
Урт наслахуйн нууц: Эрүүл амьдрахад тань туслах 7 зарчим
Сүүлийн жилүүдэд насжилтыг уртасгах, биологийн насыг бууруулах нь хамгийн том велнессийн чиг хандлагуудын нэг болоод буй. Энэ нь бие махбод, сэтгэлзүй, нийгмийн идэвхтэй байдлыг цогцоор нь дэмжих хандлага юм. Тэгвэл эрүүл мэндээ өөрөө удирдаж сурах, өдөр тутмын амьдралдаа зөв дадлуудыг аажмаар, үр дүнтэйгээр хэвшүүлэхэд тань туслах энгийн атлаа үр дүнтэй долоон зарчмыг хүргэж байна.
Хооллолт ба микробиом

Эрүүл гэдэсний микробиом нь урт наслахад чухал нөлөө үзүүлдэг гол зүйл юм. Энэ нь эрүүл мэндийг дэмжиж, биологийн насыг бууруулах шинэ боломжуудыг нээдэг. Гэдэсний тэнцвэрт байдлыг хадгалахын тулд зөв, тэнцвэртэй хооллох нь хамгийн чухал. Үүний тулд хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, шинэ хүнсний ногоог түлхүү хэрэглэж, өөх тос, хурдан шингэдэг нүүрс ус, биед шингэдэггүй лектин, глютен, сахар, лактоз агуулсан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийгээрэй.
Дасгал, хөдөлгөөн
Скандинав алхалт, иог, пилатес, сунгалтын дасгал гээд ямар ч төрлийн биеийн хөдөлгөөн нь арьсны чанарыг сайжруулаад зогсохгүй илүүдэл жингээс салах, сэтгэл санааны тэнцвэрт байдлыг хадгалахад тус ач тустай. Үүний нэгэн адил, тархи ч өөрийн гэсэн идэвхжүүлэлтийг шаарддаг ба үүнд хөгжим үр дүнтэй хэрэгсэл болж өгдөг. Хөгжим нь тархины хальсыг идэвхжүүлж, мэдрэлийн нөхөн сэргээлтийг дэмжин, стрессийг бууруулж, сэтгэл санааг тэнцвэржүүлж өгдөг байна.
Тогтмол үзлэг, оношилгоо
Сүүлийн жилүүдэд эмч нар “өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийл” хэмээх хандлагыг баримтлах болсон. Цаг тухайд нь өгсөн шинжилгээнүүд, ялангуяа генетикийн тестүүд нь өвчний эрсдэлийг урьдчилан илрүүлэх боломжийг олгодог. Шинжилгээний үр дүнд тулгуурлан хувь хүнд тохирсон өдөр тутмын амьдралын хэв маяг бий болдог билээ. Ингэснээр ямар хоол идэх, ямар нэмэлт тэжээл хэрэглэх, ямар дасгал хөдөлгөөн хийх зэргийг таамаглаж суух шаардлагагүй болно. Бүх зөвлөмжүүд тухайн хүний биеийн байдал болон хүссэн зорилгод нь нийцүүлэн, хувь хүний онцлогт тохируулан боловсруулагддаг болсон билээ.
Чанартай, эрүүл нойр

Нойрны чанар нь сэтгэцийн тогтвортой байдал, биеийн ерөнхий мэдрэмж болон ажиллах чадварт шууд нөлөөлдөг. Нойрны чанарыг сайжруулахын тулд бясалгал хийх, амрахын өмнө алхах, тогтмол нэгэн цагт унтаж хэвших хэрэгтэй. Хамгийн гол нь нойрны эрүүл ахуйг чанд сахиж сураарай. Тухайлбал орой унтахын өмнө хэт их идэхгүй байх, согтууруулах ундаа болон кофеин агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах, сайн чанарын матраас, дэр сонгох, гэрлийн тусгалыг хөшгөөр хаах эсвэл торгон нүдний маск хэрэглэх, унтахаасаа өмнө өрөөгөө агааржуулах хэрэгтэй. Мөн анхаарах бас нэг чухал зүйл бол унтахын өмнө хөх гэрэл ялгаруулдаг төхөөрөмжүүдийг ашиглахаас зайлсхийж, утас, компьютер зэргийг орондоо орохоос дор хаяж нэг цагийн өмнө унтрааж, өөрөөсөө холдуулж хэвшээрэй.
Сэтгэлзүйн эрүүл мэнд
Өнөө үед стресс өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болон хувирчээ. Кортизол гэх даавар сэтгэл санаа төдийгүй гадаад өнгө төрхөд ч нөлөөлөх болсон. Иймд иог, амьсгалын дасгал, бясалгал, мөн тэмдэглэл хөтлөх зэрэг нь бие, сэтгэлийг аажмаар тэнцвэрт байдалд оруулдаг.
Үүнээс гадна цахим детокс хийхийг хичээгээрэй. Эхний үед өдөрт хэдхэн цаг утаснаасаа хол байж, аажмаар энэ хугацааг уртасгаж өгөөрэй. Ой модоор зугаалах, дуулах, зургаар өөрийгөө илэрхийлэх, өөртэйгөө бүтээлч “болзоо” хийх зэрэг нь сэтгэлзүйн хямралын ул мөрийг арилгаж, жинхэнэ өөрийгөө дахин мэдрэхэд тусална.
Гэр бүл болон бусадтай харилцах харилцаагаа хадгалах

Asia Cohort Consortium хэмээх олон улсын судалгааны байгууллагын нэгэн судалгааны үр дүнгээс харахад гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсээс илүү урт насалдаг байна. Энэ нь хосууд өдөр тутамдаа нэгнийхээ эрүүл мэндэд анхаарч, эмчид үзүүлэхийг сануулж, сэтгэл санааны тогтвортой байдалд харилцан дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой юм. Гэхдээ зөвхөн хосын харилцаа гэлтгүй, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй тогтмол холбоотой байх нь урт наслалтын бас нэг чухал хүчин зүйл юм. Тус компанийн өөр нэгэн судалгаагаар 100 насалсан хүмүүсийн 82 хувь нь өдөр бүр ойр дотнын хүмүүстэйгээ ярилцдаг бөгөөд үүнээс 79 хувь нь идэвхтэй харилцаа нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж үзсэн байна.
Хорт зуршлаас татгалзах
Стресс, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ хорт зуршлаас татгалзах нь урт наслах, амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар тамхи татах нь насжилтыг богиносгодог бөгөөд тамхинаас татгалзсанаар дунджаар 10 жил илүү амьдрах боломжтой гэж үздэг билээ. Харин долоо хоногт 10–15 нэгж архи хэрэглэвэл насжилт 1–2 жил, 18 нэгжээс дээш хэрэглэвэл 4–5 жилээр богиносох магадлалтай болохыг Кембрижийн Их сургуулийн судалгаагаар баталжээ.
Тиймээс өөрийгөө хайрлах, урт удаан амьдрахын төлөө хорт зуршлаасаа зоригтойгоор татгалзах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал алхам юм.