Хайх

Бүсгүйчүүд яагаад дан эмэгтэй найзуудтайгаа аялалд гарах хэрэгтэй вэ?

Бүсгүйчүүд яагаад дан эмэгтэй найзуудтайгаа аялалд гарах хэрэгтэй вэ?

Сүүлийн үед дэлгэрч буй аяллын шинэ тренд

Text: Бюро 24/7


Зураг:

Сүүлийн үед соло аялал, глэмпинг, рестиваль зэрэг олон төрлийн аяллууд дэлгэрэх болсон бол одоо эмэгтэй найзуудын аялал эрэлттэй болжээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эмэгтэйчүүд найзуудаараа аялах хандлага 230% өссөн гэдгийг статистикийн мэдээнээс харж болно. Тэгвэл Харвардын их сургууль найз охидоороо аялах нь эрүүл мэндэд ч сайн нөлөө үзүүлдэг болохыг мэдэгджээ. "Ийм төрлийн нийгмийн харилцаа нь зөвхөн таашаал өгөөд зогсохгүй чанартай нойр авч, эрүүл хооллохтой адил хүчирхэг нөлөөг эрүүл мэндэд үзүүлдэг" хэмээн бичжээ. Ингээд ажил, гэр бүл гээд бүхнээс завсарлага авч, зөвхөн эмэгтэй найзуудаа дагуулан аялалд гарах гурван чухал шалтгааныг дэлгэж байна.

Таны нөхөрлөл илүү бат бөх болно

Хааяа ч гэсэн найзуудтайгаа уулзаж, энэ дэлхийн бүх сонин хачныг ярилцан суух шиг сайхан зүйл үгүй. Гэхдээ бид нас ахих тусам ажил, гэр бүлдээ түлхүү анхаарч, найз нөхдөдөө зарцуулах цаг багасдаг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Нөхөрлөл гэдэг зүйл хамтын дурсамж, хөгжилтэй болон гунигтай түүхүүд, туулсан туршлага дээр суурилан оршин тогтнодог тул найзуудтайгаа хэдэн сардаа нэг удаа уулзах нь мэдээж хангалтгүй. Харин жинхэнэ утгаараа нөхөрлөлөө бэхжүүлэх шилдэг арга бол зөвхөн найзуудынхаа хамтаар аялалд гарах юм. Аяллын үеэрээ та найзуудтайгаа улам дотно болж, он удаан жил хадгалагдан үлдэх цоо шинэ дурсамжуудыг бүтээнэ.

Эрх чөлөөг мэдэрнэ

Өдөр тутмын ажил, нэгэн хэвийн амьдралаас түр хугацаанд завсарлага авч, орчноо солих нь танд эрх чөлөөг мэдрүүлнэ. Далайн эрэг дээр амарч эсвэл Европын аль нэг улсын нарийн гудамжинд төөрч, олон мянган жилийн настай эртний музейд зочлох нь танд цоо шинэ мэдрэмж өгч, жинхэнэ адал явдалд автуулах болно.

Шинэ хүмүүстэй танилцана

Та найзуудтайгаа хамт байхдаа шинэ хүмүүстэй танилцах (заавал романтик харилцаа биш) илүү өндөр магадлалтай. Учир нь хосууд хамтдаа байхдаа ихэвчлэн танихгүй хүмүүстэй нээлттэй бус харилцаж, өөрсдийгөө бусдаас тусгаарлах хандлагатай байдаг аж. Харин найз нөхөдтэйгөө хамт байхдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө илүү чөлөөтэй, нээлттэй мэдэрснээр шинэ танилтай болох өндөр магадлалтай болдог байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх