Хайх

Синестези гэж юу вэ? Дууг өнгөөр, амтыг дүрсээр төсөөлөх нь хэвийн үзэгдэл үү?

Синестези гэж юу вэ? Дууг өнгөөр, амтыг дүрсээр төсөөлөх нь хэвийн үзэгдэл үү?

Text: Buro.Mongolia


Зураг:

Синестезитэй хүн мэдээлэл хүлээн авах үед тархин дахь нэгээс дээш тооны олон төрлийн мэдрэхүй нь өдөөгддөг байна. Энэхүү эгэл бус мэдрэлийн ажиллагаатай хүмүүс нь дуу сонсохдоо тодорхой нэгэн өнгө төсөөлж, хоолыг амтлахдаа янз бүрийн дүрснүүдийг хардаг билээ. Мөн 2006 онд хийсэн судалгааны дагуу синестезитэй хүмүүс дэлхийн нийт хүн амын 2-4 хувийг эзэлдэг гэжээ.

Синестезитэй хүнд юу мэдрэгддэг вэ?

Синестезитэй хүний мэдрэлүүд хоорондоо нэгддэг бөгөөд эд юмс, үйл явдлыг нэмэлт хэмжүүрээр мэдэрдэг байна. Тухайлбал, хоол идэх үед дугуй, дөрвөлжин, гурвалжин зэрэг геометрийн дүрснүүд давхар төсөөлөгдөнө. Эсвэл хайртай хүнээ төсөөлөн нүдээ анихад ямар нэг өнгө харагдаж, харах мэдрэхүйгээ ашиглах үед амтлах мэдрэхүй давхар ажилладаг гэх мэт. Магадгүй та энэ хүртэл уншихдаа тус мэдээний өгүүлбэр бүрийг яг л өөр төрлийн хүмүүстэй харилцаж байгаа мэт шинж чанараар нь ангилж байгаа бол та синестезитэй байх өндөр магадлалтай юм.

Синестези хэрхэн үүсдэг вэ?

Дийлэнх тохиолдолд синестези нь төрөлхийн байдаг эсвэл бага насанд нь идэвхэждэг хэдий ч мөн хожуу үед үүсэж, удам дамжих боломжтой гэдэг нь судалгаагаар тогтоогдсон билээ. Түүнчлэн дийлэнх синестезитэй хүмүүс солгой гартай, дуу хөгжим, урлагт онцгой сонирхолтой, эмэгтэй хүмүүс байдаг гэнэ.

Эдгээрээс гадна мескалин, псилоцибин, LSD зэрэг сэтгэцэд нөлөөлөх эм эсвэл каннабис, согтууруулах ундаа, кофеин нь түр зуурын синестезийг үүсгэдэг байна.

Синестезийн шинж тэмдгүүд

Синестези нь олон төрөл байдаг бөгөөд тус бүр харилцан адилгүй шинж тэмдэгтэй. Хамгийн түгээмэл нь grapheme-color synesthesia буюу үг, үсэг, тоог өнгөөр тодорхойлон төсөөлөх юм. Үүнээс гадна дуу, хөгжмийг өнгөөр, тоог дүрсээр гэх мэт бусад төрлүүд бас бий. Тиймээс бид хамгийн нийтлэг тохиолддог шинж тэмдгүүдийг хүргэж байна.

- Харах, үнэрлэх, амтлах гэх мэт мэдрэлүүд хоорондоо зориудаар бус огтлолцох.

- Мэдрэхүйн харилцан огтлолцлыг өдөөдөг идэвхжүүлэгчтэй байх. Тухайлбал, А үсэг харах тоолонд улаан өнгө төсөөлөгдөх.

- Өөрт төрж буй эдгээр мэдрэмжүүдээ бусад хүмүүст тайлбарлах чадвартай байх.

Синестезийн эмчилгээ

Синестезийг эмчилдэг эмчилгээ одоогоор байхгүй бөгөөд үүнийг эмгэг гэж хүлээж авах хүмүүс цөөн байдаг. Гэсэн ч энэхүү байдлаас шалтгаалан нийгмээс тусгаарлагдан улмаар сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх тохиолдлууд гардаг бөгөөд эдгээр хүмүүст сэтгэл зүйн мэргэжилтнүүдэд хандахыг зөвлөдөг байна.

Синестезитэй алдартнууд

Бидний мэдэх Канье Уэст, Фаррелл Уильямс, Мэри Жей Блайж, Тори Эймос, Дюк Эллингтон, Лорд гэх мэт алдартнууд синестезитэй байна. Мөн Винсент ван Гог, Жоан Митчелл нар синестезитэй байсан гэх таамаг байдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх