Хайх

Даавуун цүнх үнэхээр байгальд ээлтэй юу? Шинийг авах гэж бүү яараарай

Даавуун цүнх үнэхээр байгальд ээлтэй юу? Шинийг авах гэж бүү яараарай

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед хүмүүс байгаль орчин дахь бохирдол, хог хаягдлаа багасгах зорилгоор байгальд ээлтэй амьдралын хэв маягийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Эдгээрээс хамгийн түгээмэл нь пластик хог хаягдал үүсгэхээ болих явдал юм. Иргэд тогтвортой хөгжлийн төлөө өдөр тутмын амьдралдаа бага гэлтгүй өөрчлөлт оруулж хамгийн түрүүнд гялгар уутнаас татгалзан оронд нь даавуун уут хэрэглэж эхэлсэн билээ. Гэсэн ч уг бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх тусам байгальд ээлтэй чанар нь алдагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

Тодруулбал, Дани улсад хийсэн судалгааны дагуу нэг ширхэг органик хөвөн даавуун цүнхийг багадаа 20,000 удаа буюу 54 жилийн турш өдөр бүр хэрэглэж байж үйлдвэрлэгдэх явцад хүрээлэн буй орчинд учруулсан үр дагавраа (тухайлбал, 1кг хөвөн даавууг боловсруулахад 10,000 литр ус зарцуулдаг) нөхөх боломжтой гэнэ. “Даавуун торыг зөвхөн олон удаа, дахин ашиглаж байж уг бүтээгдэхүүн байгальд ээлтэй чанараа хадгална” хэмээн Халлын Их сургуулийн эрдэмтэн, профессор Томас Эквалл онцолсон юм.

Түүнчлэн Их Британийн Байгаль орчны яамнаас хийсэн өөр нэгэн судалгаагаар 2011 оны байдлаар хөвөн даавуун цүнхний үйлдвэрлэлт болон тээвэрлэлтийн үед ялгарч буй нүүрстөрөгчийн ул мөр нь пластик торноос илүү байгаа нь тогтоогджээ. Иймд, та байгальд ээлтэй алхам хийж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөр зорьж байгаа бол эхлээд гэртээ байгаа даавуун, цаасан эсвэл пластик тороо боломжоороо олон удаа ашиглаж, шинээр бүтээгдэхүүн худалдаж авах гэж бүү яараарай.

цааш үзэх