Хайх

2024 оны велнессийн гол чиг хандлагууд

Эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгоорой

Text: Buro.Mongolia


Долоо хоногт 30 төрлийн ногоо

Цөөн хэдэн ногоог тогтмол хэрэглэхийн оронд долоо хоног бүр 30 өөр төрлийн ногоо идэх эрүүл амьдралын шинэ хэв маягийг туршаад үзээрэй. Самар, үр тарианаас эхлээд элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжиж, дархлааны системд нөлөөлдөг яншуй, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг улаан амарант (red amaranth) зэрэг маш олон сонголтоос өөрийн хэрэглээнд тохируулан хоолны цэсээ баяжуулахыг зөвлөж байна.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 1)

Кофейны хэрэглээг багасгах

Кофейн болон бусад төрлийн сэргээгч бодисуудаас татгалзан илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эрч хүчээ сэргээх нь 2024 оны велнесс трендийн нэг байх болно. Ядаргаа, стресс зэрэг нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд маш түгээмэл тохиолддог асуудал бөгөөд бид ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, эрч хүчтэй болохын тулд кофе болон бусад кофейн агуулсан ундааг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг. Хэдийгээр кофе бидний чухал хэрэглээ хэвээр үлдэх хэдий ч тархины үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааны сэргэг байхад тусалдаг манго жимсний ханд, decaf кофе зэрэг кофейны хэт өндөр хэрэглээнээс татгалзах сонголтууд улам нэмэгдсээр байна.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 2)

Xөгжимт бясалгал

Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяар анагаах арга буюу хөгжимт бясалгал нь хүний ухамсрын гүнд нөлөөлж, гаднын дуу чимээ, аливаа нөлөөллөөс ангижруулж, оюун ухааныг цэгцэлж, дотоод амар амгаланг олох боломжийг олгодог. Энэ нь бясалгал болон иогийн нэгэн адилаар хичээллэх бөгөөд ихэвчлэн та иогийн дэвсгэр дээр хэвтэх эсвэл суух байрлал аваад нүдээ аних үед багш таныг удирдан чиглүүлэх болно. Хөгжимт бясалгалыг хийх үед хүнд тайвшрал мэдрэгдэх, эсвэл ор тас мартагдсан байсан дурсамжууд эргэн сэргэх, асгартлаа уйлах, нойр хүрэх гэхчлэн янз бүрийн мэдрэмж төрөх боломжтой.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 3)

Удаан хэмнэлтэй аялал

Энэ жил аялагчид хөтөлбөрт баригдсан завгүй аяллын маршрут гаргах, эсвэл алдартай хөшөө дурсгалын газарт очиж зураг татуулахын оронд байгальд ойр, нам гүм орчинд өөрийгөө маш сайн амрааж, эрч хүчээ нөхөхийн тулд эрүүл мэнддээ чиглэсэн аяллыг түлхүү хийх болно. Тэр ч утгаараа байгальд алхах, дарс амтлах зэрэг хурдтай амьдралын хэмнэлээс түр ч гэсэн холдуулж чадах, чанартай нойр авах тав тухыг бүрдүүлсэн үйлчилгээг санал болгодог рашаан, сувилал, амралтын газруудын эрэлт ихсэж буй.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 4)

Чанартай нойр

Бүрэн гүйцэд, чанартай нойр авах нь энэ жил ч мөн велнессийн гол чиг хандлагад багтаж байна. Унтахаас хоёр цагийн өмнө утсаа хол тавих, өдөр бүр тогтмол цагт унтах зэрэг бид бүхний маш сайн мэддэг аргуудаас гадна орчин үед нойрны хэмнэлд дүн шинжилгээ хийх чадвартай ухаалаг төхөөрөмж, ухаалаг үнэт эдлэл, хэмийг нь тохируулдаг матрасс зэрэг гүн унтаж амрахад туслах бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсээр байна. Үүнээс гадна энэ жил маш олон жуулчид өдөр тутмын эмх замбараагүй, завгүй амьдралын хэмнэлээс холдож зөвхөн бат бөх нойрсохын тулд аялалд гарах хандлага их байгааг Skyscanner аялал жуулчлалын компанийн зүгээс онцолсон юм.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 5)

Урт наслах

Хүмүүс урт наслахын тулд цэнхэр бүсийн хоолны дэглэм, амьдралын хэв маягийг баримталж эхэллээ. Хэрэв та хэдхэн сарын өмнө Netflix платформ дээр гарсан “Live to 100: Secrets of of the Blue Zones” баримтат цувралыг үзсэн бол дэлхийн цэнхэр бүсийн (далайтай ойр) оршин суугчид маш урт насалдаг талаар олон баримт нотолгоог мэдэж авсан байх. Жишээлбэл, Япон улсын Окинава хотын оршин суугчид “хара хачи бу” гэх хоолны дэглэмийг өдөр тутамдаа баримталдаг бөгөөд энэ нь ямар ч хоолыг 80% цадах хэмжээнд идэхэд л хангалттай гэх үзэл юм. Эрүүл, урт наслах нь мэдээж дан ганц хооллолттой холбоотой ойлголт биш ба тогтмол дасгал хөдөлгөөн хийх, дуртай зүйлээ хийх, хоббитой байх, гэр бүлтэйгээ хамт цагийг чанартай өнгөрөөх гэхчлэн олон хүчин зүйл үүнд хамааралтай.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 6)

Усгүй педикюр

Гаднын орнуудад зөвхөн "усгүй педикюр" санал болгодог салонууд олширсоор. Педикюр хийлгэх үедээ огт ус хэрэглэхгүй байх нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж, усаар дамжих халдварын эрсдэлийг бууруулаад зогсохгүй будгийн тогтцод ч сайнаар нөлөөлдөг байна. Мөн нэг удаагийн педикюрийн үйлчилгээнд ойролцоогоор 50 орчим литр ус хэрэглэгддэг гэх албан бус судалгаа байдаг. Иймд та өөрийн сонголтоор дамжуулж их хэмжээний ус хэмнэх боломжтой юм.

2024 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх