Хайх

Дэлхийн томоохон загварын орднуудын тансаг 11 ресторан ба кафе

Дэлхийн томоохон загварын орднуудын тансаг 11 ресторан ба кафе

Хамгийн "Instagram"-лаг газрууд

Text: Buro.Mongolia


Café Alaïa Da Rosa кафе, Alaïa, Парис

Парисын загварын долоо хоногтой зэрэгцэн Alaïa брэнд нэрийн Café Alaïa Da Rosa гэх кафены үүд хаалгыг нээсэн билээ. Брэндийн үүсгэн байгуулагч Аззедин Алайя хүмүүсийг оройн зоогонд урьж, тансаг зэрэглэлийн үдэшлэг зохион байгуулах дуртай байсан бөгөөд брэндийн хамт олон тэрхүү баярын уур амьсгалыг Парисын наймдугаар дүүргийн том харшид байрлах Alaïa бүтик дэлгүүрт авчрахаар шийдсэн байна. Амьд навчис, цэцэгстэй хашаагаар хүрээлэгдсэн тус кафе Газрын дундад тэнгисийн уур амьсгалыг санагдуулам Португали, Итали, Испани зэрэг улсуудын амтат хоолнуудаас санал болгодог байна. Мөн зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулагдсан тусгай спа өрөөтэй тул хоол зооглохоосоо өмнө эсвэл дараа нь алжаал тайлах иллэг авах боломжтой юм.

Дэлхийн томоохон загварын орднуудын тансаг 11 ресторан ба кафе (фото 1)

Dior ресторан, Парис

Хоёр жилийн турш явагдсан засварын дараа Dior загварын ордны төв байр үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Энэ удаад нэрт брэнд үйлчлүүлэгчдэдээ зориулж нэгэн гэнэтийн бэлэг бэлджээ. Тодруулбал, загварын ордон олон давхар бүтик дэлгүүрээс гадна мөн нэрийн ресторанаа нээхээр болсон байна. Францын тогооч Жан Амбертын гарын хоолыг Монтень, 30 гудамжинд байрлах зургаан давхар түүхэн барилга дотор амталж үзэх боломжтой юм. Dior дэлгүүрийнхээ нээлтийн товыг хараахан зарлаагүй байгаа ч төлөөлөгчид нь төв байр тэр чигээрээ “шинээр бүтээгдсэн” байх болно хэмээн амлаад амжсан байна.

Luce кафе, Prada, Милан

Prada загварын ордон Уэс Андерсон найруулагчтай хамтран Италийн сонгодог архитектурын шийдлийг ретро маягийн автомат машин, Скандинав загварын модон сандал болон 1960-аад оны пастель өнгийн кофены ширээтэй төгс хослуулсан кафег бүтээжээ. Гэхдээ интерьерийн хувьд хамгийн их анхаарал татах зүйл бол яг л кино дээр гардаг шиг үзэмжтэй баарны хэсэг байлаа.  Зохион бүтээгчдийн хэлснээр уг баарны ард хүн бүр өөрийгөө Андерсоны киноны баатраар мэдрэх болно гэнэ.

Thomas’s кафе, Burberry, Лондон

Burberry брэндийн тухтай гэгч Thomas’s Café нь Лондонгийн хөл ихтэй, бужигнасан Виго гудамжинд байрладаг. Цайвар өнгийн сонгодог интерьер дизайн, өглөөний цайнд ирэх загасны түрс ба бяслаг зэрэг Английн өвөрмөц уур амьсгалыг шингээсэн зүйлс хүмүүст ихэд таалагддаг гэнэ. Мөн кафед брэндийн логотой хоолны цэс болон таазнаас өлгөөтэй чихмэл баавгайнууд Burberry брэндийг санагдуулдаг байна.

Ralph's ресторан, Ralph Lauren, Парис

Энэхүү рестораныг Парисын оршин суугчид эхэн үедээ үл тоомсорлодог байжээ. Учир нь тэд Парисын төв хэсэгт орших АНУ-ын үндэсний хоолоор үйлчилдэг газар хэзээ ч алдар нэрээ босгохгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа уг ресторан жуулчид болон загварын долоо хоногт оролцохоор ирсэн олон мянган хүний орох хамгийн дуртай газраар тодорсон байна. Уламжлалт франц дизайнаар урласан Ralph's ресторанд та олны дунд алдаршсан оргилуун дарсны хамтаар ирдэг бургерийг амтлах боломжтой юм. Сонирхуулахад, тус гоёмсог ресторанд “Emily in Paris” цувралын баатар Эмили нэгэн анги дээр оройн зоогоо барьж буй харагддаг.

Vivienne Westwood кафе, Шанхай

К11 гэх томоохон худалдааны төвд байрлах тус кафены бүх сав суулга Vivienne Westwood брэндийн нэрийн хуудас болсон дөрвөлжин шоотой хээгээр чимэглэгдсэн бөгөөд ханан дээр дэлхийн сүйрлийг зөгнөсөн асар том цаг, хуучны анхаарал татахуйц зургууд өлгөгдсөн байдаг. Кафены орон зай XVIII зууны цайны өрөө болон орчин үеийн гэрэл зургийн студи маягаар чимэглэсэн өрөө гэх хоёр хэсэгт хуваагджээ. Цайны өрөөнд зочдыг өвөрмөц шоколадтай амттан, дээр нь брэндийн логог зурсан кофегоор дайлах бол студид маш өнгөлөг, содон хачин чимэглэлүүд хүлээх болно. 

Kitsuné кафе, Сөүл

Минимализмыг мэдрүүлэх Шинса-дон дүүрэгт байрлах өхөөрдөм жижиг орон зайтай уг кафег та найзуудынхаа Instagram хуудаснаас харсан байж болзошгүй. Хүмүүс эндээс ихэвчлэн авч явахаар кофе авдаг бөгөөд үнэгний дүрстэй жигнэмэг нь ч мөн олны дунд алдаршсан байдаг.

Dior by Pierre Hermé кафе, Токио

Францын алдарт нарийн боов үйлдвэрлэгч Пьер Эрмэтэй маш амжилттай хамтран ажилласны ачаар Токиогийн Dior кафены бүх төрлийн чихэр, бялуу, амттангууд зөвхөн жуулчид гэлтгүй оршин суугчдын дунд ч мөн их алдаршсан юм. Энэхүү кафе нь асар том Dior-ын бүтик дэлгүүрийн дотор байрладаг бөгөөд зочдыг олон цагийн турш дэлгүүр хэссэнийхээ дараа брэндийн нэрийн аяга тавганд кофе ууж, амттан идэхийг уриалдаг юм. Кафены интерьер дизайн бүхэлдээ чамин пастель өнгүүдээр ​​бүрджээ.

Vanitas Palazzo Versace ресторан, Дубай

Palazzo Versace зочид буудал дахь Vanitas ресторан зургаан жилийн турш амтат паста, алдарт шоколадтай фондант амттан болон гайхалтай үзэмжээрээ зочдыг гайхшруулсаар ирсэн билээ. Зочид буудлын бүхий л зүйлд Versace ордны хэв маяг шингэсэн гэнэ. Түүнчлэн ресторан нь ч мөн адил Versace-г санагдуулам Италийн зураачдын уран бүтээлүүд, нэрийн сав суулга, маш их алтан хийцтэй чимэглэл зэргүүдээрээ Дубай хотын оршин суугч болон жуулчдад ихэд таалагддаг байна.

Blue Box Tiffany & Co. кафе, Нью Йорк

Домогт “Breakfast at Tiffany's” киноны үйл явдлуудыг бодит амьдрал дээр мэдрэх боломжийг олгох, Нью Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой энэхүү кафены хоолны цэс улирал болгон шинэчлэгддэгээрээ онцлог юм. Мөн доторх засал болон бүх тавилгууд нь Tiffany & Co. брэндийн нэрийн хуудас болсон оюу цэнхэр өнгөөр хийгдсэн билээ.

Gucci Итали хоолны ресторан, Флоренц

Гурван Мишлений одтой тогооч Массимо Боттурогийн ажилладаг тус рестораны бүх зүйл гайхалтай санагддаг байна. Өнгө өнгийн паста, ягаан дарс, ордны бэлгэдэл бүхий логотой салфетка, тод ногоон өнгийн хана, цэцэрлэг, цэцгэн хээтэй ширээний бүтээлэг зэрэг нүд баясгасан зүйлсээр дүүрэн энэхүү газраас та бүтээлч санаа, гоо зүйн мэдрэмж, урлагийн онгод гээд бүгдийг нь олж болно. Нэмж дурдахад, дор хаяж долоо хоногийн өмнө ширээгээ захиалах хэрэгтэй юм шүү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх