Хайх

Шинэ жилээр турахын тулд хатуу дэглэм барих гэж байна уу? Хэрэггүй

Шинэ жилээр турахын тулд хатуу дэглэм барих гэж байна уу? Хэрэггүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Natural Diet төслийн үүсгэн байгуулагч Натали Макиенко яагаад дэглэм барих шаардлагагүйг хүнд ойлгомжтой хэлээр тайлбарлаж, хэрхэн зовж шаналахгүйгээр турах аргыг дэлгэлээ

Гоолиг биетэй болохын тулд бүсгүйчүүд тренд болж буй хоолны дэглэм барьж эсвэл өлсгөлөн зарлаж экстрим арга хэмжээ авдаг бөгөөд энэ нь мэдээж тэр бүр хүссэн үр дүнг нь өгдөггүй. Статистикийн мэдээгээр дэглэм барьсан хүмүүсийн 95% нь хассан жингээ эргүүлэн авдаг байна. Хоолоо сойх нь тэвчээр алдагдуулж улмаар хэтрүүлэн идэхэд хүргэдэг учраас хатуу дэглэмүүд хэзээ ч амжилттай хэрэгждэггүй. Тэр ч бүү хэл жингээ эргүүлж аваад зогсохгүй зарим тохиолдолд өмнө байснаасаа ч илүү хэдэн кг жин нэмдэг.

Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой учраас бүгдэд нь яг ижил тохирсон зөвлөгөө гэж байхгүй. Хоол боловсруулах систем, амьдарч буй газар, улирал, амтлах чадвар гээд хүн бүр өөр, өөр нөхцөл байдал ба орчинд амьдардаг. Үүгээр ч зогсохгүй хүн бүрт зөвхөн өөрт нь тохирдог хүнсний бүтээгдэхүүнүүд ч бий.

Та янз бүрийн арга барил туршин, илчлэгээ тоолж, тогтвортой үр дүнд хүрэлгүй насан туршдаа хоолны дэглэм барихыг хүсэж байна гэж үү? Эсвэл эрүүл амьдралын хэв маяг баримтлан, амттай бас шим тэжээлтэй хоол идэхийн зэрэгцээ гоолиг бие, эрүүл мэндээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу? Тийм ээ, энэ бол хоёр өөр зүйл юм.

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь зөвхөн өөрт тохирох тусгай "программыг" сонгохыг хэлнэ. Зуршил, идэвхтэй/идэвхгүй байдал, шийдвэр, алхам, үг, бодол зэргээс тухайн хүний өдөр тутмын амьдрал бүрддэг. Тиймээс хоорондоо яг адил сэтгэхүй, өвчний түүх, гэр бүлийн байдал, хэмнэл, мэдрэмжтэй хоёр хүнийг олно гэдэг боломжгүй юм.

Өөрийн бие организмоо сонсож, хэрэгцээг нь олж мэдэх нь маш чухал. Жишээ нь үнэхээр ядарч эсвэл спортоор хичээллэх нь сэтгэл зүйн хувьд тухгүй мэдрэмж төрүүлж байвал хэдэн хоног завсарлага авсан нь дээр. Хэрэв мэдрэлийн систем хэт ачааллаж байвал сэтгэл санааны байдлаа өөрчилж, кофеин агуулсан уух зүйлсээс татгалзаж амралт, нойроо зохицуулна.

Шинэ жилээр турахын тулд хатуу дэглэм барих гэж байна уу? Хэрэггүй (фото 1)

Яагаад хоолны дэглэм болон илчлэгээ тоолох нь үр дүн өгдөггүй эсвэл түр зуурын үр дүнд (сэтгэл зүйн хувьд тухгүй мэдрэмж үүсгэн) хүргэдэг вэ?

Үүнд хэд, хэдэн шалтгаан бий:

-Илчлэг багатай хоолны дэглэм
-Шим тэжээлийн дутагдал
-Тэнцвэргүй хооллолт
-Амтгүй хоол
-Таашаалын дохио ба цадах дохио алга болох

Хүний бие организм бүх зүйлд дасан зохицдог. Хэрэв бид энергийн эх үүсвэрээ (илчлэг) багасгавал бие организм энерги зарцуулалтаа ч бууруулж, илчлэг багатай хооллолтод дасаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид бага хоол идэх тусам бие организмд улам бага энерги шаардлагатай болдог. Хоолны дэглэмийн үеэр эхэндээ биеийн жин огцом буурна. Харин дараа нь жин хэвэндээ хөдлөхгүй "зогсоно". Харамсалтай нь эргээд хэвийн хооллож эхлэхэд жин эргээд нэмэгдэх болно. Тийм учраас л хүмүүс "Алим идсэн ч таргалаад байна" гэж ярьцгаадаг байна.

Өлсөх үед булчингийн массыг шатааж бие организм өөрийгөө тэжээдэг бөгөөд ингэснээр мэдрэлийн системийн үйл ажиллагаа удааширч эхэлдэг. Түүнчлэн өлссөнөөс болж стрессийн даавар (кортизол) нэмэгддэг. Кортизолын хэмжээ тогтмол өндөр байснаар илүүдэл жин, өөхлөлт, чихрийн шижин, хөгшрөлт болон бусад асуудлууд үүсдэг. Үүнээс болж хүмүүсийн тэсвэр тэвчээр алдарч хэтрүүлэн идэж, булчингийн масс багасч, анхаарал төвлөрөлт муудаж, байнга ядрах болно.

Юу хийх вэ?

Хамгийн хэцүү нь мэдээж эхлэх. Хэрэв хатуу хоолны дэглэмээ зөв хооллолтоор соливол бодисын солилцоо түргэсэж, бүх эд эрхтэн, эд эсүүд тэжээгдэж, ус давсны тэнцвэр сэргээгдэж, ходоодны үйл ажиллагаа сайжирч үр дүнд нь илүүдэл 3-5 кг (хэрэв илүүдэл жин байгаа бол) арилна.

Хүн бүрийн мэддэг, улиг болсон хэдий ч маш чухал зөвлөгөө: Өглөө бүр аяга ус ууж заншаарай. Нимбэг, зөгийн бал зэрэг нэмэлт орц найрлагагүй цэвэр ус байхад л болно.

Хоолны цэсээсээ давсыг бүр мөсөн хасах хэрэггүй. Учир нь ус-давсны тэнцвэр нь давс ус хоёроос л бүрддэг. Хэрэв давс огт хэрэглэхгүй байгаа тохиолдолд шингэний дутагдалд орж, кальци зэрэг эрдэс бодисууд алдагдана. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд том ширхэгтэй давс хэрэглэх хэрэгтэй гэж Natural Diet төслийн үүсгэн байгуулагч зөвлөж байна.

Мөн хоолондоо улаан мах хэрэглэж байгаа бол ямар нэгэн нэмэлт хачир хэрэглэхийг зөвлөхгүй. Махан бүтээгдэхүүнийг боловсруулахад бие организм хамаг хүчээрээ ажиллах хэрэг гардаг бөгөөд энэ үеэр элэг, бөөр, цөсний хүүдий хамгийн ихээр ачаалал авдаг. Махыг боловсруулахын тулд бие организм тасралтгүй 24 цаг ажиллаж, фермент ялгаруулах шаардлагатай болдог. Улмаар хүчил ялгарч, хүчилжил явагддаг. Энэ үйл явцыг хөнгөвчлөхийн тулд махыг зөвхөн ногоотой (төмс, эрдэнэ шиш, вандуй, чанасан улаан манжин ба луувангаас бусад) идэх хэрэгтэй.

Шинэ жилээр турахын тулд хатуу дэглэм барих гэж байна уу? Хэрэггүй (фото 2)

Шөнө унтахынхаа өмнө хоол идэх нь муу гэдгийг хүн бүр мэддэг ч орчин үед үүнээс бүр мөсөн татгалзах нь боломжгүй юм. Тэгэхээр юу хийх вэ гэж үү? Унтахаасаа 3-4 цагийн өмнө амьтны гаралтай уураг идэхээс татгалзаж, энэ үеэр зөвхөн болгосон ногоотой хоол ба ургамлын гаралтай уураг идээрэй.

Оройн цагаар өлсөхгүйн тулд хэт олон цагийн зайтай хооллохгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл цагаар хооллох бус бие организмоо чагнан, зөвхөн өлссөн үедээ л хооллох ёстой юм. Ерөнхийдөө таваас дээш цаг өлсгөлөн байх нь тийм ч сайн зүйл биш. Тиймээс цүнхэндээ, машиндаа эсвэл оффистоо элсэн чихэр, гурил эсвэл ямар нэгэн нэмэлт орц найрлагагүй самар, хатаасан жимс зэрэг зуушнуудыг хадгалж байхыг зөвлөж байна.

Мөн хамгийн чухал нь хоол амттай байх ёстой! Хэрэв та хоолноос таашаал мэдэрч чадахгүй бол цадсан мэдрэмж авахгүй гэсэн үг юм. Улмаар хүн сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмж авч, өөрийгөө аз жаргалгүй мэдэрдэг.

Эрүүл мэнд, гоолиг бие ба амттай хоолыг хослуулж болно! Орчин үед өөрийн гараар эрүүл, амттай хоол бэлтгэж идэхээс гадна ресторанд ч ийм хоол идэх боломжтой. Хэрэв тухайн рестораны цэсэд таны хүссэн эрүүл хоол байхгүй бол тухайн хоолны ямар нэг орц, найрлагыг хасаж, өөр бүтээгдэхүүнээр орлуулж, өөрийн хүссэн сүмсийг бэлтгүүлж болно шүү дээ. Хэрэв та үнэхээр жин хасахыг хүсвэл хэт их зовж, тэвчээрээ барахгүйгээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой гэдгийг санаарай. Бүх зүйл таны бодож байгаа шиг хэцүү биш юм шүү!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх