Хайх

Аппликейшн ашиглаж шөнийн нойроо хянах нь нойргүйдлийг улам дордуулдаг уу?

Text: Buro.Mongolia


Бие өвдөх, стресс мэдрэх, дархлаа сулрах, хоолны дуршил буурах гээд эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлуудад эмч, мэргэжилтнүүд сайн унтаж амрахыг санал болгодог. Үүнтэй холбогдуулан тав тухтай нойрсоход туслах ухаалаг төхөөрөмж, гар утасны аппликейшнууд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хэрэглэгчдийн дунд улам л эрэлттэй болж эхэлсэн билээ. Харин эдгээр төхөөрөмжүүдэд хэт автах нь эргээд нойргүйдэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж эхэлжээ.

Тухайлбал нойр хянадаг ихэнх аппликейшнууд хэрэглэгчийг унтаж байх үедээ хэр их хөдөлж, хурхирч, ярьж, сэрж байна вэ гэдгийг бүртгэж, шөнийн турш чанартай, бат бөх унтаж байгаа эсэх дээр суурилан 1-100 оноо болон хувиар дүгнэдэг. Хэрэв хэрэглэгч хөдлөх, босох, утсаа оролдох зэргээр унтахаас өөр үйлдэл хийвэл дээрх оноо буурсаар байдаг. Иймд зарим хэрэглэгч нар чанартай нойр авахаасаа илүүтэй тоон үзүүлэлтэд хэт анхаарч, нойр нь хүрэхгүй байсан ч унтахыг хичээж эхэлснээр стресст өртөх, тав тухтай унтаж амарч чадахгүй байх, нойргүйдэх зэрэг сөрөг нөлөө мэдрэх болсон байна. Энэ талаар зүрхний цохилт, стрессийн түвшин, нойрны хэмнэлийг өндөр нарийвчлалтайгаар хянахад тусалдаг ухаалаг бөгжийг зохион бүтээсэн Oura компанийн дэд ерөнхийлөгч, доктор Шямал Пател "Хүмүүс ухаалаг төхөөрөмжөөс өгч буй нойрны мэдээлэл, тоон үзүүлэлтэд хэт автаж, төгс нойр авах гэж санаа зовсоор олигтой унтаж чадахгүй байна" гэж дүгнэсэн ба мэргэжилтнүүд үүнийг orthosomnia гэж нэрлэн, нэг төрлийн сэтгэлзүйн эмгэг гэж үзэх болжээ. Мөн энэ тухай Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн нойрны эмч, анагаах ухааны доктор Кеннет Сассовер "Ихэнх аппликейшнууд хүний зүрхний цохилтын хэлбэлзлийг тооцох замаар нойрны чанарыг шууд бусаар хэмждэг. Гэвч яг үнэндээ хүн өөрийгөө нойр муутай байна гэж бодох тусам сайн унтаж чаддаггүй. Таны бодож, итгэж байгаа зүйл сэтгэл санааны байдалд тань шууд нөлөө үзүүлдэг. Зарим өвчтөнүүд маань 'Эмчээ би сүүлийн үед сайн амарч байгаа л даа. Гэхдээ энэ аппликейшны тоон үзүүлэлтийг хар даа' гээд ухаалаг төхөөрөмждөө найдаж, хэр их амарсан эсэхээ тодорхойлох гэж оролддог" хэмээжээ.

Аппликейшн ашиглаж шөнийн нойроо хянах нь нойргүйдлийг улам дордуулдаг уу? (фото 1)

Үүнийг энгийнээр тайлбарлавал та маш сайхан амарч, нойр тань ханасан сэрлээ гэж төсөөлье. Дараа нь нойр хянадаг аппликейшнаа шалгатал ердөө зургаан цаг унтсан байв. Энэ тоон хэмжээсийг харснаар танд дахиад унтмаар санагдах, дутуу нойртой байгаа мэт мэдрэгдэх зэргээр тархинд шууд мэдээлэл дамжуулж, улмаар хэвийн бус нойрны хэмнэлд өртөх эхлэлийн үндэс болж өгдөг аж. Үүнтэй холбогдуулан Америкийн Нойрны Анагаах Ухааны Академиас 2023 онд явуулсан судалгаагаар унтахдаа ямар нэгэн ухаалаг төхөөрөмж ашиглан нойроо хянадаг хүмүүсийн 77 хувь нь эдгээр аппликейшнуудыг үр дүнтэй гэж үзсэн бол 33 хувь нь тоон үзүүлэлтэд хэт их ач холбогдол өгсний улмаас нойргүйдэлд өртөх болсон гэх дүгнэлт гарчээ. Иймд мэргэжилтнүүд эдгээр аппликейшнуудыг долоо хоногт нэг удаа хэрэглэж дадахыг зөвлөөд буй бөгөөд тэд нойроо ханатал авах шилдэг арга бол "унтлагын өрөөнөөсөө утсаа гаргах" хэмээн нэрийдээд байгаа гэнэ. 

Аппликейшн ашиглаж шөнийн нойроо хянах нь нойргүйдлийг улам дордуулдаг уу? (фото 2)

Мөн мэргэжилтнүүд ямар нэгэн ухаалаг төхөөрөмж, эмийн тусламжгүйгээр бат бөх нойрсох аргуудыг хуваалцжээ. Үүнд:

  • Тогтсон цагт унтаж хэвших: Өдөр бүр тогтсон цагийн хуваариар сэрж, унтаж үүнийгээ дадал болгон хэвшүүлэх нь нойрны чанарыг сайжруулж, нойргүйдэлд өртөх эрсдэлээс сэргийлж өгдөг.
  • Хэт их унтахгүй байх: "Нойрыг унтаж биш сэрж барна" гэдэг үг бий. Үүний адил ядарсан ч гэсэн хэт их унтахгүй байхыг хичээж, өдрийн цагаар бус шөнийн цагаар сайн унтах тал дээр гол анхаарлаа төвлөрүүлээрэй.
  • Аминдэмээр баялаг эрүүл хоол хүнс хэрэглэж хэвших: Унтахаасаа өмнө хүнд хоол, чихэрлэг зүйлсээс зайлсхийж, төмөр, цайр, магнигаар баялаг хүнс өдөр тутамдаа хэрэглээрэй.
  • Дасгал хөдөлгөөн хийх: Өдрийн цагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь шөнө бат бөх нойрсоход тусалдаг шилдэг аргуудын нэг. Харин унтахаасаа өмнө хэт хүнд дасгал хийх хэрэггүй ба энэ нь биед тодорхой хэмжээний ачаалал өгч унтахад тавгүй мэдрэмжийг өгөх хандлагатай байдаг байна.
  • Бясалгал, йогоор хичээллэх: Сэтгэл санаа тайван, амар амгалан мэдрэмжээр дүүрэн орондоо орох нь чанартай нойр авахын эхлэл мөн. Иймд долоо хоногтоо тогтмол стресс багасгах, анхаарал төвлөрүүлэх, булчин сулруулахад нэн сайнаар нөлөөлдөг хөнгөн дасгалууд болох бясалгал, йогоор хичээллэж хэвшээрэй.
  • Усыг зөв зохистой уух: Шингэн зүйл сайн уух нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг. Харин унтахаасаа өмнө нь хэт их шингэн зүйл уух нь бөөрөнд ачаалал өгч, маргааш нь бие хавагнах, нүд хавдах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг учир усыг өдрийн цагаар бага, багаар ууж заншаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх