Хайх

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ?

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ?

Text: А.Сарнай


Зураг:
Зураг:
Зураг:

Хүүхдийн тархи амьдралын эхний таван жилд хамгийн хурдацтай хөгжиж, насан туршийн төлөвшлийнхөө 80-90 орчим хувийг олж авдаг. Тиймдээ ч бага насандаа эцэг эхийн онцгой анхаарал, халамжид өссөн хүүхэд нас биед хүрэх үедээ ажил, амьдралын хувьд маш их амжилт гаргах боломжтой гэдгийг сэтгэл судлаач Дэвид Вайкарт баталсан байдаг. Тэгвэл энэ мэтчилэн хүүхэд хүмүүжлийн талаарх олон жилийн ажиглалт, судалгаа, ном, подкаст зэрэг мэдээллийн асар их урсгалд амьдарч буй шинэ үеийн эцэг эхчүүдийн хүүхэд өсгөх арга барил хурдацтайгаар хувьсан өөрчлөгдсөөр байна.

Хүүхдийг хооллох, хувцаслах, сурч боловсрох боломжоор хангах үндсэн үүргүүдээс гадна тэднийг бие даасан “хувь хүн” гэдгийг ойлгож, хүсэл сонирхлыг нь хүндэлж, бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл өсөн торниход анхаарах чухлыг эцэг эхчүүд маш сайн ойлгодог болжээ. Тэгвэл орчин цагийн эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө дараах зүйлсийг чухалчилдаг болсон юм.


1. Хувь хүний онцлогийг хүндэлдэг

Хүн бүр өөрийн гэсэн зан араншин, хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, үзэл бодолтой байж аз жаргалтай амьдрах л хамгийн чухал гэдгийг орчин үеийн эцэг эхчүүд маш сайн мэддэг. Тиймдээ ч хүүхдээ бусадтай харьцуулалгүйгээр хувь хүнийх нь онцлогийг хүндэлдэг, өөрийн биелүүлж чадаагүй мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан биелүүлэх оролдлого хийдэггүй.

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 1)

2. Хэвшмэл ойлголтод баригддаггүй

Энэ нь бид хуучны хүмүүжлийн арга барилыг буруутгаж, үгүйсгэж буй гэсэн үг огтоос биш. Хамгийн чухал нь орчин үеийн эцэг эхчүүд “ийм л байх ёстой” гэдэг хязгаарлагдмал дүрэмд хайрцаглагдалгүйгээр хүүхдийнхээ суралцахуйн арга барил, хувь хүний онцлогт нь тохируулж, өөр өөрийн гэсэн ялгаатай арга барилаар хүүхдээ хүмүүжүүлдэг болсон юм.

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 2)

3. Хамтдаа өнгөрүүлэх цаг хугацааг чухалчилдаг

Эцэг эхчүүдийн хүүхдэдээ зориулж буй минут, секунд бүр хүүхдийн хүмүүжил, ирээдүйн амьдралд ямар чухал үүрэгтэй болохыг тэд маш сайн мэддэг. Хүүхэдтэйгээ олон сэдвийн талаар нээлттэй ярилцаж үзэл бодлыг нь сонсох, гэр бүлээрээ хамт суугаад хооллох, цаг гарган тоглох, ном уншиж өгөх зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүд хүүхдэд үл ганхах бат бөх хүмүүжлийн суурийг тавьж өгөхөд хамгийн чухал билээ.

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 3)

4. Аливаа зүйлд илүү ул суурьтай ханддаг

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй, мэдээллийн эрин зуунд амьдарч буй эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжлийн талаарх өөрт хэрэгтэй мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж авах боломжтой мэдээллийн эх сурвалжууд түгээмэл болсон. Тиймдээ ч хүүхдийнхээ хооллолт, эрүүл мэнд, сэтгэл зүй, хүрээлэн буй орчинд нь хэзээ хэзээнээс илүү анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг болоод байна.

Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 4)

Хүүхэд хүмүүжлийн хамгийн алдартай аргууд

Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, нийтээр өргөн хэрэглэдэг эдгээр сурган, хүмүүжүүлэх аргууд нь нийгмийн гарал үүсэл, санхүүгийн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд нэг бүрийн өгөгдлийг нээн илрүүлж, боловсролын эрх тэгш байдлаар хангахад оршдог. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр арга зүйн гол үзэл санааг ойлгож, өөрийн арга барилаар хүүхдэдээ зааж сургах нь чухал билээ.


Монтессори (Montessori)

Хүүхдийг хүмүүжүүлэх бус хөгжүүлэх систем хэмээн тодорхойлогддог Монтессори арга зүйг 1900-аад оны эхэн үеэс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхдэд тогтоосон хил хязгаартай эрх чөлөөг олгох замаар сэтгэл зүй, бие бялдар болоод нийгэмшихүйн чадварыг нь зэрэг хөгжүүлэхийг зорьдог. Монтессори орчинд өссөн хүүхэд бүтээлч сэтгэхүйтэй, бие даасан, зөв дадал хэвшилтэй, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх чадвартай болно хэмээн үздэг байна.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 5)

Валдорф (Waldorf)

1919 онд Германы философич Рудольф Штайнерын тодорхойлсон Валдорф сурган хүмүүжүүлэх арга барил нь хүүхдийн практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Монтессоригоос ялгаатай нь хүүхэд тоглох, суралцах эд зүйлсээ өөрийн гараар бүтээх замаар төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэхүйгээ сайжруулах ёстой хэмээн үздэг байна.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 6)

Режжио Эмилия (Reggio Emilia)

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн Режжио Эмилия сурган хүмүүжүүлэх арга зүй нь хүүхдийг нийгэм, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэй ойр байлгаж аливаа зүйлд бодитоор ханддаг, юмсыг сониуч нүдээр хардаг, хариуцлагатай иргэнийг бүтээхэд оршино. Мөн хүүхэд зөвхөн ярихаас гадна зураг зурах, жүжиг тоглох, бичих зэрэг өөрийгөө маш олон янзаар илэрхийлдэг учир тэднийг маш сайн ажиглаж, суралцахуйн арга барилд нь тохирсон зөв техникээр зааж сургах чухлыг онцолдог.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 7)

Тэгвэл залуу үеийн төлөөлөл болсон эцэг эхчүүдээс тэд хэрхэн хүүхдээ өсгөдөг талаарх бодлыг сонссоноо уншигч та бүхэндээ хуваалцъя.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 8)

Нэг хүүхдийн аав Б.Шинэбаяр, 26 настай

Хүүхдэдээ сонголтыг өөрөө хийж, сайн ч муу ч үр дүнг нь өөрийн биеэр мэдрэх боломж олгохыг хичээдэг. Гэхдээ мэдээж сонголт хийлгэхээс урьтаж аливаа зүйлсийн учир шалтгаан, үр дүнг нь маш сайн тайлбарлаж өгнө. Мэдээж надад мэдэхгүй, чадахгүй зүйл их, хүүхдийнхээ асуултад бүдрэх үе бишгүй олон. Тийм ч учраас аав болсноос хойш шинээр маш их зүйлд суралцаж, охинтойгоо хамт л өсөөд явж байна. Ер нь л хүүхэд маш хурдан том болдог юм байна лээ. Тийм болохоор юм бүхнийг дөнгөж сурч эхэлж байгаа хөөрхөн насанд нь аль болох их цагийг хамт өнгөрөөхийг л хичээдэг дээ.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 9)

Гурван хүүхдийн ээж У.Аззаяа, 30 настай

Миний хувьд хүүхдүүдээ эрүүл чийрэг, бусдыг хайрладаг зөөлөн, тайван хүн болж өсөөсэй гэж хүсдэг. Хүүхдүүдтэйгээ найз шиг ярилцаж, маш сайн сонсогч бас зөвлөгч нь байх чухал. Мөн багаас нь шинэ зүйлс хийж сурах оролдлогыг нь дэмжиж “чи сайн байна, дараагийн удаа бүр ч илүү сайн хийж чадна” гэх мэтээр магтаж урамшуулахыг хичээдэг. Хүүхэд тэр чигтээ л аав ээжийн тусгал. Тиймээс өөрөө маш сайн үлгэр дуурайлал болж хамтдаа байх багахан мөчүүдээ хайраар дүүрэн өнгөрүүлэхийг чухалчилдаг.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 10)

Нэг хүүхдийн ээж Б.Энхзаяа, 34 настай

Охинтойгоо аль болох чанартай цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Шинэ зүйлс зааж өгч, шинэ газраар хамтдаа явж, сонирхолтой зүйлс туршиж үзэх ч гэдэг юм уу. Бас энэ ийм байх ёстой, тэр тийм байх ёстой гэж томчуудын амьдралын дүрэм журамд баригдалгүйгээр хүүхэд насаа өөрийн гэсэн гоё ид шидийн мэт мөрөөдлийн ертөнцдөө аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээсэй гэж хүсдэг.


Modern Parenting: Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (фото 11)

Хоёр хүүхдийн аав Б.Алдар, 38 настай

Ямар ч үед хүүхдүүдтэйгээ хамт тоглох, тэдэндээ цаг зав гаргахад ач холбогдол өгдөг. Ерөөсөө л хүүхэдтэйгээ дотно байж, ямар нэгэн айдасгүйгээр надтай чин сэтгэлээсээ ярилцдаг, ээждээ ч хэлдэггүй нууцаа аавтайгаа хуваалцдаг тэр итгэлийг олж авахын тулд багаас нь хамт тоглох хэрэгтэй. Тэгэхдээ хүүхдийнхээ өндөрт тааруулан доош сууж, яг л найз шиг нь чин сэтгэлээсээ байх чухал. Энэ нь би хүүхдээ хүндэлж, хүүхэд ч намайг хүндэлж харилцаж сурах хамгийн энгийн хэр нь чухал алхам. Мөн орой унтахаас нь өмнө үлгэр уншиж өгөхөөс илүүтэй хамтдаа үлгэр зохиож ярих нь хүүхдийг төсөөллийн ертөнцөөр аялуулж, сэтгэн бодох чадварыг нь сайжруулдаг гэж боддог.


Эцэст нь хэлэхэд бид нэгэнт ээж, аав байх сонголтыг хийсэн л бол эрүүл чийрэг, зөв төлөвшил, хүмүүжилтэй ирээдүйн иргэнийг бэлтгэх чухал үүрэг хариуцлагыг хүлээдэг. Харин энэхүү үүргээ маш сайн биелүүлэх хамгийн эхний алхам бол эцэг, эхчүүд ямагт өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйд анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, өөртөө цаг зав гаргадаг байх чухал юм шүү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх