Хайх

Louis Vuitton, намар-өвөл 2022: Виржил Аблогийн урласан сүүлийн цуглуулга

Louis Vuitton, намар-өвөл 2022: Виржил Аблогийн урласан сүүлийн цуглуулга

Загварын шоуны жижиг деталь бүр нь Виржилийн дурсгалд зориулагджээ

Text: Buro.Mongolia


Off-White брэндээ маш амжилттайгаар авч явж, Louis Vuitton загварын ордны эрэгтэй хувцасны бүтээлч захирлаар мөн л амжилтаар дүүрэн ажиллаж өөрийн онцгой мэдрэмжээ олонд түгээж байсан суут дизайнер Виржил Абло 2021 онд таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Виржил Аблогийн гэр бүл, найз, нөхөд нь түүнийг амьдралд хайртай, гэгээлэг, мятаршгүй эерэг хэмээн дурсан санадаг. Тэгвэл дизайнерын урласан сүүлийн цуглуулгаас яг л тэдгээр шинж чанар нь мэдрэгдэж байв. Түүнчлэн Виржил загваруудаараа дамжуулан үзэл бодлоо маш тодорхой илэрхийлдэг нэгэн байсан бөгөөд тус цуглуулгадаа oversize силуэттэй, үнэт чулуугаар чимэглэсэн, аристократ хэв маягтай хослолыг streetwear загваруудтай хослуулснаар загвар хил, хязгааргүй гэдгийг харуулжээ. Ер нь л Виржил Louis Vuitton ордонд ажиллахдаа цуглуулга бүрээ энэхүү үзэл бодолдоо хөтлөгдөн бүтээж, бүгдэд хүртээмжтэй загваруудыг урлаж брэндийн хэв маягийг орвонгоор нь эргүүлсэн билээ. Үүнээс гадна тус цуглуулга нь төгс тейлор хийц, эрэгтэй юбка, oversize силуэттэй шуб, спорт хослол, арт хээнүүд, монограм хээтэй чемодан, цүнх, өнгөлөг пүүз гээд Аблогийн Louis Vuitton-ын бүтээлч захирлын албыг хашиж байх хугацаанд туурвисан бүхий л дахин давтагдашгүй загваруудыг агуулжээ.

Загварын шоуны дотоод заслыг аварга том буйдан, байшингийн дээвэр, шат зэргээр тохижуулан, акробатчины үзүүлбэрээр баяжуулж түүний өмнөх цуглуулгын хэв маягтай холбожээ. Моделиуд Tyler the Creator-ын Аблод зориулан бичсэн найрал хөгжмийн аянд алхсан нь зочдын сэтгэлийг улам хөдөлгөсөн юм. Түүнчлэн Виржилийн гэгээн дурсгалд зориулан streetwear хэв маягтай сахиусан тэнгэрийн төрхийг бүрдүүлсэн моделиуд загварын шоуг хааж, хамгийн сүүлд Louis Vuitton-ы эрэгтэй хувцасны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч Tyler the Creator-ын “See You Again” дуун дээр мэндчилжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх