Хайх

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд

Text: Buro.Mongolia


Нью-Йоркийн загварын долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Үйл явдлаас дүгнэхэд, сүүлийн жилүүдэд эрэлтээрээ тэргүүлж яваа өвөрмөц шийдлийн эсгүүр болон зоригтой хайчилбарууд ирэх улирлуудад мөн адил давамгайлах хандлагатай байна.


ASHLYN брэндийн хөвсгөр мөртэй пиджакууд

ASHLYN брэндийг үүсгэн байгуулахаасаа өмнө Солонгос гаралтай Эшлин Пак Японы алдарт загвар зохион бүтээгч Йожи Ямамотогийн удирдлага дор эсгүүрийн зохион бүтээгчээр ажиллаж байжээ. Түүнчлэн тэрээр Alexander Wang, Calvin Klein зэрэг томоохон брэндүүдийн шинэ цуглуулгуудын эсгүүрийг хариуцан ажиллаж байсан бөгөөд 2019 онд өөрийн брэндийг үүсгэн байгуулж, загварын салбарт нэрээ таниулж эхэлсэн байна. Загварын редакторуудын онцолж буйгаар Эшлин дизайнер Чарльз Жеймсийн хөвсгөр мөртэй загваруудаас урам зориг авч шинэ цуглуулгадаа зориулж зүрхний хэлбэр санагдуулам хөвсгөр мөр урлажээ. Энэхүү шийдэл нь классик загварын хослолд шинэлэг мэдрэмж оруулж чадсан юм. 

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 1)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 2)

Gabriela Hearst-ийн дэгжин цувнууд

Дизайнер Габриэла Херст нэг жилийн дотор Chloé ордны дөрвөн цуглуулга, мөн өөрийн үүсгэсэн Gabriela Hearst брэндийн дөрвөн цуглуулга гээд багадаа найман шинэ цуглуулга дээр ажилладаг. Гэсэн ч улирлаас улиралд нэг л төрлийн силуэт болон өөрийн дуртай үндсэн хэдэн материалдаа үнэнч байдаг түүний цуглуулга бүр загварын долоо хоногийн хамгийн онцлох мөчүүдийн нэг болж чаддаг билээ. Габриэла Херст энэ удаад ч мөн адил арьсан цув, нэхмэл даашинз, минимал дизайнтай хослол зэрэг загваруудаас бүрдсэн тансаг бөгөөд тав тухтай цуглуулгыг танилцууллаа. Шинэ цуглуулгад мөн хамба хилэн материалтай цув, үнэт металлаар чимсэн борооны цув зэрэг багтжээ. 

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 3)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 4)

Украины BEVZA брэндийн загасны хайрс мэт загварууд

Брэндийн үндэслэгч Светлана Бевзагийн цуглуулгууд үргэлж тайван өнгө аястай, шулуун силуэт бүхий загваруудаас бүрддэг. Мөн дизайнер энэ удаад тогтвортой хөгжлийг эрхэмлэн цуглуулгаа туурвихдаа дахин боловсруулагдсан оёдлын утас, хуванцар сав зэргийг ашигласан байна. Харин түүний намар-өвөл 2022 улирлын хамгийн их харц булаасан загварууд нь загасны хайрсыг санагдуулам дизайнтай торгон даашинз болон богино топ байлаа. Эдгээр загваруудаа Светлана бусад хувцаснуудын үлдэгдэл даавуунуудаар хийсэн нь олны анхаарлыг татсан юм. 

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 5)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 6)

Khaite брэндийн сул загварын куртканууд

Khaite анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш цуглуулгууддаа түлхүү арьсан материал ашигласаар ирсэн билээ. Загвар зохион бүтээгч Кэтрин Гольдштейн намар-өвөл улиралд зориулж сул загвартай, биед эвтэйхэн арьсан куртканууд танилцуулсан байна. Тайзнаа алхсан моделиуд богинохон юбка, мини даашинз, металлик өргөн өмднүүдээр төрхөө загварчилсан нь цуглуулгыг илүү амьд болгож чадсан юм. 

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 7)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 8)

Peter Do брэндийн ороолт болон хантаазны хослол

Дизайнер Питер До шинэ цуглуулгаа “Foundation” гэж нэрлэжээ. Тэрээр цуглуулгаа бүтээхдээ саармаг, тайван өнгөнүүдийг сонгосон бөгөөд ингэснээр бүх анхаарал загваруудын нарийн хийцтэй эсгүүрт төвлөрчээ. Хуниастай урт юбка, oversize пальто, тейлор хийцтэй хантааз, пиджак, брюкэн өмдний “гурвал хослол” зэрэг нь шинэ цуглуулгыг тодорхойлсон юм. Харин цуглуулгад багтсан хонины ноос мэт харагдах том хэмжээтэй ороолт нь бусад дизайнеруудын цуглуулгуудаас ялгаруулж, загварынхны гоёх дуртай хувцасны элементээр тодрох нь ойлгомжтой байлаа.

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 9)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 10)

Dion Lee-ийн нэхмэл корсетууд

Сүүлийн жилүүдэд дизайнерууд корсетыг өдөр тутамдаа өмсөж болох энгийн хувцасны элементээр нэрлэж, хэн бүхний сонирхолд нийцэх загварууд санал болгосоор байна. Дизайнер Дион Ли мөн биеийн галбир тодотгосон загварлаг корсетуудыг намар-өвөл улирлын шинэ цуглуулгадаа багтаажээ. Тэрээр тав тух мэдрүүлэх корсетуудаа бүтээхдээ хонины ноос мэт хөвсгөр материал болон нэхмэл материал ашиглажээ. Корсет нь хүйтний улиралд дулаан байлгахаас гадна өөртөө итгэлтэй, загварлаг харагдуулах нь гарцаагүй. 

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 11)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 12)

Proenza Schouler брэндийн нэхмэл даашинзууд

Даашинзуудын нэхмэл материалтай дээд хэсэг нь галбир тодотгож өгөх бол хөвсгөр, даавуун материалтай хормой нь алхах үед зөөлөн сэвэлзэх болно. Урт ханцуй болон хоолойтой эдгээр даашинзууд хүйтний улиралд хамгийн зөв сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 13)
Нью-Йоркийн намар-өвөл 2022 загварын долоо хоногийн хамгийн шилдэг загварууд (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх