Хайх

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо?

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо?

Оригинал фэйшн хаана байна?

Text: Buro.Mongolia


Арван жилийн өмнөх загварын ертөнц ямар дүр төрхтэй байсан бэ? Энэ асуултад хариулснаар бид орчин үеийн загварын сул талыг ойлгох боломжтой. Яагаад гэвэл дизайнерууд бидэнд нэг бол гүнжийн даашинз сонгох, эсвэл Зөвлөлтийн дараах оросын гудамжны стилийн шинэчилсэн хувилбар л санал болгож байна

Одоо бодох нь ээ бид арван жилийн өмнө загварын ертөнцийг ид цэцэглэж яваа үе шатан дээр нь харж байсан юм байна.

Тэр үед YSL ордонд Стефано Пилати ирж, олон улирал дараалан хит болох маш амжилттай цуглуулгуудаа бүтээж эхэлсэн. Хүн бүр түүний талаар ярьж, бүгд түүний хувцсыг өмсөхийг хүсч байсан. Vogue-гийн загварын шүүмжлэгч Сара Мауэр тухайн үеийн хавар-зун 2006 цуглуулгын тоймыг ийнхүү эхлүүлж билээ: "Стефано Пилатигийн нөлөө загварын ертөнцөд хурдацтайгаар тархаж байна. Тэр хамгийн анхны хавар-зун 2005 цуглуулгаасаа эхлэн амжилт олж, олны хүндэтгэлийг хүртсэн. Дизайнерын анхны цуглуулгад багтсан бэлхүүс тодотгосон өргөн бүс ба алтанзул цэцгийн хормойтой юбка нь одоогийн загварын ертөнцийг тодорхойлж байна. Маш олон тооны эмэгтэйчүүд YSL-ийн хувцсыг сонгох болсон энэ үед Пилати улам хүчтэй болж, түүний ирээдүйн алхам бүр салбартаа нөлөө үзүүлэх боллоо".  Энэхүү шүүмжийг нийтлэгдсэнээс жилийн дараа дизайнер өөрийн алдарт хавар-зун 2008 улирлын "ододтой" цуглуулгыг Парисын Grand Palais-т танилцуулсан байдаг. Би тэрхүү шоуг эхний эгнээнээс үзэж суухдаа өөрийгөө загварын түүхэнд бичигдэх, үнэхээр гайхамшигтай үйл явдлын гэрч болж буйгаа ойлгож байсан юм. Үүний дараа Пилати бас нэгэн дутахааргүй амжилттай намар-өвөл 2008 цуглуулгыг дэлгэсэн. Тэрхүү шоу дээр алхсан загвар өмсөгчид хар нарны шилээр гоёж, геометрын дүрс мэт хурц өнцөгтэй үсний тайралттай байсан нь тухайн үед бас нэгэн давалгаа эхлүүлж байсан билээ.

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 1)Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 2)

Jil Sander загварын ордонд 2005 онд Раф Симонс хүрэлцэн ирж, брэндийн ДНХ-г үргэлжлүүлсэн төгс цуглуулгууд бүтээх болсон. Тэр брэндийн үүсгэн байгуулагч Жиль Зандерын гоо зүйн мэдрэмжийг хэнээс ч илүүтэйгээр ойлгож, минимал хэв маягтай хар-цагаан даавуун цамц ба юбканууд танилцуулж эхэлсэн. Дээр дурдсан тэр үеийн хамгийн нэр хүндтэй шүүмжлэгч Сара Мауэр Симонсыг ч бас тогтмол магтдаг байлаа. Түүний хэлснээр Жиль Зандерын герман маягтай цэмцгэр стилийг Раф ийм гүнзгий ойлгож чадсан нь үнэхээр ер бусын үзэгдэл аж. Jil Sander-т ирснээс жилийн дараа Раф Симонсын стиль өөрчлөгдөж эхэлсэн. Тэр загварууддаа тод өнгө болон спорт өнгө аяс нэмж, өөрийн алдарт цагаан футболкийг /цамц ба атлас материалтай хөвсгөр юбканыхаа хослол/ сэдсэн. Mэрхүү хослолыг жүжигчин Тильда Суинтон Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсэн дээр өмсөж, Рафын нэрийг дэлхий даяар алдаршуулж байлаа.

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 3)

Lanvin-ы шинэхэн бүтээлч захирлаар томилогдсон Альбер Эльбаз тухайн үед өөрийн чихэрлэг бас эмэгтэйлэг стилээ бүрэн дэлгэж чадсан. Цахилгаантай деталиуд, боловсруулаагүй хувцасны ирмэгүүд, тэгш бус хэмтэй хуниаснууд нь маш тансаг атлаа этгээд харагдаж, 25-75 насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихээр татдаг байлаа. Lanvin-д ирснээс хойш хоёр, гурван жилийн дараа Эльбазын стиль хаанаас нь ч харсан танигдахаар болж, тэр бүр өөрийн гэсэн "брэнд" өнгөнүүдтэй болж авсан. Хөх ягаан, час улаан, шаргал-бор болон нил ягаан өнгөнүүд тэр үед зөвхөн Эльбазыг л санагдуулдаг байлаа. Дараа нь, 2006 оны намрын цуглуулгаас эхлэн дизайнер алдарт том хэмжээтэй хуниаснуудаа нэвтрүүлсэн. Энэ аргачлал нь нэлээд хэдэн улирлын турш олныг гайхшруулж, шуугиан дэгдээсэн юм.

Харин Николя Гескьерийн хувьд гэвэл тэрбээр арван жилийн өмнө жинхэнэ утгаараа "Гескьер" байсан юм. Тэр өөрийн карьер дэх домогт цуглуулгаа 2006 оны намар-өвлийн улиралд зориулж бүтээсэн байдаг. Дизайнер тэрхүү цуглуулгад беби-долл даашинзууд, "хүр хорхойн үүр" хэлбэртэй пальто, хувцасны зах хүртэл үргэлжилсэн реглан ханцуй, бөөрөнхий захтай богино хүрэм, даашинзын бэлхүүс хэсэг дээр оёгддог цацаг гэх зэрэг Кристобаль Баленсиагагийн түүхэн хэлбэр дүрснүүдийг ашиглаж, орчин үеийн уур амьсгалтай супер загварууд болгон хувиргасан юм. Энэ цуглуулга түүний футуристик стилийн эхлэл болж өгсөн гэхэд хилсдэхгүй. Түүний бүтээлүүд тухайн үеийн загварын ертөнцөд цоо шинэ үзэгдэл болж, томоохон шуугиан дэгдээж байсныг би сайн санадаг. Тэр цуглуулгаас хойш Гескьерийн карьер эрчимтэй өсч, түүний нэр дэлхийн алдарт дизайнеруудын тоонд зүй ёсоор багтах болсон юм.

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 4)Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 5)

Арван жилийн өмнөх "алтан үе"-ийн бас нэгэн гайхамшигтай дизайнер Эди Слиман тэр үед Dior Homme-д ажиллаж, алдарт нарийхан өмд ба богино пиджакаа урладаг байлаа. Түүний бүтээлүүдийн ачаар эрчүүд нарийхан эсгүүртэй хувцас өмсдөг болсон гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. Харин Chloé-гийн бүтээлч захирлын суудлыг эзэлдэг байсан Фиби Файло тэр хооронд 2000-аад оны гол силуэт болох богинохон, хүүхэлдэйн даашинзыг сэдсэн юм.

Энэ бүх чадварлаг дизайнеруудын шоу дээр эльфтэй адилхан гэгддэг Жемма Уорд, рок төрхөөрөө алдаршсан Ирина Лазаряну, дөнгөж олны анхаарлыг хүртэж эхэлсэн Фрея Беха нар алхаж, хэн ч тэдний байр суурийг Кендалл Женнер гэх зэрэг олон нийтийн сүлжээний "од" бүсгүйчүүд эзлэнэ гэж таамаглаагүй байсан билээ.

Нэг ёсондоо тухайн үеийн уран бүтээлчид бүгд "оригинал" бүтээгдэхүүн гаргадаг байсан. Ихэнх брэндийн хамт олон ээлжит шоуныхаа ард гармагц "Бид сүүлд юу бүтээсэн билээ? Футуристик хэв маягийг туршиж үзсэн билүү? Харин одоо бид ямар чиглэл рүү алхах вэ? Бид ямар шинэлэг зүйл сэдэх вэ?" хэмээн ярилцаж суудаг байсныг бүтээлч захирлууд нь нэг биш удаа дурддаг байлаа.

Харин орчин үед брэндүүд өндөр мэдрэмжтэй стилистүүд ажилд авч, түүгээр "секонд-хэнд" дэлгүүрүүдээр судалгаа хийлгүүлж, дараагаар нь тэдгээр хуучин загваруудыг шинэлэг материалаар урлаж, хэд дахин үнэтэйгээр худалдаалж байгаа нь "оригинал" бүтээгдэхүүн мөн гэж үү?

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 6)

Орчин үед бидэнд юу байна вэ? Нэг өнцгөөс харвал сүүлийн хэдэн сарын турш хамгийн ихээр яригдаж буй Vetements-ийн Демна Гвасалия гэх дизайнер бий. Тэр бусад дизайнеруудаас огцом ялгарч, гудамжны стилийг дэлгэрүүлж, шинэ давалгаа үүсгэж байгаа ч энэ нь бас л "оригинал" санаа биш юм. Бүх зүйл ердөө л гоо зүйн мэдрэмжид оршиж байна. Гвасалия ердөө л Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах үеийн гудамжны орос стилийг дэлгэрүүлж байгаа. Тэр "муухай" гэх гоо зүйн үзэл бодлыг "сайхан" болгох гэж хичээж буй нэгэн өвөрмөц дизайнер юм.

Нөгөө өнцгөөс хараад үзвэл нийгмийн хүлээн зөвшөөрсөн уламжлалт гоо үзэсгэлэнг төлөөлж буй дизайнерууд бас бий. Энэ төрөлдөө хамгийн ихээр алдаршсан, орчин үеийн гүнжийн өмсгөл бүтээдэг Мария Грация Кьюрийг хүн бүр мэднэ байх. Тэрбээр саяхан Valentino-гоос гарч, Dior луу шилжсэн тул тун удахгүй гүнж гэхээсээ илүү цэцгэн бүсгүйчүүд бүтээх болно. Гэхдээ гүнж ба цэцгэн дагинын хооронд ялгаа байгаа гэж үү? Түүнчлэн Fendi брэндийн хамгийн сүүлийн кутюр шоу олны дунд жинхэнэ шуугиан үүсгэснийг бүгд анзаарсан байх. Үлгэрийн номоос сэдэвлэсэн гүнжийн хувцаснууд Ромын Треви усан оргилуурын фон дээр үнэхээр гайхамшигтай харагдаж байсанд маргах зүйл байхгүй ээ. Гэхдээ бас л дахин нэг удаа асуухад энэ нь шинэлэг зүйл мөн үү?

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 7)

Орчин үеийн загвар яаж яваад ийм уйтгартай бас урьдчилан таамаглахад хялбар болчихов оо? (фото 8)

Хэрвээ бидний өмнө өнөөдөр ийм л хоёр сонголт байгаа бол мэдээж хэрэг зөвлөлтийн үеийн загвар надад илүү ойр санагдаж байна. Ерөнхийдөө миний хувьд хүйсийн эрх тэгш байдал, хошигносон эсгүүр, этгээд элемент зэрэг нь аливаа гүнжийн дүр төрхөөс илүү ойр дотно байх болно. Зөвлөлтийн үеийн загвар бидэнд пүүз, малгайтай цамц, бэлтгэлийн өмд зэрэг биед эвтэйхэн хувцас өмсөх боломж олгосон ч би өөрийн 18 насандаа өмсөх дуртай байсан, өөр хэн дээр ч давхцаж харагддаггүй байсан, шинэлэг загварыг өөрийн эрхгүй өгүүлэх юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ фэйшн дизайныг өгүүлж байна.

Би Рафыг хаашаа явах бол, Альбер Эльбазыг хэн ажилд авах бол гэх зэрэг асуудлуудыг ажиглаж суухаас залхаж байна. Бидний өнөөдрийн бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг эдгээр гайхамшигтай дизайнерууд яг л арван жилийн өмнө карьерынхаа өндөрлөгт хүрсэн юм. Тийм ээ, би мэдээж хэрэг бүх дэвшилтэт хүмүүсийн адил Симонсын Calvin Klein-д зориулсан анхны цуглуулгыг тэсэн ядан хүлээх болно. Гэхдээ би нэг л гунигтай зүйлийг сайн ойлгож байна. Эдгээр хүмүүс арван жилийн өмнөх өөрсдийгөө хэзээ ч давж гарахгүй юм.

Орчин үеийн загварын ертөнцөд надад бас над шиг үзэл бодолтой гүнж ч, зөвлөлтийн үеийн "орос" ч байхыг хүсдэггүй хүмүүст бодит сонголт тун ховор байна. Энэ дундаас бидэнд Надеж Ване-Цыбульскигийн үеийн The Row марк болон нарийн бүлэг хүмүүсийг чиглэсэн Америкийн хэдхэн жижиг люкс брэндүүдээс сонголт хийх л боломж үлдэж байна. Гэтэл би 2006 оны Николя Гескьер шиг дизайнер олж харахыг хүсч байна. Загварын ертөнцийг орвонгоор нь эргүүлэх шинэлэг дизайн худалдан авахыг мөрөөдөж байна. Тухайн үедээ тийм сайхан эхэлж байсан фэйшн тэсрэлт сүүлийн арван жил ийм уналттай төгсөж байгаа нь тун харамсалтай.

цааш үзэх