Парис 2027 хавар-зуны эрэгтэй загварын долоо хоногийн онцлох брэндүүд
Dior































































Dior брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсоны эрэгтэй коллекцууд яг л XVIII зууны романтист яруу найрагч цаг хугацаагаар аялан орчин цагийн runway тайзнаа алхан буй мэт мэдрэмж төрүүллээ. Урт хормой, нам бартаа, давхар эгнээтэй алтлаг хээтэй товч бүхий хүрэм, эрвээхэй зангиа, урт пажама зэрэг нь шүлэг тэрлэн буй залуу хөвгүүн мэт яруу мэдрэмж өгөх ч, нэвт гэрэлтсэн материал, алтлаг, мөнгөлөг өмднүүд, хүрмийн доод хэсгийн цацган унжлага, уранхай жийнс зэрэг нь орчин цагийн хэв шинжийг давхар өгүүлэх ажээ. Гэвч эдгээр хоёр хэв шинж нь хоорондоо тэмцэлдэхгүй, харин ч бие биеэ тодотгон зохицож, найраглаг хэр нь модерн байгаа нь уг цуглуулгын онцлог байлаа.
Celine





































































Парис 2027 хавар-зуны эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулагдсан Celine брэндийн цуглуулга дах загвар бүр нь өөрийн онцлог зан төрхийг өгүүлж, өөр хоорондоо уусан нэгдэхээсээ илүүтэй бие биесээсээ тодрон тэмцэлдэж буй мэт байлаа. Тиймээс зарим загвар нь толгойн сүржин гоёлтой, хүзүүний нүсэр алчууртай, шагай хэсгээрээ манжаат бүхий нэвсгэр дүүжин өмдтэй байхад, зарим загвар нь бариу өмд, өнгө дагасан майк бүхий энгийн өнгө аястай нь ч харагдана. Харин өнгөний тал дээр маш сонирхолтой тоглолт хийж, гүн тод өнгөнүүдээр загваруудынхаа үндсэн элементийг тодотгож буй нь Парисын гудамжаар сэлгүүцэх залуусын загварын олон хэв шинж төрхийг илэрхийлж буй мэт байлаа.
Louis Vuitton









































































“Энэхүү цуглуулга нь далайн давлагаа дээр гулгах дуртай dandy залуусын тухай” хэмээн Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Фарелл Уильямс өөрийн 2027 оны хавар-зуны эрэгтэй цуглуулгаа тодорхойлжээ. Тэр ч утгаараа энэхүү цуглуулга нь элдэв хүнд элементийг туршилгүй, хөдөлгөөнд саад учруулахгүй спорт өнгө төрхийг, өнгөт арьстнуудын данди хэв шинжтэй хослуулснаараа онцгойрч байв. Мөн далайн эргийн далдуу модны принт хээ, хэзээ мөдгүй давлагаа руу гүйх гэж буй мэт латекс материалтай бариу хослол, сёрфинг хавтан хажуудаа барьсан зэрэг нь цуглуулгыг улам сонирхолтой болгож байсан бөгөөд өнгөний хувьд тодорхой нэг хэмд баригдалгүй неон шар өнгө, завсрын өнгө, гүн улаан, гэрэлтсэн пастель өнгөнүүдийг чөлөөтэйгөөр сонгон ашиглажээ.
Saint Laurent







































Saint Laurent брэнд энэ удаагийн хавар-зуны эрэгтэй цуглуулгаа өөрсдийн сонгодог загвар болох өргөн мөртэй хүрмийг өндөр суудалтай, давхарласан хуниастай өмдтэй хослуулан гаргажээ. Өмдний өндөр суудал хүйс хүртэлх хэвлийн хэсгийг халхлах бөгөөд мөн хүрмээс гадна бариу гурвалжин энгэртэй цамц, хантааз, торгомсог сул загварын сорочка, тод спорт курткаг өмдний дотуур хийж өмссөн зэрэг олон сонирхолтой загварыг танилцууллаа. Өнгөний тухайд алтлаг, неон, гүн өнгөнүүдээр контраст үүсгэж байсан ч ерөнхий дүр зургаар хар болон завсрын өнгө голчилсон байв.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт