Хайх

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд

Таны энэ улирлын гарын авлага

Text: Ө.Тодгэрэл


Үргэлж бусдаас нэг алхмын урд бүр тодруулбал, нэг улирлын урд байдаг BURO.-гийн уншигчид 2021 оны намар-өвлийн улирал загварын хувьд урьд урьдынхаас илүү тод, зоригтой, зугаатай байхыг дизайнеруудын танилцуулсан цуглуулгууд болон бидний гаргасан нийтлэлүүдээс сайн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл бид энэ удаад хамгийн чухал 10 трендийг нэг дор цуглуулан загварт хайртай хэн бүхэнд хэрэг болох гарын авлага бэлтгэлээ.


НЭВТ ГЭРЭЛТЭХ МӨРӨӨДӨЛ


Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид орчин тойрноос тусгаарлагдан уйтгартай өдрүүдийг өнгөрүүлэхдээ мөрөөдлийн ертөнцдөө умбан загвараас ч хүртэл нэгэн хэвийн биш зоригтой, сонирхолтой зүйлийг хүсэх болсон билээ. Дизайнерууд ч мөн бидний энэхүү гял цал, хээнцэр хэв маяг руу татагдаж буй мэдрэмжийг хуваалцан шинэ цуглуулгууддаа саа, шигтгээгээр чимэглэсэн, нэвт гэрэлтсэн урт даашинзуудыг оруулжээ. Dior-оос эхлээд Gucci, Versace, Giambattista Valli гээд бүх л томоохон орднууд нэвт гэрэлтсэн материалыг онцолж байна.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 1)


ДОПАМИН ЯЛГАРУУЛАХ ӨНГӨНҮҮД


Тод өнгөөр хувцасласан үед сэтгэл санааны байдал тодорхой хэмжээнд дээшилдгийг та мэдэх үү? Үүнийг олон судалгаагаар баталснаас гадна өнгө бүр нь хүний оюун ухаанд өөр, өөрөөр нөлөөлдгийг ч бас онцолсон байдаг. Тиймээс энэ намар-өвлийн улиралд дизайнерууд хүйтэн өдрүүдийг өнгөлөг хувцаснуудаар гэрэлтүүлэн өөдрөг өнгөрүүлэхийг уриалж байна. Өнгөнүүдийн хувьд ногоон ба шар, нил ягаан ба улбар шар зэрэг төрөл бүрийн контрастуудыг бий болгож, аль эсвэл нэг тод өнгөөр дагнан хувцаслахыг зөвлөж байна.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 2)


ТЭР БОЛ ЧИНЭЭЛЭГ БҮСГҮЙ


Нүд салгахын аргагүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, тэдний амьдралаас таашаал авахыг хүссэн шийдэмгий, өөртөө итгэлтэй зан чанар, 1920 болон 80-аад онуудын гялалзсан тансаг хэв маяг яг одоо тайзыг эзэлж байна. Гэхдээ үүгээрээ бид диско богино загваруудыг хэлж байгаа юм биш харин саатай урт өмд, гялалзсан чимэглэлтэй хүрэм, өд ба саа хосолсон газар хүрсэн даашинз зэрэг илүү сүрлэг, чинээлэг төрхүүдийг онцолж байна. Dries Van Noten, Paco Rabanne, Loewe, Prada, Valentino гээд хаашаа ч харсан гялалзсан загварууд таны анхаарлыг татах болно.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 3)


ИЛҮҮ ХӨВСГӨР, ИЛҮҮ ТОД


Өдөн куртканууд улам л эрэлттэй болж байна. Гэхдээ бидний өмсөж заншсан энгийн нэгэн уйтгартай хар куртка биш харин тод өнгө, этгээд эсгүүртэй high-fashion куртканууд таныг яг л загварын тайзнаас бууж ирсэн мэт гайхалтай харагдуулна. Chanel-ээс эхлээд Louis Vuitton хүртэл, Balenciaga-гаас эхлээд Tom Ford хүртэл бүгд өөрсдийн гэсэн хувилбарыг санал болгож байна. Энэ жил өдөн куртканы жил байх бололтой.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 4)


КЛАССИК ТЭЙЛОРИНГ


Сорочка дотор хоолойтой цамц, гадуур нь хантааз, хантаазныхаа гадуур пиджак, брюк өмдөн дээр лофер эсвэл эрэгтэй загварын гутал, энэ бүгдийн гадуур урт пальто. Өөрөөр хэлбэл орчин үеийн хэв маягт оруулсан биш харин яг л сонгодог тэйлоринг стилийг дизайнерууд онцолж байна. Хагас дутуу юм байхгүй, бүх зүйл дүрмийн дагуу цэмцгэр, сонгодог байх учиртай. Tory Burch, The Row, Prada брэндүүдээс санаа аваарай.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 5)


ШИНЭ ЭРИНИЙ СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛҮҮД


Цар тахлын үед бидний ойлгосон ганц зүйл бол хүнд тав тухтай, дулаан мэдрэмж хамгаас чухал билээ. Иймээс ч бид хүйтний улиралд өөрийн эрхгүй сүлжмэл, ноосон эдлэлүүд рүү татагддаг уламжлалтай. Энэ шалтгаанаар хэзээ ч моданаас гардаггүй сүлжмэл эдлэл нь орчин үед бүр ч нарийн хийцтэй болсон бөгөөд энгийн нэг цамцаар дуусахгүй загварлаг цээживч, тачаангуй макси даашинз, юбка болон топны хослол зэрэг маш өргөн хүрээнд, шинэлэг байдлаар тархаж байна. Chloé-гийн шинэхэн бүтээлч захирал Габриэла Херст жишээ нь энэ улиралд газар хүрсэн урт ноосон даашинзаа хоёр ч удаа тайзнаа давтан гаргаж цуглуулгын хичнээн чухал загвар болохыг онцлоод авсан юм.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 6)


БОДИПОЗИТИВ


Хөгжмийн фестивальд оролцохдоо, эсвэл гэртээ йога хийхдээ гээд аль ч үед өмсөж болох боди загварын бие барьсан өмсгөлүүдийг бүх брэндийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой. Дизайнерууд энэ загварт донтсон гэхэд хилсдэхгүй юм. Маш олон төрлийн хувилбарууд байгаагаас Mugler, Tom Ford болон LaQuan Smith нар байж болох хамгийн секси загваруудыг танилцуулжээ.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 7)


ХЭЭНҮҮД ДУНД ТӨӨРСӨН НЬ


Бидний ирээдүй тод, баялаг бөгөөд зоригтой байна. Энэхүү мессежийг дизайнерууд өөрсдийн цуглуулгуудаараа дамжуулан бидэнд хүргэлээ. Жишээ нь, Thebe Magugu нууцлаг хэв маяг бүхий хээтэй хослолууд, Louis Vuitton Лувр дахь урлагийн бүтээлүүдийг хээ болгон буулгасан хүрэмнүүд, Simone Rocha романтик цэцгэн хээтэй даашинзууд танилцууллаа. Юутай ч энэ намар бид саарал, саармаг өнгөнүүдээс холдож өдөр тутмын амьдралдаа илүү өнгөлөг, илүү сонирхолтой хувцаснуудыг нэвтрүүлэх нь ээ.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 8)


ХАМГИЙН ГОЛ НЬ ДУЛААХАН


Сүүлийн хэдэн жилийн турш дизайнерууд нэг л үгийг урдаа барьж ирсэн нь тав тух билээ. Энэ оны намар-өвлийн улиралд ч мөн тав тухтай, мөн хамгийн гол нь дулаахан гадуур хувцаснуудыг санал болгож байна. Chanel сүүн цагаан өнгийн ноосон хүрэм, Dior үслэг юүдэнтэй цамц гээд бидний хайртай брэндүүд бүгд зөөлөн, дулаан материалуудаар бүтээлүүдээ туурвижээ. Гэхдээ энэ оны загварууд илүү couture хийцтэй болсон тул хүйтэнд ч тансаг харагдах боломжийг өгч байна.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 9)


МИНИ ЮБКАНЫ НОЁРХОЛ


Юуны өмнө бид миний юбка гэдэг тодорхойлолтоороо таны төсөөлснөөс ч богино юбкаг хэлж байгааг анхаараарай. Учир нь дизайнерууд энэ улиралд юбка болон даашинзын хормойг байж болох хамгийн богино хэмжээгээр тогтоосон юм. Стайлингийн хувьд Valentino өөрсдийн мини юбкаг эрэгтэйлэг өргөн пиджактай хослуулсан бол Versace эсрэгээрээ кроп топтой загварчлан секси төрхийг тодотгосон байна.

Энэ өвлийн хамгийн чухал 10 тренд (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх