Хайх

“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд

“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд

Text: Buro.Mongolia


“Single’s Inferno” шоуны гурав дахь улирал дууслаа. Энэ удаагийн улиралд шинэлэг дүрмүүд олноор хэрэгжиж үйл явдал тун сонирхолтой өрнөсөн билээ. Шулуун шударга Ха Жон, охидын унтууцлыг төрүүлээд буй Гван Хи, “green flag” хэмээн өргөмжлөгдсөн Жин Сок, нисдэг тэрэгний үйлдлээсээ болоод багагүй шүүмжлэл хүртэж буй Мин Жи гээд оролцогчдын бүрэлдэхүүн үзэгчдийг “драмагаар” тасраасангүй. Тэгвэл бидний зүгээс гуравдугаар улирлын хэрсүү оролцогчдын талаарх сонирхолтой баримтуудыг нэг дор цуглуулсан танилцуулгыг бэлтгэлээ. Хе Соны сурлагын амжилтууд, Гван Хигийн экс найз охин гэх зэрэг шоун дээр гараагүй мэдээллийг та эндээс олж уншаарай.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 1)

Ким Гю Ри

Нас: 28

Зан чанарын төрөл (MBTI): INFP

Instagram: @citruszl

Шоуны салхийг хагалан хамгийн түрүүнд гарч ирсэн Ким Гю Ри модель хийдэг бөгөөд 2022 оны Солонгосын миссийн тэмцээнд өрсөлдөж байсан удаатай. Тухайн жилийн тэмцээнд нь Single’s Inferno-гийн оролцогчдын нэг Ши Үн өрсөлдөж байсан бөгөөд өөрөөр хэлбэл тэд шоунаас ч өмнө танилууд байсан гэсэн үг юм.

Гю Ри эрэгтэй хүнээс юун түрүүнд боловсон занг нь хардаг гэсэн бөгөөд таалагдсан хүнийхээ ярианд инээдтэй биш байсан ч инээж, хариу үйлдэл үзүүлэх байдлаар анхаарлыг нь татдаг байна. Гю Ри өөрийгөө “Дотно хүмүүстэйгээ тэс өөр хүн шиг байдаг” хэмээн тодорхойлсон ба эргээд “Single’s Inferno”-д оролцох боломж гарвал илүү нээлттэй байж хүмүүстэй хурдан дотносох байсан хэмээн хариулжээ.

Түүний сонирхлын нэг нь “Harry Potter” цуврал билээ. Гю Ри өнгөрсөн наймдугаар сард Холливүүд дэх Universal Studios-оор аялахдаа Харри Поттерын ертөнцөөр зочилж Slytherin тэнхимийг илтгэх нөмрөг болон зангиагаар гангарсан байсан юм. Түүнчлэн тэрээр Winter нэртэй өөрийн муурыг тэжээдэг бөгөөд өхөөрдөм муурынхаа @winter_cat___ хэмээх Instagram хаягийг хөтлөн явуулдаг билээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 2)

И Жин Сок

Нас: 31

Зан чанарын төрөл (MBTI): INFJ

Instagram: @seok_lj

И Жин Сок энэ удаагийн “Single’s Inferno”-гийн “green flag” хэмээн нэрлэгдэж буй бөгөөд өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, харилцан яриа үүсгэх тал дээр хамгийн зөв алхмыг хийж буй гүйцэд боловсорсон эр хүн хэмээн үзэгчид түүнийг магтаж байгаа юм.

Тэрээр Дэгү хотод "Casanello" нэртэй Итали маягийн амттан, уух зүйлсээр үйлчилдэг бэйкери/кафе ажиллуулдаг ба тус бизнест хөл тавиад зургаан жил болжээ. Мөн уг кафе нь Сөүлийн Ганнам дүүрэгт "Casanello Sicily" гэх салбараа нээсэн байна. Жин Сок бизнесийнхээ үйл ажиллагааг хариуцдагаас гадна амттан болон уух зүйлсээ өөрийн гараар хийдэг гэнэ.

“Single’s Inferno”-д оролцохоос өмнө түүний дагагчдын тоо 900 байсан бол одоо 387,000 болон өсжээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 3)

Сон Вон Ик

Нас: 31

Зан чанарын төрөл (MBTI): INFJ

Instagram: @hiwonik

Сон Вон Ик нь Ганнам болон Чёндам дүүрэг дэх премиум зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн реалтороор ажилладаг. Тэрээр “Single’s Inferno” шоуны хоёр ч тэмцээнд өндөр үзүүлэлт гаргаж үзэгчдийг гайхшируулаад авсан. Ийнхүү амжилттай оролцсон нь дан ганц реалтороор ажиллаад зогсохгүй фитнес мөн гүйлтээр хичээллэдэг нь нөлөөлсөн болов уу.

Тодруулбал, Вон Ик Солонгост жил бүр зохион байгуулагддаг 2023 оны Чунчон марафонд оролцож 10 км замыг 48 минутад туулсан амжилт гаргасан бол Style Run марафонд оролцон 12 км замыг 51 минутад туулжээ. Тэрээр зөвхөн гүйлтийнхээ үйл явцыг хуваалцдаг @justdoik319 гэх тусдаа Instagram хаягаа хүртэл хөтлөн явуулдаг байна. Үүнээс гадна Уон Ик өдөр тутмынхаа амьдралыг влогоор хүргэдэг YouTube хуудастай билээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 4)

Чүэ Хе Сон

Нас: 26

Зан чанарын төрөл (MBTI): ENFP

Instagram: @hazelchoiii

Чүэ Хе Сон нь биоинформатик буюу цахим биологийн шинжлэх ухаанаар Солонгосын Ewha эмэгтэйчүүдийн их сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн билээ. Яг одоогийн байдлаар тэрээр Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгт ордог, 1832 онд үүсгэн байгуулагдаж байсан Их Британийн олон жилийн түүхт сургуулиудын нэг Durham их сургуульд өгөгдлийн шинжлэх ухаан болон биоинформатикийн мэргэжлээр магистрын зэргээ хамгаалан суралцаж байна.

Карьерын хувьд Хе Сон Сөүлийн их сургууль болон Цахиурын хөндий дахь Cipherome стар-ап компанид биоинформатикийн мэргэжилтнээр дадлага хийж байсан туршлагатай. Үүгээр ч зогсохгүй тэрээр Дэлхийн зөн олон улсын байгууллагын хэрэгжүүлдэг “Chosen” хандивын төсөлд оролцож байжээ. Өндөр боловсролтой, нийгмийн идэвхтэй түүнийг үзэгчид өмнөх улирлын оролцогч, Харвардын их сургуулийн суралцагч И Надинтай ижилсүүлэн ярих болсон юм.

Суралцахынхаа хажуугаар Хе Сон модель хийдэг бөгөөд Andar, 29CM, Roundlab, Nature Republic брэндийн зураг авалтад оролцож байсан туршлагатай билээ. Мөн тэрээр үнэт цаасны NH Investment компанийн телевизийн сурталчилгаанд тоглож байжээ.

Одоогийн байдлаар тэрээр “Single’s Inferno”-гийн гуравдугаар улирлын оролцогчдоос Instagram-ын дагагчаараа (890,000+) тэргүүлж байгаа юм. Хе Соны Instagram хаяг @hazelchoiii гэх нэртэй бөгөөд Hazel гэдэг нь түүний англи нэр гэж явдаг байна.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 5)

Пак Мин Гю

Нас: 34

Зан чанарын төрөл (MBTI): ENFJ

Instagram: @ssrt_mk

Пак Мин Гю цагдаагийн офицер төдийгүй Солонгосын эргийн хамгаалалтын тэнгисийн тусгай аврах багийн шумбагч юм. Түүнийг "Single's Inferno"-гийн үеэр Мин Жи болон Гю Рид гаргасан үйлдлээр нь шоуны жентельмен хэмээн нэрлэж буй.

Тэрээр өөрийнхөө сайн талыг найрсаг байдал хэмээн тодорхойлсон бол эсрэг хүйстэнтэйгээ уулзахдаа юун түрүүнд сонирхолтой харилцан яриа үүсгэхийг хичээдэг гэсэн билээ.

Мин Гюгийн хувийн амьдралын талаарх мэдээлэл одоогоор хамгийн хомс байгаа юм.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 6)

Юн Ха Жон

Нас: 26

Зан чанарын төрөл (MBTI): ISTP

Instagram: @hi__jjeong2

Оролцогч Юн Ха Жон шударга шулуун зангаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртээд зогсохгүй түүний эрүүгээ доошлуулан харцаараа ширтэх үйлдэл нь гуравдугаар улирлын шилдэг сээтэгнэл гэдэгтэй үзэгчид маргахгүй биз ээ. Тус үйлдлийг нь дийлэнх хүмүүс өхөөрдөж, зарим нэг нь ёжлонгуй хүлээж авсан бол Ха Жон үүнийгээ зураг авалтын үеэр хийсэн харамсмаар үйлдэлд тооцсон болохоо Eyesmag сэтгүүлд хэлжээ.

Ха Жон эмнэлгийн хувцас үйлдвэрлэгч компанид үйлчилгээ болон захиалга хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Үүнийхээ хажуугаар тэрээр Leaders энтертейнментэд харьяалагддаг модель төдийгүй 2021 оны Miss Chunhyang миссийн тэмцээнд оролцож дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Сонирхолтой нь, Ха Жон тус тэмцээнд Юн Жин Жү гэх нэрэн дор өрсөлдсөн ба фенүүд нь түүнийг нэрээ сольсон хэмээн таамаглаж байгаа юм. Miss Chunhyang тэмцээнд Хан Жоноос гадна “Single’s Inferno”-гийн нэгдүгээр улирлын оролцогч Шин Жи Ён болон хоёрдугаар улирлын оролцогч Сил Ки нар өрсөлдөж байсан төдийгүй Ха Жон болон Сил Ки нар найзууд болохыг тэдний Instagram-аас харах боломжтой.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 7)

Чо Мин Жи

Нас: 26

Зан чанарын төрөл (MBTI): ESFJ

Instagram: @joymingzi_

Чо Мин Жи нь Ehwa эмэгтэйчүүдийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцдаг билээ. Энэ нь Солонгосын топ их сургуулиудын нэгт ордог бөгөөд дэлхийн томоохон эмэгтэйчүүдийн боловсролын хүрээлэнд тооцогддог юм. Ehwa эмэгтэйчүүдийн их сургуулийг Солонгосын анхны эмэгтэй ерөнхий сайд Хан Мён Сүк болон анхны эмэгтэй хуульч И Тэ Ён нар дүүргэсэн түүхтэй.

Шоуны үеэр Мин Жи телевизийн мэдээний анкор болох мөрөөдөлтэй болохоо хэлсэн ба хичээлийнхээ хажуугаар анкор болоход хэрэгтэй чадварыг өөртөө эзэмшүүлэхэд бэлддэг гэдгээ хуваалцсан билээ.

Тэрээр 2021 оны Солонгосын миссийн тэмцээнд гуравдугаар байр эзэлж байжээ. Ингэхдээ Мин Жи тэмцээнд тэргүүлсэн бусад охидтой хамтран нохой үрчлэхийг дэмжих зорилготой NFT төсөл хэрэгжүүлсэн туршлагатай юм. Тэд төслөөс олсон орлогоо амьтдыг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага болох KARA-д хандивладаг байна.

Сонирхуулахад, Мин Жигийн дөрөвдүгээр байр эзэлсэн 2021 оны Солонгосын миссийн ялагчаар бидний аль хэдийнээ мэдэх “Single’s Inferno”-гийн хоёрдугаар улирлын оролцогч Чүе Со Үн тодорч байжээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 8)

И Гван Хи

Нас: 36

Зан чанарын төрөл (MBTI): INTJ

Instagram: @leegwanhee0429

Хийж байгаа үйлдэл, өрнүүлж байгаа ярианаасаа болоод “red flag”, "If boy" зэрэг хоч авсан И Гван Хиг мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин гэдгийг бид мэднэ. Тэрээр 2021 оноос Changwon LG Sakers багт харьяалагдаж байгаа бөгөөд shooting guard буюу довтлогч-хамгаалагчийн байрлалд тоглодог байна.

Гван Хи Солонгосын сагсан бөмбөгийн лигт тоглохоосоо өмнө Филиппиний мэргэжлийн сагсан бөмбөгийн Phoenix Fuel Masters багт харьяалагддаг байжээ. Энэхүү туршлага нь түүнд чадварын хувьд улам сайжирч, олон улсад тоглох итгэлтэй болоход нь түлхэц болсон гэдэг.

Сонирхуулахад, тэрээр “Single’s Inferno”-гийн хоёрдугаар улиралд оролцох хүсэлтээ өгч байсан ч түүний харьяалагддаг багийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас оролцоогүй болохыг шоуны продюсер Ким Жэ Вон Koreaboo-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Гван Хи Instagram-аас гадна өөрийн гэсэн YouTube хаягтай (@godgwanhee) ба 2020 оноос хойших өдөр тутмын амьдралаа тус платформ дээр баримтжуулсаар ирсэн билээ.

Мөн саяхан түүний экс найз охин бүхээгийн ажилтан ба тэд зургаан жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цахим орчинд ил болсон юм.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 9)

Ю Ши Үн

Нас: 27

Зан чанарын төрөл (MBTI): ESFJ

Instagram: @yoo_si

Дараагийн оролцогч бол BLACKPINK хамтлагийн Женни болон Ive-ын Вон Ёнтой төстэй гэгдээд буй Ю Ши Үн юм. Тэрээр “Single’s Inferno”-гийн олон эмэгтэй оролцогчдын адилаар Солонгосын миссийн тэмцээнд оролцож 2022 онд хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг гаргаж байжээ.

Тэрээр Yeonsung их сургуульд нисэхийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн ч одоо моделийн карьераа хөгжүүлэн ажиллаж байна. Ши Үний Instagram-аас харах юм бол түүний Kimmisook хуримын даашинзны брэнд, bntnews загварын сэтгүүл болон бусад гоо сайхан, үнэт эдлэлийн брэндийн зураг авалтад орсон нь харагдана.

Ши Үн эсрэг хүйстнийхээ татагддаг зан чанарыг өөртөө итгэлтэй байдал хэмээн нэрлэдэг. Харин таалагдсан хүнийхээ анхаарлыг татахын тулд нүд рүү нь ширтэж, зөөлнөөр инээдэг болохоо Netflix-д хуваалцсан ба “Single’s Inferno” руу эргээд явах завшаан гарвал илүү идэвхтэйгээр сээтэн хаях байснаа мөн хэлжээ.

Ши Үний охин дүү 2018 онд дебютээ хийгээд нэг жилийн дараа тарснаа зарлаж байсан Sha Sha гэх K-Pop хамтлагийн гишүүн байсан гэдэг. Дүүгийнх нь нэрийг Со Ён гэдэг бөгөөд “Single’s Inferno”-гийн оролцогч Ха Жонтой найзууд гэдэг нь шоун дээр гардаг билээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 10)

Чүэ Мин-ү

Нас: 24

Зан чанарын төрөл (MBTI): ISFP

Instagram: @choimin_woo

2000 онд төрсөн хамгийн отгон оролцогч Чүэ Мин-үг гуравдугаар улирлын хамгийн даруухан оролцогч гэж дүгнэхэд хилсдэхгүй. Тэрээр “Single’s Inferno”-д дахиж оролцохоор бол 1:1 харилцан яриандаа илүү өөртөө итгэлтэй, идэвхтэй байх байснаа хэлсэн юм.

Мин-ү өөрөөс нь насаар эгч эрхэмсэг эмэгтэйчүүдэд татагддаг гэсэн бөгөөд тэрээр илүү нээлттэй хүмүүстэй харилцахад хялбар байдгаа шоуны үеэр хуваалцсан. Үүнээс гадна тэр өөрийн өргөн мөрийг биеийнх нь хамгийн анхаарал татам хэсгээр нэрлэсэн бол Netflix-ийн асуулт, хариултын үеэр өөрийнхөө хамгийн сэтгэл татам чанарыг маш нөхөрсөг хэмээн тодорхойлжээ.

Мин-ү модель хийдэг ба хэд хэдэн загварын брэндтэй хамтарсан төдийгүй Сөүлийн загварын долоо хоногт алхсан туршлагатай юм байна.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 11)

Ан Мин Ён

Нас: 26

Зан чанарын төрөл (MBTI): ENFJ

Instagram: @my_floria_

Дараагийн оролцогч Ан Мин Ён нь Inpilates нэртэй өөрийн гэсэн пилатисын студийг ажиллуулдаг. Тэрээр “Single’s Inferno”-д оролцохоосоо ч өмнө 40,000 гаруй Instagram дагагчтай Солонгосын микро инфлюэнсерүүдийн нэг байсан юм. Тэрээр пилатис багшлахынхаа хажуугаар модель хийдэг бөгөөд 2023 оны Бусаны миссээр өргөмжлөгдөж байжээ. Мөн Мин Ён Солонгосын SpoTv сувагт цаг агаарын мэдээний хөтлөгч хийж байсан туршлагатай билээ. Ажлынхаа хажуугаар тэрээр гольфоор хичээллэх хоббитой болохыг Instagram-аас нь харах боломжтой.

Өөрийнхөө сэтгэл татам чанарыг Мин Ён хайр татам бөгөөд цайлган хэмээн тодорхойлжээ. Тэрээр эсрэг хүйстнийхээ хошин мэдрэмжид хамгийн их татагддаг гэсэн ба саадгүй хөврөх харилцан яриаг илүүд үздэг байна. Мин Ён “Single’s Inferno” руу эргэж явах завшаан гарвал илүү идэвхтэй байхаа Netflix-ийн асуулт хариултын буланд хуваалцжээ.


“Single’s Inferno”-гийн оролцогчдын хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд (фото 12)

Юн Ха Бин

Нас: 32

Зан чанарын төрөл (MBTI): INFJ

Instagram: @yunhxvin

K-Drama үзэх дуртай хүмүүс “My Demon” цувралыг эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл Ха Биныг ч мөн таньж байгаа болов уу. Тэрээр тус драманд Но Су Аны нарийн бичгийн ажилтны дүрээр гардаг юм. Ха Бин жүжигчнийхээ гарааг 2018 онд “Fallen” киногоор эхлүүлж, улмаар 2019 онд “Bongcheon Tiger Lee”, 2023 онд “Our D-Day” цувралд дүр бүтээж байсан туршлагатай.

Netflix-ын асуулт хариултын буланд тэрээр өөрийнхөө хамгийн сэтгэл татам хэсгээр нүүр царайгаа нэрлэсэн бол эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд өөрийн сэтгэгдлээ ямар ч давс, хачиргүйгээр үнэнээр нь хэлдэг гэжээ. Харин “Single’s Inferno” руу дахин явах тохиолдолд илүү их харилцан яриа үүсгэхээ хэлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх