Хайх

Бритни Спирс олон нийтэд хандан видео зурвас нийтэллээ

Бритни Спирс олон нийтэд хандан видео зурвас нийтэллээ

Дуучин бүсгүй хувийн орон зай өгөхийг хүсэж, хэвлэлийнхний бичиж байгаа зүйлсэд итгэхгүй байхыг уриаллаа

Text: Buro.Mongolia


Дуучин Бритни Спирс сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлснийхээ дараа анх удаа шүтэн бишрэгчиддээ хандан богино хэмжээний видео хийж албан ёсны Instagram хуудастаа нийтэлсэн байна. Тэрээр өөрийн эрүүл мэндийн байдлынхаа талаар мэдээлэл өгч, хэвлэлийнхний бичиж буй бүх зүйлсэд итгэхгүй байхыг уриалжээ.

"Би та бүхэнд 'сайн уу?' гэж хэлэхийг хүслээ. Учир нь одоо хүмүүсийн хэлж буй бүх зүйл хяналтаас гараад байна. Гайхалтай! Янз бүрийн цуурхлууд тархаж, миний гэр бүл болон багийн гишүүдэд маань сүрдүүлэг болон бусад солиотой зүйлс ирсээр байгаа. Би одоогоор өөртөө цаг зав гаргахыг хүсэж байгаа ч үүссэн нөхцөл байдал миний амьдралыг улам бүр хүндрэлтэй болгож байна. Миний талаар бичсэн, сонссон бүх зүйлдээ итгэх хэрэггүй. Энэ хаа сайгүй тархаад байгаа хуурамч цахим шуудангуудыг олон жилийн өмнө Сэм Лютфи (Бритни Спирсийн хуучин менежер) зохиосон юм. Тэрээр миний өмнөөс дүр эсгэж багийн маань гишүүдтэй хуурамч цахим шуудангийн хаягаар харилцаж байсан. Миний нөхцөл байдал онцгой ч би шаардлагатай бүх зүйлийг хийнэ гэдгээ амлаж байна. Та бүхэн үүнийг мэдэхгүй байж болох ч, би маш хүчтэй. Бас би хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж чадна. Та бүхний энэ их хайр, хүндлэл үнэхээр гайхалтай. Гэхдээ яг одоо миний зам дээр тулгараад байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд надад бага зэрэг хувийн орон зай хэрэгтэй байна. Та бүхэн надад үүнийг өгч чадвал би маш их талархах болно. Хайртай шүү" хэмээн Бритни Спирс бичжээ.

Дуучин бүсгүй дөрөвдүгээр сарын эхээр эмчилгээ хийлгэж байгаа нь тодорхой болсон юм. Тодруулбал Бритни Спирсийн аав Жеймс Спирс хүнд өвчин тусаж, хоёр ч ходоодны мэс засал хийлгэснээс болж поп одын сэтгэл санааны байдал тогтворгүй болсон байна.

 

 

 

цааш үзэх