Хайх

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга

Сэрүү татсан энэ өдрүүдэд баяр баясгалан, амгалан тайван байдлыг бэлэглэх шилдэг аргууд

Text: Buro.Mongolia




Уруулаа маш тод өнгийн будгаар будах

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 1)

Час хийсэн улаан, улбар шар, дарсны, ойн жимсний, ялдам цэцэгний гээд л уруулын будаг тань тод, өнгөлөг байх тусам бороотой бүрхэг өдрийг гэрэлтүүлж, таны сэтгэл санаа хурдан сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Бүх цаг үеийн шилдэг таван улаан уруулын будагтай энд даран танилцаж энэ намар хэрэглэх будгаа сонгоорой.



Шар хулуу худалдаж авах

Гялалзсан улбар шар өнгийн хулууг хараад л тэр даруй сэтгэл санаа өөдрөг болдгийг та анзаарсан биз ээ. Тэгвэл шар хулуу өөр маш олон төрлийн ач тустай гэдгийг ч мэдэж авахад илүүдэхгүй юм. Жишээ нь бета-каротин, С, Е, В бүлгийн витаминаар баялаг хулууны голын зөөлөн хэсгийг халуун ногоо, зөгийн бал, алим эсвэл самартай жигнэх нь маш тохиромжтой байдаг. Мөн хулууны жижиглэсэн хэсгийг каш болон салатанд нэмж болох бөгөөд үүнийг хатааж эсвэл чанамал болгон хэрэглэх боломжтой юм. Харин хулууны гаднах хальсаар нь удахгүй тохиох Хэллоуины баярт зориулан дэнлүү хийгээрэй.

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 2)


Цай уух

Намрын улиралд уухад нэн тохиромжтой, нэгэн хачирхалтай аргаар бэлтгэгддэг цайны жорыг бид ОХУ-ын цайны өв соёлыг түгээж буй Давид ба Рамаз Чантурия ах дүүсийн туурвисан "Цай. Аль ч улиралд зориулсан жор" нэртэй номоос мэдэж авсан юм.

Орц:

  • 3 ц.х. нунтагласан Кенийн цай
  • 12-15 ш хальсалсан хуш самар
  • 2-3 ш гааны навч
  • 2 ц.х. туулайн бөөр модны самрын зөгийн бал
  • 400 мл цэвэр ус

Хийх жор:

Урьдчилж халаасан шаазан данханд хар цайны хандаа хийгээд дээрээс нь буцалсан усаар дүүргээд гурван минут хандална. Дараа нь гааны навчсаа нэмээд ахиад хоёр минут байлгана. Бэлэн болсон цайгаа аягалаад, дээрээс нь зөгийн бал нэмж хутгаарай. Мөн хушны самар нэмж, бага зэрэг хөргөөд амтархан уугаарай.



Сайхан мэдрэмж бэлэглэх ном унших

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 3)

Уйтгар гуниг мэдрүүлсэн, нарны туяа дутагдаж байгаа энэ үед хорон санаа, зовлонгоор дүүрэн ертөнцтэй тэмцэж, хүнд хэцүү нөхцөлд ч бусдыг хайрлах чадвартай баатруудын талаарх ном уншихыг зөвлөж байна. Гол нь зохиол заавал аз жаргалтай төгсөх хэрэгтэй юм шүү. Энэ бүхнийг та Мейв Бинчи, Фэнни Флэгг, Розамунды Пилчер, Энн Пэтчетт, Наринэ Абгарян, Фредерика Бакман зэрэг нэрт зохиолчдын уран бүтээлүүдээс олох болно.



Өдрийн тэмдэглэл хөтлөх

Өдрийн турш мэдэрч буй зүйлсээ тэмдэглэж бичих нь хүний сэтгэлзүйн байдалд эерэгээр нөлөөлж, өөртөө дүгнэлт хийхэд тусалдаг хэмээн олон сэтгэлзүйн мэргэжилтнүүд хэлдэг билээ. Хэрэв та бодол санаагаа цэгцэлж чадахгүй байгаа бол уншсан номуудынхаа талаар өөрийн мэдэрсэн зүйлсээ дэвтэр дээрээ буулгаарай. Аажим аажмаар тухайн цаг хугацаанд мэдэрсэн зүйлсээ илтгэх илүү амар санагдах болно.

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 4)


Тайвшруулах ваннд орох

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 5)

Халуун устай ваннд орох нь булчинг сулруулж, булчин зангирах болон толгой өвдөх асуудлыг багасгахаас гадна булчингийн уян хатан чанарыг сайжруулдаг. Энэ үйлдэл нь иллэг хийлгэхтэй ижил үр дүнтэй бөгөөд бүхэл өдрийн турш ширээний ард суудаг хүмүүсээс эхлээд тамирчид гээд хүн бүрт л сайн нөлөөтэй байдаг. Тэгвэл бид энэ удаад дараах гурван төрлийн алжаал тайлах ванныг санал болгож байна.

  • Овьёостой ванн

100 г овьёос, 50 ​​г том ширхэгтэй давс, 50 ​​г хатаасан алтантовч цэцгийг бутлагч машинд хийгээд сайтар нунтаглана. Дараа нь эдгээрийг жижиг даавуун уутанд хийж, халуун устай ваннда хийгээд хэдэн минут хүлээсний дараа ванндаа хэвтээрэй.

  • Лаванда цэцэгтэй ванн

Бутлагч машинд 3 х.х. хатаасан лаванда цэцгийг буталсны дараа 3 х.х. үнээний цэвэр сүү болон 2 х.х. ургамлын гаралтай сүү нэмнэ. Хутгагчаар сайн хольсны дараа ваннд хийгээрэй.

  • Гаатай ванн

Цэвэр устай том савыг хүчтэй гал дээр тавьж, хэдэн ширхэг гааны навч, ганга өвс, мэргэн ургамлыг хийнэ. Мөн буцалж эхлэхээр нь атга сарнайн дэлбээ нэмнэ. Буцалсных нь дараа зөөлөн гал дээр 3-5 минут байлгаад дараа нь таван минут орчим хандалж амраана. Эцэст нь доторх ургамал, цэцгийн навчсыг шүүж аваад усыг нь ваннд хийнэ. Ваннд ойролцоогоор 20 минут хэвтээд гарч ирсэнийхаа дараа 15 минутын турш дулаан хөнжил дотор хэвтэх хэрэгтэй юм шүү.



Амин дэмээр баялаг нимбэгийн ундаа уух

Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 6)

Нимбэгийн ундаа нь олон төрлийн амттай жимс, ногоогоор хийгддэг тул дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийн нэгээр нэрлэгддэг билээ. Хэдий тийм ч дэлгүүрт бэлэн зарагдаж буй нимбэгийн ундаанууд өөртөө хэтэрхий их чихэр агуулдаг эрүүл бус найрлагатай байх нь элбэг тул бид гэрийн нөхцөлд хийж болох эрүүл жорыг хүргэж байна.

Орц:

  • 2-3 жүржийн зүсэм
  • ¼ ц.х. турмерик
  • чимх хатаасан яншуй
  • тал нимбэгийн шүүс
  • 360 мл бүлээн цэвэр ус
  • чимэглэлийн зориулалттай нунтагласан хар чинжүү

Хийх жор:

  • Өөрийн хэрэглэх дуртай шилэн стаканд жүржийн зүсмэл, турмерик, яншуй болон нимбэгийн шүүсийг эхлээд хийнэ. Сайтар холиод дээрээс нь бүлээн ус хийгээд л бэлэн болно.


Өөрийн гараар гэртээ зориулж үнэртүүлэгч хийх

  1. Юуны өмнө лаванда, мэргэн, нимбэгийн бальзам, розмарин, туласи буюу нарийн базилик, сарнайн дэлбээ, гаа гэх мэтчилэн эфирийн тосоор баялаг анхилуун үнэртэй ургамлуудыг сонгоорой.
  2. Ургамлуудын уртыг ойролцоогоор 20-25 см тэнцүү болгон хайчилна.
  3. Бүгдийг нь нийлүүлээд том боодол болгоно.
  4. Органик материалаар хийсэн зузаан даавуу эсвэл зузаан утсаар боодлын доод хэсгийг ороож өгнө. Утасны нөгөө үзүүр нь боодлыг бүхэлд нь бооход хангалттай урт байх ёстой юм шүү.
  5. Ургамлуудыг нэг гараараа хооронд нь сайн нийлүүлж, нөгөө гараараа утсаар доороос нь дээш бооно.
  6. Бэлэн болсон ургамлын үнэртүүлэгчээ харанхуй газар өлгөөтэй байдлаар  3-4 долоо хоногийн турш хатаагаад хэрэглэнэ.
Намрын улиралд дурлуулах 9 үр дүнтэй арга (фото 7)

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Халуунд тэсвэртэй аяга эсвэл сав ашиглана.
  • Ургамлын боодлын доод хэсгээс нь бариад дээд хэсгийг нь шатаана. Галыг зөөлөн үлээснээр анхилуун үнэртэй утаа таны гэрээр тархах болно.
  • Хангалттай утаа уугиж дууссаны дараа унтраахын тулд боодлын дээд хэсгийг усанд дүрнэ. Энэ нь хурдан хатдаг тул ахин ашиглахад амар байдаг.


Өнгө үзэмжтэй өглөөний цай бэлдэх

Өглөөний цай өнгө үзэмжтэй бөгөөд амттай байх нь гарцаагүй намрын хүйтэн улирлыг даван туулахад нэмэр болох жижиг зүйлсийн нэг билээ. Тиймээс таны ширээг чимж, сэтгэл санааг дээшлүүлэх нэгэн өглөөний цайны санааг хүргэж байна.

Карамельтай гадил, лийр болон рикотта бяслагтай шарвин

Орц:

  • 300 г рикотта бяслаг
  • 1 стакан сүү
  • 1 ш өндөг
  • 4 х.х. улаан буудайн гурил
  • ¼ ц.х. хөөлгөгч
  • чимх давс
  • 1 ш гадил
  • 1 ш лийр
  • 2 ц.х. бор элсэн чихэр
  • 2 х.х. ургамлын тос
  • 1 ц.х. цөцгийн тос
  • 2 х.х. агч модны сироп

Хийх жор:

  1. Рикотта бяслагийг өндөг, сүүтэй сайтар холино.
  2. Дээрээс нь бага багаар гурил, хөөлгөгч, давсаа нэмээд холигч машинаар хутгана.
  3. Шарвинг ургамлын тосонд хайлуулсан цөцгийн тосонд хуурна.
  4. Шарвингаа шарсан хайруулын тавган дээрээ жимснүүдээ хийгээд дээрээс нь бор элсэн чихрээ хийгээд хоёр талаас нь зөөлөн гал дээр шарна.
  5. Тавагтай шарвин дээр жимснүүд болон агч модны сиропоо хийж чимэглэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх