Хайх

Дэниел Крейг Холливүүдийн \"Алдрын гудамж\"-д өөрийн нэрэмжит одтой болно

Дэниел Крейг Холливүүдийн "Алдрын гудамж"-д өөрийн нэрэмжит одтой болно

Тэрээр 2704 дэх таван хошууны эзнээр тодорлоо

Text: Buro.Mongolia


Дэлхий даяар Жеймс Бондын дүрээрээ алдаршсан жүжигчин Дэниел Крейг Холливүүдийн “Алдрын гудамж”-д өөрийн нэрэмжит одтой болохоор болсныг The Hollywood Walk of Fame албан ёсны вебсайт мэдээллэсэн байна.

Од хүлээн авах ёслол аравдугаар сарын 6-нд болж өнгөрөх бөгөөд тус арга хэмжээг шууд дамжуулан хүргэх болно. Өдгөө 53 настай нэрт жүжигчний од Холливүүдийн өргөн чөлөөнд байрлах 7007 тоот байшин болон өмнө нь Жеймс Бондын дүрийг бүтээж байсан жүжигчин Рожер Мурын одтой ойролцоо байрлах юм. 


"Дэниел Крейг ба түүний баатар Жеймс Бонд нар бол Их Британийн соёлын төлөөлөл болсон хүмүүс билээ. Крейгийн одыг ‘Алдрын гудамж’-д суурилуулж байгаадаа бид их баяртай байна" хэмээн тус гудамжны продюсер Ана Мартинес хэлжээ.

Эргэн сануулахад, Крейг Их Британийн тагнуул 007 буюу Жеймс Бондын сэдэвтэй франчайз киноны “Casino Royale”, “Quantum of Solace”, “Skyfall”, “Spectre”, “No Time to Die” зэрэг таван ангид дүр бүтээсэн билээ. Харамсалтай нь, хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “No Time to Die” кино нь Дэниел Крейгийн хувьд Жеймс Бондын дүрийг бүтээх сүүлийн кино нь байсан юм.

Сонирхуулахад, өмнө нь Дэниел Крейг Жеймс Бондын адил Их Британийн Хааны Тэнгисийн цэргийн флотын хүндэт командлагч цол хүртсэн удаатай билээ. "Командлагч Крейг хүндэт офицероор томилогдсон нь түүний Их Британийн цэргийнхэнд үзүүлсэн дэмжлэгийг илэрхийлсэн" хэмээн Тэнгисийн цэргийн флотын хэвлэлийн алба мэдэгдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх