Хайх

2021 оны шилдэг моделиуд тодорлоо

2021 оны шилдэг моделиуд тодорлоо

Кристен МакМенами, Соня Стейнберг, Фернандо Линдес, Жон Хо Ён болон бусад

Text: Buro.Mongolia


Загварын салбарын нөлөө бүхий порталаар нэрлэгддэг models.com 2021 оны шилдэг загвар өмсөгчдийг нэрлэлээ. Тус жагсаалтыг гаргахын тулд эхлээд дэлхийн топ стилистүүд, гэрэл зурагчид, дизайнерууд, редакторууд гээд загварын салбарын 400 гаруй мэргэжилтний дунд санал асуулга явуулжээ. Харин дараа нь models.com вебсайтын хэрэглэгчдийн дунд мөн адил санал асуулга явуулж, бүрэн жагсаалтыг толилуулсан байна. Ингээд мэргэжлийн шүүгчид болон хэрэглэгчид энэ жил хэнийг шилдэг загвар өмсөгчөөр сонгосныг хамтдаа харцгаая.

Энэ жил салбарын шүүгчид өдгөө 57 настай домогт загвар өмсөгч Кристен МакМенамиг шилдэг моделиор нэрлэжээ. Тэрээр 90–ээд онд олныг байлдан дагуулж, загварын салбарт багагүй хувь нэмрээ оруулсан гэгддэг. Кристен энэ жил Gucci, Versace, Fendi, Balenciaga зэрэг дэлхийн шилдэг загварын орднуудтай хамтран ажилласан байна. Мөн тэрээр Их Британийн Vogue сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ. Харин вебсайтын хэрэглэгчид энэ жилийн шилдэг загвар өмсөгчөөр Оросын 19 настай Соня Стейнбергийг сонгосон байна. Тэрээр 12 наснаасаа моделийн гараагаа эхлүүлж одоогоор Chanel, Saint Laurent, Louis Vuitton, Givenchy, Stella McCartney зэрэг томоохон брэндүүдийн шинэ цуглуулгуудыг танилцуулж, загварын тайзнаа алхсан туршлагатай юм.

2021 оны шилдэг моделиуд тодорлоо (фото 1)
Кристен МакМенами
2021 оны шилдэг моделиуд тодорлоо (фото 2)
Соня Стейнберг

“Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч” ангилалд Элтон Мэйсон, Фернандо Линдес нар тодорчээ. Харин Индиан, Гвичин гаралтай 19 настай Куанна Чейсингхорс шүүмжлэгчдийн болон хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аван оны шилдэг шинэ моделиор шалгарсан байна. Тэрээр моделийн салбарт хөл тавихаасаа өмнө цаг агаарын өөрчлөлт болон нутгийн уугуул иргэдтэй холбоотой асуудлуудыг хөндөн олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Түүнчлэн Адвоа Абоа, Белла Хадид нар нийгмийн идэвхтнүүдээр тодорч, Өмнөд Солонгосын модель, жүжигчин Жон Хо Ён оны шилдэг модель-жүжигчнээр шалгарчээ. Мөн загварын салбарт үнэлшгүй хувь нэмэр оруулсан загвар өмсөгчөөр Кейт Мосс тодорсон байна.

2021 оны шилдэг моделиуд тодорлоо (фото 3)
Элтон Мэйсон
2021 оны шилдэг моделиуд тодорлоо (фото 4)
Фернандо Линдес

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх