Dolce & Gabbana New Devotion үнэртэй усны сурталчилгаанд Ирина Шейк тоглолоо
"Dolce & Gabbana өөрсдийн сурталчилгаандаа бүх цагийн үед үргэлж сайхан бүсгүйчүүдийг л тоглуулдаг даа" гэвэл дэндүү өнгөц ойлголт ажээ. Үүсгэн байгуулагч дизайнерууд брэндээрээ дамжуулж Итали улсын сайхныг магтан дуулдаг. Тэр дундаа үнэртэй усны сурталчилгаандаа италийн алдартай жүжигчид болох Моника Беллуччи, Софи Лорен тэргүүтэй бүсгүйчүүдийг тоглуулж жинхэнэ Итали хүүхнүүдийн тансаглал ямар байдгийг харуулдаг. Сонирхолтой нь, Dolce & Gabbana-гийн хамгийн алдартай коллекциудын ихэнх нь Доменико Дольчегийн төрсөн нутаг болох Сицилийн өнгө аяс, хар даашинз, католик дүрслэл, ахуйн соёлоос санаа авсан байдаг. Сицили нь Италийн өмнө зүгт оршдог бөгөөд бүсгүйчүүдийн үс ихэнхдээ бараан бор өнгөтэй байдаг. Сайтар ажиглавал тус брэндийн үнэртэй усны сурталчилгаанд голцуу бор өнгийн үстэй бүсгүйчүүд тоглодог нь энгийн нэг тохиолдол биш бөгөөд Итали тэр дундаа Неаполь, Сицилийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн бор өнгийн үсэнд нь оршдог гэдгийг тэд харуулахыг зорьдог мэт.



Энэ удаад тэд загвар өмсөгч Ирина Шейкийг сонгосон нь тэрээр өмнөд зүгийн итали бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй яг тохирсон гэлтэй. Өмнө нь загвар өмсөгч бүсгүй тэдний хэд хэдэн сурталчилгаанд тоглосон түүхтэй ч энэ удаагийн сурталчилгаа олны анхаарлыг татлаа. Хэдий загвар өмсөгч бүсгүй итали гаралгүй ч гэлээ тэрээр Dolce & Gabbana-гийн амин сүнсийг бүрэн мэдэрч, брэндийг амилуулж чаджээ.
Dolce & Gabbana, Your Devotion