Хайх

Загвар зохион бүтээгч Виржил Абло таалал төгслөө

Загвар зохион бүтээгч Виржил Абло таалал төгслөө

41 насандаа

Text: Buro.Mongolia


Off-White брэндийн үүсгэн байгуулагч, Louis Vuitton ордны бүтээлч захирал Виржил Абло арваннэгдүгээр сарын 28-ны өдөр таалал төгслөө. Энэ тухай дизайнерын ойр дотны хүмүүс түүний Instagram хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Виржил Абло сүүлийн хоёр жилийн турш ховор, мөн маш хурц хэлбэрийн хорт хавдар болох зүрхний ангиосаркоматай тэмцэж байжээ.

“Бүх бэрхшээлийг үл харгалзан түүний ажлын ур чадвар, хязгааргүй сониуч зан, өөдрөг сэтгэл нь гандаагүй билээ. Виржил бусдад үүд хаалгыг нээж, урлаг болон дизайны ертөнцөд илүү тэгш байдлыг бий болгох чин хүсэлдээ үнэнч байж, энэхүү эрхэм зорилгоо биелүүлсээр ирсэн. Тэрээр хойч үед урам зориг өгөх урлагийн хүч чадалд гүнээ итгэн ‘Миний хийдэг бүх зүйл 17 настай өөрийнхөө төлөө байдаг’ гэж байнга хэлдэг байсан” хэмээн Виржил Аблогийн дотны хүмүүс тэмдэглэн үлдээсэн юм.

Орчин үеийн хамгийн нэр хүндтэй, олонд танигдсан, хөдөлмөрч загвар зохион бүтээгчдийн нэг Виржил Абло 2009 онд Fendi ордонд дадлага хийж эхэлснээр загварын ертөнцөд хөл тавьсан түүхтэй. Тус загварын ордонд ажиллаж эхэлснээр тэрээр рэппер Канье Уэсттэй танилцсан бөгөөд тэдний хамтын ажиллагаа түүнд Off-White брэндийг бий болгоход түлхэц болсон гэдэг. Off-White брэнд 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Абло Louis Vuitton брэндийн бүтээлч захирлаар томилогдсон юм. Түүнчлэн 2018 онд Time сэтгүүл дизайнерыг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад оруулсан байдаг. Харин 2019 онд тэрээр Virgil Abloh гэх нэрийн брэндээ гаргасан билээ.

Загварын төдийгүй урлагийн салбарт багагүй хувь нэмрээ оруулсан дизайнерын амьдралын тухай дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Баярлалаа, Виржил Абло.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх