Хайх

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

Мэргэжлийн эмч зөвлөж байна

Text: А.Сарнай


Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирэх, хөх ургах, жирэмслэх, цэвэрших гэх мэт дааврын огцом өөрчлөлтүүд бий болгох байгалийн хүчин зүйлс эрэгтэй хүнтэй харьцуулахад их байдгаас гадна хүсээгүй жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар гээд зөвхөн эмэгтэй хүнд хамаарах эрүүл мэндийн асуудал ч нэлээдгүй бий. ДЭМБ охид эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд саад болдог нийгмийн хүчин зүйлсийг хүйсийн болоод орлогын тэгш бус байдал, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бодит туршлага, эсвэл болзошгүй эрсдэл, ядуурал хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр ч 2018 онд зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар нас барсан 311,000 эмэгтэйн 85 гаруй хувь нь бага болон дунд орлоготой улсын эмэгтэйчүүд байсан нь хувь хүний амьдралын хэв маягаас гадна улс орны эдийн засаг, амьдралын чанар иргэдийн эрүүл мэндэд ямар их хамааралтайг харуулсан жишээ болсон билээ. 


Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 1)

Энэ удаад эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээр 25 жилийн турш ажилласан Н.Оюун манай улсад нийтлэг ажиглагдаж буй эмэгтэйчүүдийн өвчлөл, түүний учир шалтгаан болон урьдчилан сэргийлэх арга замын талаар BURO.-гийн уншигчдад хуваалцлаа.


Яагаад эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай вэ?

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 2)

Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна. Умайн хүзүү нь өөрөө дүлий эрхтэн учраас хавдар болсон ч ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй нь хурдан хүндрэх гол шалтгаан болдог. Тиймдээ ч дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт бичигдэж байна. Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг. Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн. 


Эмэгтэйчүүдийн дунд ямар өвчлөл нийтлэг ажиглагдаж байна вэ? 

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 3)

Манай улсын хэмжээнд нийтлэг ажиглагдаж буй өвчлөлд үтрээний үрэвсэл, тэр дундаа үтрээний бактерижилт ордог. Үтрээ гэдэг нь бактеритай орчин бөгөөд түүний дийлэнх хувийг ашигтай бактери эзэлж байх ёстой ч дархлаа сулрах, буруу угаалга олон давтамжтай хийх (саван их хэрэглэх), антибиотикийн хэт их хэрэглээ зэргээс шалтгаалж хэвийн бактериуд устаж, ашиггүй бактерийн тоо нэмэгддэг нь өвчлөлийн суурь болдог.

Түүнчлэн энэхүү үрэвсэл нь үүсгэгчээсээ шалтгаалаад шинж тэмдэг болон онош нь өөр өөр байдаг бөгөөд анхан шатны оношилгоог мазокоор хийлгэж болохоос гадна үтрээний PCR, бактерилог гээд нарийвчилсан шинжилгээ хийлгэх ч боломжтой. Харин ямар нэгэн арга хэмжээ авахгүй удаан явах нь умайн хүзүү, умай, өндгөвч зэргийг давхар үрэвсүүлээд зогсохгүй жирэмсний эхэн үед эхэс ховхрох, зулбах, жирэмсний хожуу хугацаанд эрт ус гарах, дутуу төрөх шалтгаануудын нэг болдог учраас зайлшгүй анхаарах шаардлагатай юм.


Амьдралын хэв маяг ба өвчлөл

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 4)

Хэт их ажлын ачаалалтай, стресстэй үед сарын тэмдгийн мөчлөг алдагдаж эхэлдэг ба энэ нь цаашлаад дааврын тогтворгүй байдал үүсгэдэг. Гэтэл дааврын алдагдал нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэлзүйд шууд болон шууд бусаар нөлөөлөх чадвартай учраас сэтгэл гутралд орох, уур уцаартай болох, хурдан ядрах, бүр даамжирвал жирэмслэхгүй байх шалтгаан болох эрсдэлийг ч дагуулж байдаг. Үүгээр зогсохгүй хүйтэн, чийгтэй орчинд удаан ажиллах, дороосоо даарах, шөнө унтахгүй байх, бэлгийн харьцаанд хэт эрт орох, бэлгийн олон хамтрагчтай байх, тамхи татах зэрэг нь урт хугацаандаа таны төсөөлж буйгаас их сөрөг үр дагаврууд дагуулах боломжтой.  


Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн анхаарах шаардлагатай зүйлс

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 5)

Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд өөртөө маш их анхаарал тавьдаг хэр нь төрсний дараа өөрийгөө мартчих нь элбэг. Гэтэл эх хүн хөхний сүүгээрээ маш их эрдэс бодис алдаж байдгийн зэрэгцээ урт хугацаанд дутуу нойртой явсны улмаас ядарч, бухимдаж эхэлдэг. Хэдийгээр дөнгөж төрсөн ээжүүдийн дунд энэ нь энгийн л үзэгдэл мэт санагдаж болох ч шаардлагатай эм бэлдмэл, витаминаа тогтмол ууж, сайн унтаж амарч, гэр бүлээсээ санаа зоволтгүй туслалцаа авч сурах чухал. Мөн дөнгөж төрсний дараа шавхраг 10 хоногийн дотор шавхагдаж дуусах ёстой ба үүнээс илүү урт хугацаагаар гарах, эсвэл ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгт зайлшгүй хамрагдах ёстойг анхаараарай.


Эмэгтэйчүүдийн мөрдвөл зохих эрүүл амьдралын хэв маяг

Яагаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх шаардлагатай вэ? (фото 6)

Чанартай нойр: Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал эрэгтэй хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг нь тэдний нойрны асуудалтай шууд холбоотой. Хангалттай сайн унтаж амарсан хүний тархи сэргэг, сэтгэл санаа өөдрөг, бие эрч хүчтэй байдаг ба энэ нь олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол цөм гэдгийг мартаж болохгүй.

Зөв арчилгаа: Эмэгтэй хүн бүр өдөр тутамдаа үтрээний зөв угаалга, зөв арчилгаанд анхаарах шаардлагатай. Учир нь үтрээний орчин эрүүл, цэвэр байж л умайн хүзүү, үрийн хоолой, өндгөвч эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Үтрээг өдөр тутамд бүлээн гоожуур усаар угаах, саван хэрэглэхгүй байх, эмчийн зааваргүйгээр олон төрлийн өнгө, үнэртэй лаа, цацлага гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх (эдгээр нь үтрээний хэвийн орчныг алдагдуулж, нян бактери үржих нөхцөл бүрдүүлдэг) тал дээр анхаарах нь зүйтэй. 

Зохистой хооллолт: Жимс жимсгэнэ, навчит ногоо, саримс, цагаан гаа, сүү цагаан идээ, самар, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь Витамин A, B, C, E, D, K, кали, магни, цайр, антиоксидант гээд хүний биед хэрэгтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг. Эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд хамгийн ихээр өртдөг учраас зөвхөн жин нэмж, хасахын тулд бус сэтгэл ханамж, таашаал мэдрэхийн зэрэгцээ бие болоод сэтгэлзүйгээ эрүүл байлгахыг эрхэмлэж сурахыг зөвлөж байна. 

Дархлаагаа дэмжих: Дархлааны систем нь хүнийг өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалах хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч гэж тодорхойлж болно. Харин дархлааны систем ажиллахгүй байх үед хүний биед нян бактери амжилттай нэвтэрч, олон төрлийн өвчлөл үүсгэх таатай нөхцөл бүрддэг. Тэгвэл дархлааны системээ сайтар ажиллуулахын тулд гэдсэн дэх ашигтай бактериа нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлсөө гадагшлуулах, хангалттай хугацаагаар чанартай нойр авах, зөв хооллох, мөн шаардлагатай вакцинуудад хамрагдаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах энгийн дүрмүүдийг мөрдөхөд л хангалттай юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх