Хайх

Эрүүл хооллолт: Жимс идэх үү эсвэл жимсний шүүс уух уу?

Эрүүл хооллолт: Жимс идэх үү эсвэл жимсний шүүс уух уу?

Жимсний талаарх хамгийн түгээмэл асуултуудад Natural Diet төслийн үүсгэн байгуулагч хариулж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Хоолны дэглэмээсээ элсэн чихрийг хасаж байгаа бол жимс идэхээ болих ёстой юу?

Зарим хүмүүс элсэн чихэр идэхээ болихын зэрэгцээ юмыг яаж мэдэх вэ хэмээн бодож жимсийг мөн хооллолтоосоо хасдаг. Гэхдээ ийм эрс шийдвэр гаргахыг зөвлөхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ өдөр тутмын цэсэд жимс жимсгэнийг идэхийг санал болгоно. Учир нь жимс зөвхөн чихэрлэг бус исгэлэн-чихэрлэг бас зүгээр л исгэлэн төрлийнх байдаг тул инсулинд тэсвэртэй, чихрийн шижин өвчтэй хүмүүс хүртэл өөрт тохирсон сортын жимсээ идэж болно.

Жимс, жимсгэнэ нь хоолны дэглэмд заавал байх хэрэгтэй. Жимсэнд глюкоз, фруктоз, сахароз зэргээс гадна ус, амин дэм, микро ба макро элементүүд, жимсний хүчил, эслэг гэх мэт бусад бодисууд агуулагддаг. Үүнээс гадна чихэрлэг амт нь хүнд зайлшгүй шаардлагатай. Юуны түрүүнд мэдээж хэрэг таатай. Хоёрдугаарт чихэрлэг амт нь тайвшруулж, мэдрэл ба дотоод шүүрлийн булчирхайн тэнцвэрийг дэмждэг. Мэдээж эдгээр зүйлс нь элсэн чихэрт хамрахгүй.

Жимсийг хэрхэн зөв идэх вэ?

Жимс нь сахар ихтэй учраас оройн цагаар, тэр тусмаа хязгааргүй идэж болохгүй. Хэмжээгээ анхаарч хэд, хэдэн энгийн дүрмийг мөрдсөнөөр жимс нь таны эрүүл мэндэд тус болно.

  • Хэтрүүлж идэх хэрэггүй. Эрүүл хүн өдөрт 300-400 грамм жимс идэхэд тохиромжтой. Гэхдээ мэдээж хэрэг тухайн жимсний төрөл ба хэмжээнээс бүх зүйл шалтгаална. Жишээ нь өдөрт гурван авокадо эсвэл дөрвөн гадил идэж болохгүй. Авокадо бол бүр тусдаа хэлэлцэх сэдэв.
  • Цагаа хар. Жимсийг 17:00 цагаас өмнө идэх нь зүйтэй. Гэвч тавагтай жимс нь амттан бус хоолны дуршил хөдөлгөх зууш болох ёстой юм. Тиймээс үндсэн хоолноос 30 минутын өмнө эсвэл тусад нь зууш болгон идээрэй. Үүнд гэхдээ авокадо хамаарахгүй. Хэрэв ямар нэг хориглох заалт (ханиад, хаван гэх зэрэг) байхгүй бол авокадог оройн хоолныхоо цэсэд оруулж болно.
  • Ухаалгаар хослуул. Жимсийг үр тариатай (жимсгэнийг кашатай хольж болно) амьтны гаралтай уурагтай (махан хоолонд жимсгэнийн сүмс хийх нь тийм ч сайхан санаа биш) хослуулахаас татгалзаарай.

Зоогийг жимсээр орлуулж болох уу?

Хэрэв өглөөний цай эсвэл зууш бол болно. Харин жимсээр өдрийн хоолоо орлуулж болохгүй. Ингэсэн тохиолдолд чихэрлэг зүйлс идэх хүсэл төрөх, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг алдагдах, артерийн даралт ихсэх (ихэвчлэн эрчүүдэд) зэрэг муу үр дагаврууд илэрнэ. Өдрийн хоол бол хамгийн чухал, өег хооллолт байх учиртай. Үд дунд бол хоол боловсруулах системийн оргил үе юм.

Шинэхэн шахсан шүүс жимс шиг ач тустай юу?

Үгүй. Жимсэнд эслэг агуулагддаг бол шүүсэнд маш их хэмжээний сахар агуулагддаг. Жишээ дурдахад жүржинд 11-14 г сахар байдаг бол жижиг хэмжээний аягатай (200 мл) шинэхэн жүржийн шүүсэнд 22-24 г чихэр агуулагддаг. Хэрэв та жимсний шүүснээс татгалзах бодолгүй байвал хоол идэхээс 40-60 минутын өмнө 1:1 харьцаатай усаар шингэлж ууж болно.

Жимсний шүүсийг смүүти орлож чадна. Гэсэн ч смүүтийг зажлагддаг бүхэл хүнсний бүтээгдэхүүнтэй ээлжлэн хэрэглэх хэрэгтэй. Нүүрс ус боловсруулах үйл ажиллагаа амны хөндийд эхэлдэг бөгөөд зажлах үед хоол боловсруулахад шаардлагатай ферментүүд ялгарч байдаг.

Эрүүл мэндэд тустай, амттай смүүти хийх жор

- Дундаж хэмжээтэй 1 ширхэг лийр
- 1 ширхэг ногоон киви
- 4-6 ширхэг гааны навч эсвэл 2-3 ширхэг базилик навч

Дээрх орц найрлагуудыг холигчид хийн нухаш болгоно. Дээрээс нь ус хийн шингэлнэ.

Жимсний шүүс детокс хийдэг үү?

Энэ ойлголтоос харин болгоомжлох хэрэгтэй. Учир нь бие организмоо "эрүүлжүүлэх" гэж байгаад гастрит буюу ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл болон инсулинд тэсвэртэй болох магадлалтай. Иймэрхүү дэглэм нь самрын сүү, смүүти, ногооны шүүсээр хийсэн бол байж болох л юм.

Гэхдээ өөрийгөө хуурах хэрэггүй. Яагаад гэвэл ийм төрлийн хоолны систем нь ямар ч тохиолдолд детокс болохгүй. Хүний дотоод эрхтэн (элэг, бөөр, ходоод) шүүс шахагчийн тусламжгүйгээр бие организмоос токсин гадагшлуулах бүрэн чадвартай. Детоксикаци нь хортой бодисыг устгадаг удаан хугацааны үйл явц юм. Тэгэхээр энэ үйл явцыг 1-3 өдрийн дотор хийж чадахгүй гэдгийг физиологийн энгийн мэдлэг хэлээд өгнө.

Тиймээс интернетэд танд санал болгож буй детокс бол ямар ч детокс биш. Харин зүгээр л ходоодны үйл ажиллагааны ачааллыг л бууруулж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хөтөлбөрийг зөвхөн мэргэжилтэн л боловсруулж өгөх ёстой. Гэрийн нөхцөлд хийх хамгийн аюулгүй бөгөөд хөнгөн детокс бол цагаан хоолны өдөр юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх