Өвлөгдөх үнэ цэнийг бүтээгч Aurug Luxury брэнд
Баялаг өв уламжлал, нямбай гар урлал, гоёмсог дизайны хослол
Түүхийн урт удаан цаг хугацааны туршид нүүдлийн соёл иргэншлийн эртний сонгодог загвараа орхигдуулалгүйгээр өдийг хүрсэн Монгол түмний зан заншил, өв соёл, уламжлал юутай баялаг. Хурдтай даяаршиж буй дэлхий ертөнцөд үндэсний ондоошлоо үргэлж тодотгож, үргэлжлүүлэн хөгжүүлэн явах нь бидний үүрэг мөнөөс мөн билээ. Тэгвэл бидний өв, соёл уламжлалын чухал нэгэн хэсэг бол монгол үндэсний хувцас, хэрэгсэл юм.
Монголчууд хүн төрөлхтөн, байгаль эх дэлхий, таван хошуу мал гурвалыг салшгүй шүтээн барилдлагатай хэмээн үздэг. Тиймдээ ч монгол үндэсний хувцас, хэрэгсэл нь байгаль эх дэлхийгээ хайрлан, хүндэтгэсэн хэв шинжийг агуулах нь олонтоо. Тухайлбал, монгол гутал хөрс шороог сэндийлгэхгүй байхад зориулагдсан ээтэн хоншоортой байхад монгол дээлийн нударга нь жийргэвч болдгоос гадна өргөн бүс нь хүний ууц, нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүтээгдсэн хэмээн үздэг. Үүнээс харахад үндэсний хувцас, хэрэгсэл нь Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйл болоод ахин давтагдашгүй соёл уламжлалыг илэрхийлдэг маш чухал биет соёлын өвийн нэг хэсэг ажээ. Тэгвэл Үндэсний их баяр наадам ойртон буй энэ үед өв соёлоо эрхэмлэн дээдэлж, уламжлан хөгжүүлэхийг чухалчлан ажилладаг Aurug Luxury брэндийг бид танилцуулж байна.
Зуу зуун хатгац, ур хийцийн зохицлоор бүтэх цор ганц өвийг бүтээгч Aurug Luxury брэнд
Aurug Luxury брэнд
2012 оноос хэрэглэгчид зориулсан цор ганц бүтээлийг захиалгын дагуу урлаж ирсэн Aurug брэнд нь 2023 онд албан ёсоор Aurug Luxury брэндийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа тэлжээ. Уламжлалт зүү ороох арга барилыг орчин үеийн загвар хийцтэй хослуулан өдөр тутамд ч, тэмдэглэлт мөчүүдэд ч эдэлж, хэрэглэж болохуйц уламжлалт эд, эдлэлийг бүтээдэг тэд туйлын уран нарийн ажилбараар аливаа хэрэглэгчийн өөрийгөө илэрхийлэх үнэ цэнийг бүтээхийг зорин ажилладаг ажээ.
Цэвэр арьс болон торгон материалаар хөөргөний даалин, эрэгтэй, эмэгтэй бүс, монгол гутал, гөлөм, залаа, даллагын уут гэхчлэн үндэсний хэв шинж болсон бүхий л төрлийн тансаг эдлэлийг урладаг Aurug Luxury брэнд нь салбартаа зүү ороох урлагийг монгол соёлтой хослуулан шинэ хэв маягийг авчирсаар иржээ. Тэд хөөргөний даалин дээр дөрвөн хүчтэн зүү ороон урлах хуучны соёлыг ахин дэлгэрүүлэн өвөрмөц загвар болон бэлгэдлүүдийг шингээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн түүнчлэн Монголд анх удаа эмээлийн гөлөм дээр зүү ороох оёдол хийн чамин бүтээл урласан бөгөөд ийм бүтээл урлахын тулд дор хаяж нэг жил зарцуулдаг болохыг онцолсон юм. Яг одоогоор Aurug Luxury брэнд захиалагчдын хүсэлтээр тансаг зэрэглэлийн брэндийн ховор нандин бүтээгдэхүүн дээр зүү ороох уран хатгамлыг хийж өгч буйгаас гадна өөрсдийн нэрийн орчин үеийн хэв маягтай цүнх, аксесуар зэрэг бүтээгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байна.
Зүү ороох урлаг
Aurug Luxury брэндийн бүхий л бүтээлд зүү ороох уран хатгамал шингэсэн байдаг. Нэг мелиметр хүрэхгүй зайд хатгаж оёдог энэхүү оёдол нь орчин үеийн хэлбэр хийц, хэв маяг бүхий бүтээлүүдтэй маш сайн зохицохоос гадна ямар ч дүрсийг дүрсэлж, өнгө ур хийцийг бий болгож чаддаг. Эрчтэй утсаар гурваас дээш өнгөөр дагнаас гарган, нэг зүү, хоёр утсаар оёгддог энэхүү зүү ороох оёдлоор урт настай, бат бөх эдлэлийг бүтээж болдог учир зүү ороох оёдол орсон аливаа бүтээл үр хойчид өвлөгдөх эрхэмсэг өв болон үлддэг билээ.
Мөн түүнчлэн энэхүү уран хатгамлаар бий болдог хээ угалз, сод дүрслэмж нь байгаль дэлхий, хүн хоорондын зохилдлого, далд мөн чанар, эерэг энерги, сайн сайхан, хүч зоригийн бэлгэдлээр амилж байдаг байна. Тиймдээ ч бүтээл, хатгац бүрд уран бүтээлчийн сэтгэл зүрх, оюун ухаан, нарийн мэдрэмж, авьяас чадвар шингэсэн байдаг нь эзэндээ эрч хүч, сайн сайхан бүхнийг бэлгэдэн хүрдэг учиртай ажээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мартагдсан байсан монголын уламжлалт зүү ороох урлагийг хөгжүүлэн шинэчилж, өөрийн салбартаа шинэлэг ур хийцийг зоригтойгоор толилуулан ирсэн уран бүтээлч бол Aurug Luxury брэндийн үүсгэн байгуулагч Б.Баярцэцэг. Монголд анх удаа битүү зүү ороосон гөлмийг урлан гаргаж байсан тэрээр очих эзний төрсөн жил, ивээл өнгө зэргийг харгалзан үзэж уран нарийн хийцээс бүрдэх цор ганц бүтээлийг урладаг учир жилд маш цөөн тооны бүтээл гаргадаг байна. “Бүтээлээр маань эрхэм үйлчлүүлэгчид ёслол хүндэтгэлийн сайхан мөчүүдээ чимдэг учраас илүүг бүтээх урам авдаг” хэмээсэн тэрээр Aurug Luxury брэндийн философи нь баялаг өв уламжлал, нямбай гар урлал, гоёмсог дизайныг хооронд нь холбож, эрхэмсэг өвийг бий болгоход оршдог хэмээн тодорхойлсон юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт