээгчдийн дунд явагдсан шалгаруулалтаар Монгол улсын шигшээ баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг тодруулсан бөгөөд өмнөх хоёр удаагийн Олимпийн наадамд оролцох шигшээ багийн хувцсан дээр ажилласан туршлагатай Д.Өнөболорын загвар шалгарсан юм. Харин олон нийтийн зүгээс Монгол улсын баг тамирчдын хувцсанд шүүмжлэлтэй хандаж, бусад улс орнуудын хувцастай харьцуулж, дараагийн удаа аль болох олон загвар зохион бүтээгч оролцсон шалгаруулалтаар Үндэсний шигшээ багийн хувцсыг хийлгэх хэрэгтэй гэсэн шүүмжлэл гараад байгаа. Тиймээс бид тус загварыг гаргасан дизайнер Д.Өнөболор, шалгаруулалтанд оролцсон Ариунаа Сүри болон тэмцээнд оролцоогүй зарим загвар зохион бүтээгчдээс цөөн хэдэн асуулт асуулаа.

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна (фото 1)

 

 

 

Michel & Amazonka маркийн загвар зохион бүтээгч Ч.Нямханд

 

 

 

 

Олимпийн наадамд оролцох тамирчдад зориулсан хувцсыг нээлттэй шалгаруулалтаар хийхээр болсон юм билээ. Та хоёрт тийм урилга ирсэн үү?

Ирээгүй. 

Та хоёрын хувьд оролцох сонирхол байсан уу?

Ер нь энэ талаар дуулаагүй байж байгаад зурагтаар тэр шалгаруулалт гарч байхыг харсан. Бидний хувьд янз бүрийн шалгаруулалт сонирхохоос илүүтэй урдах ажлаа хийгээд явж байх нь дээр ч юм шиг. Гэтэл нөгөө талаар шигшээ багийн тамирчдын хувцас арай л "биш", чөлөөт спорт гэхээс илүү оффисын ажилтан шиг харагдахаар болсон байсан. 

Загварыг өөрөө ерөнхийд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

Хүмүүс ямар дүгнэлт өгч байгаа нь ойлгомжтой, ил харагдаж байгаа. Цаанаасаа өнгө шахаж өгсөн юм шиг тохиромжгүй шар өнгөтэй болсон.  Ер нь бол ингээд хийчих юмсан гэсэн загвар шууд төсөөлөгдөж байлаа. Гадны дизайнеруудын загварыг харахад, жишээ нь Куба, Канад улсын баг тамирчдын хувцсыг харахад энгийн мөртлөө зохимжтой болсон харагдсан. 

Дараагийн удаа үндэсний шигшээ багийн хувцасны загвар гаргах шалгаруулалт зарлагдвал Michel & Amazonka оролцох уу?

Болохгүй юм байхгүй. Тэмцээн уралдаан гэхээсээ илүү бид өмнөх ажлаа л боддог. 

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна (фото 2)

 

 

 

Monalun маркийн загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл

 

 

 

 

Хүмүүс улс орныхоо нүүр царайг илэрхийлэх чухал ажлыг зохион байгуулахад илүү өргөн цар хүрээтэй оролцох хэрэгтэй юм болов уу гэж саналаа хэлж байна. Олимпийн тамирчдын хувцсыг хийхийн тулд сонгон шалгаруулалт зарласан юм байна билээ. Та тэр талаар сонссон уу?

Үгүй, юу ч сонсоогүй. Олимпийн тамирчид ийм хувцастай явна гэж анх танилцуулагдахад нь мэдсэн. 

Загварыг өөрөө ерөнхийд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

Шар өнгө бол хүн болгонд зохидог өнгө биш л дээ. Тиймээс өнгөний сонголтоо буруу хийсэн. Дээрээс нь загварын хувьд аваад үзэхэд бүх л зүйл рүү үндэсний гэсэн элемэнт оруулах гэж туйлширдаг байдал энэ удаа дахин илэрсэн. Үүнийг хийхдээ зарим зүйл дээр энгийн аргаар шийдвэл цэвэрхэн байсан юм болов уу. Угалзарсан хээ болхи болсны дээр нэмээд аксесуараар орж ирсэн ороолт бас тийм ч зохимжтой байгаагүй. Материалын хувьд ёслолын хувцас тааран материалтай байсан. Таар бол маш үрчийдэг материал. Гэвч Бразил халуун орон болохоор сэрүүцүүлэх зориулалтаар таар сонгосон нь зөв л дөө. Ер нь дахиад жаахан бодоод, арай энгийн, орчин үеийн бөгөөд хэрэглээ талаа бодоод хийсэн бол гэж харсан. Миний хувьд дэлхийн бусад улс орны тамирчдын хувцаснаас Dsquared 2-ын хийсэн Канадын шигшээ багийн хувцас их таалагдсан.

Өнөөдөр гэхэд Куба улсын баг тамирчдын хувцсыг Кристиан Лубутен хийснээ танилцууллаа.

Тэгэхээр дэлхийн бусад бүх улс орнууд энэ асуудалд их чухал ач холбогдол өгч, хамгийн сайн гэж үзсэн дизайнераа сонгож хийлгэж байгааг бид ч гэсэн анзаарах хэрэгтэй байх. 

Дараагийн удаа сонгон шалгаруулалт зарлагдвал та оролцох уу?

Би орно. Тодорхой хэмжээгээр улсдаа хувь нэмрээ оруулах хүсэл байна. Монголд танилын хүрээгээр бүх юм шийдэгддэг нэг  асуудал байна. Тиймээс дараагийн удаа улсынхаа шигшээ багийн хувцсыг хийх шалгаруулалтыг бүх дизайнерууддаа албан ёсоор зарлах хэрэгтэй байх. Магадгүй сонгон шалгаруулах шүүгчдийн багт ч мэргэжлийн дизайнерууд орох ёстой. Тэгэхгүй бол Эрүүл мэнд, Спортын яамны мэргэжилтнүүд инженер мэргэжилтэй хүн ч байж магадгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн оролцоо чухал байх.

Ийм төрлийн шалгаруулалт хийгдвэл хугацааны хувьд хэр байвал зохимжтой вэ?

Нэгэнт улсаа төлөөлөх зүйлийг хийж байгаа төсөл учраас урт хугацаатай байж, маш олон жишээ загвар гаргах хэрэгтэй. Зөвхөн нэг дизайнерын хувийн загвар, цуглуулга биш учраас дор хаяж хагас жилийн өмнө эхлэх нь зохимжтой байх. 

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна (фото 3)

 

 

 

ARIUNAA SURI маркийн загвар зохион бүтээгч Ариунаа Сүри

 

 

 

 

Та хавар Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцас зохион бүтээх шалгаруулалтанд оролцож байсан. Энэ тухайгаа бидэнд ярихгүй юу?

Биднийг энэ шалгаруулалтанд спорт хувцасны загвар гарган оролцооч ээ гэсэн санал ирсний дагуу манай хамт олон маш шаргуу ажилласан. Гэхдээ тэд биднийг ёслолын хувцасны загвар гаргахад оролцуулаагүй бөгөөд яагаад гэдгийг нь асуухад "Шалгарчихсан" гэсэн хариу өгсөн. Тухайн үед би Парис явах төлөвлөгөөтэй, ажил ихтэй байсан учраас өөрийнхөө ажилд төвлөрөөд таарсан л даа. Ёслолын хувцасны шалгаруулалт шударга болоогүй гэдгийг надаас гадна оролцсон бусад загвар зохион бүтээгчид ч хүлээн зөвшөөрөх байх. Би зөвхөн спорт хувцасны загварыг биш, ёслолын хувцасны загвартай нь хамт хийнэ гэдэг саналаа хэлсэн. Яагаад гэвэл энэ чинь нэг утга, агуулгатай хийгдэх ёстой шүү дээ. 

Та одоо гарчихсан байгаа загварыг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

Хувцасны шар өнгө алтан медалийг бэлгэдсэн учиртай өнгө юм билээ. Анх Н.Түвшинбаяр аварга алтан медаль авахад ийм шар өнгийн ёслолын хувцастай байсан учраас энэ удаагийн Олимпийн наадамд оролцож буй тамирчдын хувцсанд  мөн шар өнгийг сонгох сонирхолтой байгаа юм билээ. Тэгэхдээ ингэж туйлшрахгүйгээр, өөрөөр хийж болно гэж бодож байна. 

 

Дизайнерууд Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцасны талаар ярьж байна (фото 4)

 

 

 

Шилмэл загвар компаний загвар зохион бүтээгч Д.Өнөболор

 

 

 

 

Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг хийх үйл ажиллагаа хэрхэн явагдсан талаар та бидэнд ярьж өгөхгүй юу?

Нийт таван дизайнер /Ариунаа Сүри, Цэлмэг, Үнэнбат, Ариундэлгэр, Өнөболор/оролцсон энэ шалгаруулалт нь өнгөрсөн хавар, Цагаан сарын баярын дараа болсон. Дизайнер бүр ёслолын болон спорт хувцсанд зориулж тус бүр хоёроос дээш төрхтэй загвар гаргах ёстой байсан. Шалгаруулалт ерөнхийдөө хэд, хэдэн үе шаттай явагдсан бөгөөд үйл явц нь МҮОНТВ-р цуврал нэвтрүүлэг болж гарсан байгаа. 

Ийм шалгаруулалт явагдсан тухай олонх загвар зохион бүтээгч мэдээгүй байсан. Таны хувьд анх яаж мэдсэн бэ?

Бид сүүлийн хоёр Олимпийн наадамд Монгол улсын шигшээ багийн тамирчид өмсөх хувцасны загвар дээр ажилласан. Тийм болохоор энэ удаад урьдчилан бэлдэж байгаад оролцсон.

Энэ удаагийн хувцаснуудаа хийхдээ хамгийн гол нь юун дээр анхаарч ажилласан бэ?

Өмнө нь тухайн загварыг хийх газрыг сонгоод хийлгэдэг байсан. Энэ Рио де Жанейрогийн Олимпод оролцох тамирчдын хувцасны хувьд үндэсний хэв маягийг илтгэсэн байх хэрэгтэй гэж үзээд МҮОХ-ноос загвар зохион бүтээгчдийн дунд сонгон шалгаруулалт зарласан. Анх удаа болсон энэ шалгаруулалт өөрөө тодорхой хэдэн өгөгдөлтэй байсан л даа. Үүнд үндэсний хээ угалз орох, төрийн далбааны гурван өнгөний аль нэг орох, ёслолын хувцасны хувьд классик загварыг хадгалах, малгай, алчуур зэрэг иж бүрдэл төрх бүрдүүлэлттэй байна гэж зааж өгсөн. Тиймээс би зуун хувь өөрийнхөө санаагаар хийгээгүй л дээ. Хэд, хэдэн үндэсний элемэнт илэрхийлсэн загвар хувилбар гаргаж өгсөн. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Үндэсний Олимпийн хороо, Спорт холбоодын дарга нар, Спорт хөгжлийн төв, Эрүүл мэнд, Спортын яамны сайд, Олимпийн алтан медальтай тамирчид, Урлах Эрдэм дээд сургуулийн захирал Э.Энхчимэг гээд нэлээн олон хүн оролцсон. Эдгээр хүмүүс маань миний анхны загварыг нэмж хөгжүүлэх саналуудаа хэлж байсан. Миний хувьд өмнө нь Олимпод оролцсон туршлагатай тамирчдын саналыг загвартаа нэлээн тусгахыг хичээсэн.

Өнгө, материалын хувьд тодруулж асууя. Монголчууд 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд шар өнгийн хувцастай явсан ба тэгэхэд анхны алтан медалиа авсан учраас энэ өнгийг их чухалчилсан гэж сонслоо. Та хэрхэн сонгосон бэ?

Ер нь бол усан цэнхэр, цагаан болон энэ сонгогдсон байгаа шар өнгө зэрэг нэлээн хэдэн уусалттай өнгөний хувилбарууд өгсөн. Тиймээс загвар нь нэг хэрнээ өнгө нь өөр, өөр хувилбартай гарсан ба өнгөний эцсийн сонголтыг МҮОХ ба шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулсан. Тэд шар өнгөний бэлгэдэл талаас нь их ач холбогдол өгч байсан. Сүүлийн Олимпийн наадмуудад ч манай баг тамирчид бас ийм шар өнгийн хувцас өмссөн байгаа.

Материалын хувьд сонголтыг би өөрөө хийсэн. Рио де Жанеро хотод наймдугаар сар өвлийн улиралд тооцогдох ч гэлээ +22 хэмээс дээш халуун байх болно. Тийм учраас тааран материал илүү зохимжтой. Шалгаруулалтын явцад би Н.Түвшинбаяр аварга, Э.Бадар-Ууган гавьяат зэрэг олон тамирчдаас нэлээн их санал авсан.  Тэд Олимпийн нээлтийн өмнө олон цагаар хүлээж зогсдог тул хөлрөөд хэцүү байдаг гэдгийг онцолж байсан. Бээжингийн Олимпийн наадамд гэхэд нелон орсон материалтай хувцастай байсан тул маш их хөлөргөж, нойтон оргиулж байсан гэсэн. Хувцасны материалын хувьд хүний хэрэглээнд зөв байх ёстой байдаг. Зөвхөн гоё хувцас өмсөнө гээд тамирчид хөлрөөд, тавгүй байдалтай наадмаа эхлүүлбэл тэдний амжилтанд нөлөөлөх ч юм гарч болно.

Та мэдээж олон нийтийн зүгээс ирж байгаа шүүмжлэлийг харсан байх. Үүн дотор тааран материал тамирчдын биед сайн суухгүй байна, ёслолын хувцсанд тохиромжгүй байна гэсэн сэтгэгдлүүд бий. Ер нь олон нийтийн зүгээс ирж байгаа шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

Би үүнийг эмзэглэж хүлээж авахгүй байгаа. Учир нь бүх хүнд 100 хувь таалагдах зүйл гэж байхгүй. Тамирчид бол загвар өмсөгч биш. Өөр орны тамирчдын хувцсыг моделиудад өмсгөөд, студид зураг авчихсан байхад үүнийг манайхан монгол тамирчдынхаа энгийн амьдрал дээр авсан зурагтай харьцуулж дүгнэлт өгсөн байгаа нь зохимжгүй санагдсан.

Тамирчид маань хувцсаа хүлээж авсныхаа дараа өөрсдөө сэтгэл хангалуун байгаагаа  надад илэрхийлсэн. "Бразилд өмсөхөд тохиромжтой юм байна" гэх зэргээр маш олон гоё сэтгэгдэл хэлсэн. Олимпийн наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны тэргүүлэгч нь Ерөнхий сайд байдаг. Хамгийн сүүлийн шатанд Ерөнхий сайдад танилцуулж батлагдсан загвар. Тийм учраас нэлээн олон шат дамжлагатай болсон энэ шалгаруулалт тийм ч амар байгаагүй. Өрсөлдөгч нар ч сайн дизайнерууд байсан.

Мөн БНХАУ-ын баг тамирчдын хувцастай адилхан байна гээд хоёр орны тамирчдын зургийг харьцуулаад гаргасан байгаа. Энэ тал дээр та ямар мэдэгдэл хийх вэ?

Энэ бол тохиолдлын зүйл байх. Түүнээс биш ямар ч хамаарал байхгүй. Манай шалгаруулалтын загвар хоёрдугаар сард батлагдсан. Тэр үед БНХАУ-ын тамирчдын хувцас гараагүй байсан. Испани болон Африкийн олон орон улаан, шар өнгөтэй хувцас гаргасан байсан. Улс орнууд Олимпийн наадмын хувцсандаа төрийн далбаанд орсон өнгө оруулахыг их эрмэлздэг. Би сүүлийн арваад жил энэ салбарт юу өрнөж байгааг харж байгаа. Төрийн далбааны өнгөнөөс үүдээд улаан, шар, цэнхэр өнгийн хувцас бусад орны тамирчдын хувцсанд давтагдахгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Үүнийг хүмүүс бас ойлгох хэрэгтэй байх. Олон нийтийн зүгээс ирж байгаа сэтгэгдэлд мэргэжлийн хүмүүсийн бодол бараг байхгүй байна лээ.

 

 

цааш үзэх