Хайх

Алдартнууд текила брэнд гаргаж байгаа нь яагаад асуудал вэ?

Хамгийн сүүлд л гэхэд Кендалл Женнер шинэ текила брэндээ танилцууллаа

Text: Buro.Mongolia


Зураг: Buro. London

Кардашьян-Женнер гэр бүлийн гишүүн бүр яаж хурдан хугацаанд асар их хэмжээний мөнгө олохыг сайн мэддэг. Тиймээс саяхан Кендалл Женнер өөрийн гэсэн текила брэнд гаргахаар болсныг зарлахад гайхах зүйл байгаагүй билээ. Харин тэрээр брэндээ 818 хэмээн өөрийн төрсөн газар болох Калифорни дахь Калабасас хотын бүсчлэлийн кодоор нэрлэсэн нь зарим хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэж байна. Гэхдээ зөвхөн нэр гэлтгүй ер нь л олон алдартан текила брэнд гаргаж байгаа нь тус салбарт хэд, хэдэн асуудлыг бий болгож байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Юуны өмнө өдгөө 25 настай модель бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан текила брэнд гаргах болсноо зарласан юм. "Сүүлийн 4 жилийн турш би хамгийн шилдэг амттай текилаг бүтээх аянд гарсан. Олон арван үйлдвэрээр явж, төрөл бүрийн туршилт, амталгаа хийж, өөрсдийн бүтээлээр тэмцээнүүдэд оролцон ялалт байгуулсны эцэст бид зорилгодоо хүрсэн гэж бодож байна!" хэмээн тэрээр бичжээ.

Кендалл reposado tequila, blanco tequila болон añejo tequila гэх гурван төрлийн текила гаргаж байгаа бөгөөд бүгдийг нь Мексик дахь текиланы үндсэн үйлдвэрлэл явагддаг газар болох Халиско мужид үйлдвэрлэх юм. Хэдийгээр моделийн шинэ брэнд хэзээ нээлтээ хийх, ямар үнээр худалдаалагдах зэрэг гол мэдээллүүд одоогоор тодорхойгүй байгаа ч 818 брэнд аль хэдийнэ салбарынхаа том шагналуудыг (Дэлхийн Текиланы Шагнал гардуулах ёслолоос "Шилдэг Reposado Tequila", Ultimate Spirits Challenge тэмцээнээс Chairman's Trophy
шагнал) хүртээд амжсан нь тун хачирхалтай.

Кендал ийнхүү мэдэгдэл хийсний дараа төд удалгүй түүний Латин-Америк дагагчид дургүйцлээ илэрхийлж, Diet Prada хуудас ч хүртэл тус брэндийг бусдын соёл уламжлалыг зохисгүй байдлаар ашигласан хэмээн буруутгаад авсан байна. Хэрэглэгчид Кендаллыг "шилдэг текиланы амтыг" гаргах түвшний мэргэжилтэн биш хэмээн шүүмжилж, хамгийн гол нь алдартнуудын үүсгэн байгуулж буй ийм зэргийн том брэндүүд дотоодын хэдэн зуун жилийн түүхтэй жижиг брэндүүдэд саад тотгор учруулж байгааг онцолжээ. Жишээ нь нэгэн Twitter хэрэглэгч энэ сэдвээр ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байна. "Мексикийн соёл, уламжлалын талаар ямар ч мэдлэггүй Кендалл Женнер текиланы брэнд үүсгэн байгуулж, тус брэндээ ‘818 tequila' хэмээн нэрлэсэн нь тухайн соёлын түүхэн уламжлалыг үгүй хийж, үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа явдал юм. Тэгвэл Мексикийн уугуул гэр бүлүүдийн эзэмшдэг жижиг текила брэндүүд яах болж байна? Тэд л ийм зэргийн хайп болон дэмжлэгийг хүртэх ёстой шүү дээ". Бас нэгэн Twitter хэрэглэгч "Би Халискогоос гаралтай, Кендалл Женнерт ч дуртай. Гэхдээ түүний эхлүүлж байгаа энэ бизнес надад зохисгүй санагдаж байна. Түүний текилаг би уухгүй ээ. Үүний оронд харин жижиг текила брэндүүдийг дэмжихийг санал болгож байна. Чанар амтны хувьд тэд хавьгүй дээр байна гэдэгт итгэлтэй байна".

Үнэхээр л маш олон алдартнууд текила үйлдвэрлэдэг компани эзэмшдэг бөгөөд бүгд маш ашигтай ажилладаг. Жишээ нь Жорж Клуни 2013 онд бизнесмен Ранди Гербер болон Майк Милдмэн нартай хамтран Casamigos гэх текиланы брэндийг үүсгэн байгуулснаасаа хойш дөрвөн жилийн дараа брэндээ дэлхийн хамгийн том согтууруулах ундааны Diageo компанид уулга алдам 1 тэрбум ам.доллараар зарсан байдаг. Үүнээс гадна "The Rock" гэгддэг Дуэйн Жонсон Teremana Tequila, NBA all-star сагсчин Майк Жордан Cincoro, дуучин Рита Ора Próspero Tequila, мөн Илон Маск Tesla Tequila гэх брэндүүдийг эзэмшдэг билээ.

Мэдээж эдгээр алдартнууд муу бодол тээгээгүйн ойлгомжтой ч Лос-Анжелест суурилдаг бартендер, коктейлийн мэргэжилтэн Лукас Ассисын тайлбарлаж буйгаар "эдгээр алдартнуудын текиланууд тус салбарыг үгүй хийж байна. Алдартнууд зүгээр л том үйлдвэрүүд рүү хандаж, тэдгээр үйлдвэрүүд бэлэн дээжүүдээ илгээж, эцэст нь алдартнууд өөрсдийн хүссэн нэрээ бэлэн бүтээгдэхүүнүүд дээр нааж, хүссэн үнээрээ зардаг" гэнэ.

Мөн түүний онцолсноор үйлдвэрлэлийн хэмжээ их байх тусам текиланы үндсэн орц болох цэнхэр агаве ургамлын эрэлт ихэсдэг. Үүний улмаас тус ургамлын үнэ нэмэгдэж, зөвхөн том компаниуд худалдан авах чадвартай байж, гэр бүлийн эзэмшилтэй жижиг брэндүүд зах ээлд амьд үлдэхэд улам л хэцүү болдог байна.

Иймээс та дараагийн удаа текила захиалахдаа энэ талаар бодож үзээрэй.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх