Хайх

Tyler, The Creator оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо

Tyler, The Creator оны шилдэг уран бүтээлчээр тодорлоо

"Мөнгө хэдий хүчтэй ч хэзээ ч миний уран бүтээл хийх шалтгаан болж байсангүй"

Text: Buro.Mongolia


Wall Street Journal сэтгүүл 2019 оны хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчээр Tyler, The Creator-ийг нэрлэлээ. Сонирхуулахад WSJ сэтгүүл "Music Innovator" өргөмжлөлийг уран бүтээлчийн үзүүлж буй нөлөө, туурвисан бүтээл дээр үндэслэн гардуулдаг байна. Рэппер Tyler, The Creator зургаадугаар сард IGOR хэмээх цомгоо танилцуулж, түүний дараагаар GOLF le FLEUR* брэндийн нэр дор Converse, Lacoste нартай хамтарсан цуглуулгыг гаргасан юм. Түүнчлэн тэрээр цомгийнхоо хэд хэдэн дуунд зориулан нэгэн хэв маягтай атлаа маш бүтээлч уур амьсгалтай клипүүдийг цацсаар байгаа билээ. Хөгжмийн салбарын шилдгээр тодорсон тэрээр Wall Street Journal сэтгүүлийн шинэ дугаарын зураг авалтад орсон бөгөөд зураг авалтын найруулагчаар Garage сэтгүүлийн арт директор Габриелла Карефа ажиллаж, гэрэл зургуудыг Кэмпбелл Эдди дарсан байна.

"Мөнгө хэдий хүчтэй ч хэзээ ч миний уран бүтээл хийх шалтгаан болж байсангүй. Зарим хүмүүсийн хувьд сайхан байшин аль эсвэл өөр нэг зүйлийг зорилгоо болгон түүний төлөө шаргуу хөдөлмөрлөж, эцэст нь зорилгоо биелүүлчхээд шууд л амарч эхэлдэг. Харин миний хувьд дуу хөгжим бол миний зорилго. Хөгжмөөс авдаг мэдрэмжийг хаа нэгтэйгээс худалдаж авах боломжгүй. Миний мэдрэхийг хүсдэг бүхэн дуу хөгжимд бий" хэмээн Tyler, The Creator уран бүтээл туурвих эрч хүч, урам зоригоо хаанаас авдаг тухайгаа WSJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

"Jay-Z, Фаррелл Уильямс, Канье Уэст нар намайг хүндэлдэг байхад яагаад тэдний шүтэн бишрэгчид миний уран бүтээлийг ойшоодоггүй юм бол? Хэрэв би олон нийтийн сүлжээнд алиа хошин нэгэн байхаа боливол тэд миний авьяаст анхаарлаа хандуулах байх. 2011 онд гаргаж байсан Goblin цомог амжилт олоогүй ч түүнийг хийсэндээ хэзээ ч харамсахгүй. Харин ч 42 насандаа их амжилтад хүрсний дараа ‘19 настай хүү үүнийг хийсэн шүү дээ' хэмээн бахархах болно" гэж тэрээр бүтээлүүдээ улам чанартай болж байгааг илэрхийлээд амжлаа.

 

цааш үзэх