Хайх

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу?

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу?

Text: Т.Номин-Эрдэнэ


Үнэндээ би Европ руу аялж үзэхээсээ өмнө хуучны байшин барилгуудыг нэг их ойшоодоггүй байлаа. Зун хөдөө хээр аялахдаа эртний сүм хийдийн туурь балгас, түүхэн барилга, хөшөө дурсгалуудыг үзэж сонирхдог ч төдийлөн үнэ цэнийг нь ухаардаггүй байв. Харин Парисын гудмаар өдөржин зугаалсан тэр орой би өөрийн эрхгүй “хүн төрөлхтөн ийм хотод яаж дурлахгүй байх юм бэ” гэж уулга алдсан. Баян тансаг, алдар суутай болохоор нь тэгсэн юм биш шүү. Хэдэн зуу, мянган жилийн настай, уйтгартай (зарим жуулчдын хэлдгээр) хуучин, намхан байшингууд, нарийн давчуу гудамжнуудаас нь л болсон хэрэг. Учир нь байшин бүр нь хүн төрөлхтний түүхийг өгүүлж, гудамж бүрд нь урлаг амилсан байсан. Хожим би шил толь болсон цэл залуухан хотуудаар цөөнгүй аялсан ч гял цал гэрлэн чимэглэлтэй, тэнгэр баганадсан тэдгээр барилгууд өнөөх хөгшин байшингуудын чинээнд хүрээгүй. Яагаад гэвэл яг одоо саран дээр хот байгуулах тухай мөрөөдөж буй хүн төрөлхтөнд тэдгээр шиг бишрэм сайхан барилгуудыг хэдхэн өдрийн дотор босгох нь алга урвуулахын төдийд хийх амар ажил. Харин хүн төрөлхтөн юу ч үгүй байхдаа нүцгэн гараараа босгосон барилга, хот гэдэг тэс өөр хэрэг. “Яаж ийм зүйлийг бүтээдэг байна аа...” гэж уулга алдмаар гайхалтай. Боломжтойг бишрэх, боломжгүйг шүтэх хоёрын ялгаа энэ. Ийм мэдрэмж авсны дараа “хэдэн зуу, мянган жил насалчихсан эдгээр барилга байшин, хөшөө дурсгалууд бүү гандаж муудаасай, хүмүүс битгий эвдэж сүйтгээсэй” гэж чин сэтгэлээсээ дотроо залбирдаг юм билээ.


Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 1)
Парис
Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 2)
Парисын Сена голын эрэг

АСУУЛТ?

АСУУЛТ?

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 3)

Хэдэн жилийн өмнө буюу байгалийн түүхийн музейг нурааснаас хойш бид “энэ байшин соёлын өв үү, эсвэл хуучирч муудсан барилга уу?” гэдэг асуултад нэгдмэл хариулт олж чадалгүй хоёр хуваагдах болсон. Нэг талаас, ашиглалтын хугацаа нь дуусаж нурах аюулд орсон барилгуудыг буулгаж, цоо шинэ орчин үеийн барилга барья гэж буй төр засгийн зөв ч юм шиг. Нөгөө талаас, түүх дурсгалын гэрч болсон хуучны барилгуудаа засаж шинэчлээд тэр чигт нь үлдээх ёстой гэх эрдэмтэн судлаачдын зөв ч юм шиг. Энэ дунд залуучуудын үзэл бодол хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг хашигдаж, өөр хоорондоо зөв буруу гэж мэтгэлцсээр өдий хүрлээ. Тиймээс энэ мэтгэлцээнийг нэг тийш болгоход хувь нэмэр оруулах зорилгоор бяцхан эрэл хайгуул хийсэн нийтлэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж буй минь энэ. Мэдээж хуучны гэх тодотголтой байшин барилга бүр соёлын өв болохгүй. Туулсан түүх, бүтээсэн шийдэл зэргээсээ хамаарч, нарийн шалгуураар соёлын өв болох эсэх нь тогтоогддог. Тэгвэл яг ямар шалгуур үзүүлэлт дээрх зааг ялгааг тогтоож, маргааныг эцэслэх вэ?


АНГИЛАЛ БА ЯЛГАА

Суурь ойлголтыг товчхон сөхвөл, соёлын өвийг биет ба биет бус гэж хоёр ангилдаг бөгөөд биет соёлын өвийн нэг хэсэг нь дурсгалт барилгууд юм. Дурсгалт барилга гэж ерөнхийлөн авч үздэг ч архитектурын дурсгалт, түүхэн дурсгалт барилга гэж хоёр ангилдаг. Урлаг, уран сайхны үнэ цэнтэй, тухайн цаг үе, соёлыг төлөөлж чадах, орон зайн төлөвлөлттэй, соёлын ач холбогдолтой барилгыг архитектурын дурсгал гэдэг. Архитектурын дурсгалд албан ёсоор XVI-XIX зууны хооронд баригдсан сүм дуганы барилгууд ордог аж. Харин барилгын хийц нь төдийлөн уран нарийн биш ч улс орны томоохон түүхэн үйл явдлыг гэрчлэх, цаг хугацаа, түүх дурсгал, шинжлэх ухааны ач холбогдолтой иргэний болон олон нийтийн, төрийн өмчийн байгууламжийг түүхэн дурсгалт барилга гэдэг байна. Манай улсад ийм албан заалтууд байдаг бол гадаадын зарим улсад, тухайлбал Мексикт 1522-1900 оны бүх барилга, Польшид 1939 оноос өмнөх, Англид 1700 оноос өмнөх бүх барилга, 1700-1870 оны дурсгалт барилга, 1870-1914 оны нэрт архитекторуудын уран бүтээлийг тус тус хамгаалалтад авсан байх жишээтэй. Харин манайд он цагийн хувьд 1924 оноос өмнө баригдсан дурсгалт барилга байгууламжийг хамруулна гэж заасан байдаг. Улаанбаатар хотын ой санамж болсон түүх соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн сан буюу www.ubheritage.mn сайтаас нарийн жагсаалтыг мэдэх боломжтой.

Версалийн ордон

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 4)
1683 он 
Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 5)
2023 он

Мехико хотын Метрополитан сүм

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 6)
1813 он
Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 7)
2023 он

ШИЙДЭЛ

Соёлын өвд хамаарах эсэх нь тогтоогдсоны дараа ямар арга хэмжээ авах нь бас нарийн учиртай байдаг. Үнэ цэн нь батлагдсан хуучин барилга байшингуудыг тэр чигээр нь хадгалан үлдэх, сэргээн засварлах, сэргээн босгох гэсэн гурван арга бий. Сэргээн засварлах гэдэг бол түүх, соёлын үнэ цэн, ач холбогдлыг бататган, урлаг, уран сайхны шинж төрхийг алдагдуулахгүйгээр анхны төрх байдлаар нь засварлаж, хийцийг нь бэхжүүлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэлдэг. Гэхдээ үүнийг бодит эх сурвалж, хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан хийнэ. Хэрвээ нотлох баримтгүй бол байгаагаар нь хадгалан үлдэх зарчимтай. Харин сэргээн босгох гэдэг нь байгалийн гамшиг, дайн, терроризмоор сүйрч устгагдсан барилгыг шинэ материал ашиглаж, баримт, гэрч нотолгоог үндэслэн анхных шиг нь сэргээн босгохыг хэлнэ. Хэвийн үйл ажиллагаа явуулж байхад нь хуучирсан нэрийдлээр нураагаад дахиж баривал үнэ цэн нь алдагдах аюултай. Мөн түүхэн дурсгалт барилгыг сэргээж шинэчлэхийн тулд гадна харагдах байдлыг нь хэвээр үлдээж, доторх зориулалтыг өөрчлөн ашиглах өөр нэг арга байдаг.


ОЛОН УЛСЫН СОНИРХОЛТОЙ ЖИШЭЭ

Соёлын өв үү, хуучирч муудсан барилга уу? (фото 8)

1. Дурсгалт барилгыг хүрээлэн буй орчин, харагдах орон зайтай нь хамт хамгаалах ёстой гэж хуульд заасан байдаг ч хүн амын хэт төвлөрөл, эмх замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэж олон түүхэн дурсгалт барилгуудын гадаах орчин эзлэгдэж, халхлагдсаар байна. Ийм тохиолдолд мэргэжлийн багийн судалгаан дээр үндэслэж өөр газар руу зөөвөрлөж болдог. Япон улс хуучин дурсгалт барилгуудаа зөөж, нэг дор цуглуулаад “Мэйжи тосгон” гэдэг архитектурын ил музей байгуулсан байдаг аж.

2. Итали, Франц тэргүүтэй дэлхийн цөөнгүй оронд цэцэрлэгийн наснаас нь эхэлж ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн түвшинд шат дараатайгаар музей, дуурь, балет, драмын жүжиг үзүүлэх хөтөлбөрийг боловсролын системдээ нэвтрүүлсэн байдаг. Өнгөц харахад балчир хүүхдүүд музей үзэх нь учир дутагдалтай мэт боловч хүүхэд 4-6 насандаа харсан зүйлээ мартдаггүй, маш сайн тогтоож үлддэг учиртай. Ингэж багаас нь их хотын соёлд сургаж, түүхэн дурсгалт үнэт зүйлсдээ өөриймсөг хандах хандлагыг суулгаж өгдөг байна.

3. Соёлын үнэт өв боловч хоосорч, ашиглахаа больсон барилгууд хамгийн түрүүнд устаж үгүй болох эрсдэлд унадаг. Тиймээс үндсэн хэв загварыг нь хөндөхгүйгээр ямар нэг байдлаар ашиглах арга олох нь маш чухал. Багахан сэргээн засварлаад жуулчдад үзүүлэх зэргээр ашиглаж л байвал хадгалагдсаар байх болно.


"Бид хэн бэ, бид юу бүтээсэн бэ?”

гэдгийг гэрчлэх түүхийн баримт бол соёлын өв юм. Монголчуудын өмч гэж бодож явсан нэг барилга нэжгээд зууны түүх өгүүлээд ирэхээрээ дан ганц биднийх бус хүн төрөлхтний өв болдог. Тиймээс гаднаа хуучирч муудсан хэдий ч дотор нь түүх амилсан тэрхүү барилгуудыг хадгалж хамгаалах нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн бидний үүрэг билээ. Хилийн цэргүүд дархан хилээ хамгаалдаг шиг, эмч нар хүн амынхаа эрүүл энхийн манаанд зогсдог шиг, нийтийн амар амгалангийн төлөө цагдаа үүргээ биелүүлдэг шиг залуучууд бид ч энгийн байдлаар эх орныхоо тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулж болно. Энэ бол соёлын өвийн үнэ цэнийг ухаарч, түүнийг хайрлан хамгаалах явдал юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх