Хичээлийн шинэ жилд хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ?
Зуны урт амралтын дараа хичээлийн хэмнэлдээ эргэн орох нь хүүхэд төдийгүй эцэг, эхчүүдэд ч амаргүй байдаг. Өглөө эрт босох, хичээлээ хийх, өдөр тутмын завгүй хуваарьт шилжих нь хүүхдэд багагүй ачаалал, стресс үүсгэж болно. Харин хичээлийн шинэ жилийг угтахаас өмнө бага багаар хүүхдээ бэлтгэж эхэлбэл амралтаас хичээл рүү шилжих үеийг илүү тайван өнгөрөөх боломжтой.
1. ТАЙВАН БАЙДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЭЭРЭЙ

Хичээлийн шинэ жил эхлэхийг гэр бүлийн бүх гишүүдийн хувьд стресс, дарамттай үе мэтээр хүлээж авах нь эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа. Хүүхэд эцэг, эхийнхээ хандлага, зан байдлыг өөрийн эрхгүй дагадаг. Тиймээс бичиг хэрэг авах үеэс эхлээд ээж, аав нь бухимдаж “хичээл эхлэх гэж байна, одоо л хэцүүдлээ” гэх мэтээр яривал хүүхэд ч сургуулийг таагүй зүйлтэй холбон хүлээж авах магадлалтай. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө аль болох тайван, эерэг уур амьсгал бүрдүүлээрэй.
2.ХҮҮХДЭЭ СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД БЭЛТГЭЭРЭЙ

Хичээл эхлэхийн өмнө хүүхдийнхээ сэтгэл санааг анзаарч, сургуультай холбоотой ямар нэгэн айдас, санаа зовнил байгаа эсэхийг нь асуугаарай. Шинэ анги, шинэ багш, хичээлийн ачаалал, найз нөхөдтэй холбоотой асуудал гээд хүүхэд бүрийн санаа зовох зүйл өөр өөр байж болно. Мөн хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлийнх нь талаар ярилцаж, “Хичээл эхлэх гэж байгаад санаа зовж байна уу?”, “Юуг хамгийн их хүлээж байна?”, “Юу чамд хэцүү санагдаж байна?” гэх мэтээр асуугаарай. Ингэснээр хүүхэд өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж, “Ээж, аав минь намайг ойлгож, ямар ч үед дэмжинэ” гэсэн итгэлтэй болно.
Хамгийн чухал нь асуудлыг нь шууд шийдэх гэж яарахаас илүүтэйгээр эхлээд хүүхдээ сонсох хэрэгтэй. Хүүхэд ямар ч үед эцэг, эхдээ хандаж болно гэдгийг мэдрэх нь хичээлийн шинэ жилд дасан зохицоход нь ихээхэн тус болно.
3. АЙДАС, ТҮГШҮҮРИЙГ НЬ БАГАСГААРАЙ

Хэрэв хүүхэд сургуульдаа эргэн орох талаар ихээхэн санаа зовж байвал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх энгийн аргуудыг туршиж болно. Жишээлбэл:
Зургаар илэрхийлэх. Хүүхдийг өөрт нь төрж буй айдас, санаа зовнилыг нь зуруулаарай. Энэ нь ямар нэгэн тодорхой дүрс байх албагүй. Зүгээр л өнгө, зураас, дүрс ашиглан мэдрэмжээ гаргах нь ч хүүхдийн сэтгэлийг тайвшруулахад ихээхэн тусална.
Бодлоо илэрхийлэх. Цаасан дээр санаа зовж буй бүх зүйлийг нь дараалал харгалзахгүйгээр бичүүлж болно. Дараа нь хамтдаа уншаад, аль нь бодит асуудал, аль нь зүгээр л айдас болохыг ярилцаарай.
Өмнөх амжилтыг нь эргэн сануулах. Хүүхэд өмнө нь ямар нэгэн хэцүү зүйлийг амжилттай давж байсан үеийг нь сануулаарай. Тэмцээнд түрүүлсэн, хэцүү хичээл дээрээ сайн дүн авсан, багшдаа магтуулсан зэрэг жижигхэн ч гэсэн амжилт байж болно. Тухайн үед ямар мэдрэмж төрж байсныг нь эргэн сануулах нь “Би чадна” гэсэн итгэлийг нь нэмэгдүүлж өгнө.
4. НОЙРНЫ ЗӨВ ХЭМНЭЛД ОРУУЛАХ
Амралтын үеэр хүүхэд хүссэн цагтаа унтаж, сэрж, өдрийг чөлөөтэй өнгөрөөдөг. Харин хичээл эхлэхэд энэ хэмнэл гэнэт өөрчлөгддөг тул сүүлийн хэдэн долоо хоногт өдөр тутмын хуваарийг нь бага багаар тогтворжуулах хэрэгтэй.
Өглөө босох цагийг багаар урагшлуулах, орой тогтсон цагт унтуулах хэмнэлд нь аажмаар оруулаарай. Учир нь хангалттай нойр нь хүүхдийн анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл санаанд чухал нөлөө үзүүлдэг.
5. ӨМНӨХ ХИЧЭЭЛҮҮДИЙГ БАГА БАГААР СЭРГЭЭГЭЭРЭЙ

Амралтаар бүх хичээлээ мартчих вий гэж санаа зовон хүүхдэд их хэмжээний даалгавар өгөх шаардлагагүй. Харин өдөр бүр багахан хугацааг өмнө үзсэн зүйлийг нь давтуулахад зориулж болно.
Бага ангийн хүүхэдтэй хамт хүрд давтах, зөв бичих болон унших дасгал хийх, ахлах ангийн хүүхэдтэй ном унших эсвэл математикийн цөөн хэдэн бодлого бодох гэх мэтээр насанд нь тохируулан сонгоорой.
Гол нь ихийг биш, тогтмол хийхийг зорих хэрэгтэй. Өдөр бүр багахан хугацаанд хичээлтэйгээ ойр байснаар сургууль эхлэхэд өмнөх мэдлэгээ сэргээхэд илүү хялбар байх болно.
6. ХИЧЭЭЛ ХИЙХ ОРЧНЫГ НЬ ШИНЭЧЛЭЭРЭЙ

Хичээл эхлэхээс өмнө хүүхдийнхээ хичээл хийх орчныг цэгцэлж, шинэ хичээлийн жилд бэлтгээрэй. Ширээг нь цэвэрлэх, хэрэггүй болсон зүйлсийг ялгах, дэвтэр номоо эмхлэх зэрэг энгийн зүйл ч хүүхдэд “Шинэ эхлэл” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.
Шаардлагатай бичиг хэрэг, хичээлийн хэрэглэлээ хамтдаа сонгож аваарай. Ялангуяа бага насны хүүхдэд дуртай өнгө, загвартай зүйлийг нь өөрөөр нь сонгуулах нь эерэг хүлээлт бий болгоход тусална.
Үүнээс гадна хичээлийн ширээ, сандлыг хүүхдийн өндөрт тохирч байгаа эсэхийг анхаараарай. Гэрэлтүүлэг ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд хичээл хийх үед ширээн дээр хангалттай гэрэл тусаж, ном дэвтэр дээр сүүдэр тусахгүй байх нь зөв.
7. ЭХНИЙ ДОЛОО ХОНОГТ НЬ БАГА ЗЭРЭГ "АМЬСГАА" ӨГ

Амралтаас шууд хэт ачаалалтай хичээлийн хуваарьт шилжих гэж хичээх шаардлагагүй. Эхний долоо хоногийг хүүхэд шинэ хэмнэлдээ дасах үе гэж ойлгож болно.
Өглөө эрт босох, хичээлдээ явах, гэрийн даалгавраа хийх зэрэг үндсэн хэмнэлдээ орж эхлэхэд нь бага зэрэг хугацаа өгөөрэй. Хүүхэд өдөр тутмын хуваарьдаа дасаж эхэлсний дараа ачааллыг нь аажмаар нэмэгдүүлэх нь илүү тохиромжтой.
8. НЭМЭЛТ ХИЧЭЭЛ, ДУГУЙЛАНД ЯВУУЛАХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

Хүүхэд сургуульдаа ормогц бүх зүйлийг нэг дор амжуулах шаардлагагүй. Сургуультай зэрэгцээд дугуйлан, секц, хэлний курс, давтлага гээд олон хөтөлбөрт хамруулах нь хүүхдийг богино хугацаанд хэт их ачаалалд оруулж болзошгүй.
Тиймээс эхний хэдэн долоо хоногт хүүхдэдээ шинэ хуваарьт дасах боломж олгож, нэмэлт хичээл, дугуйлангаа аажмаар эхлүүлэхийг бодоорой. Хүүхдэд хангалттай унтаж амрах, тоглох, найз нөхөдтэйгөө харилцах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх ч мөн адил чухал гэдгийг санаарай.
Хичээлийн шинэ жилийг амралтын төгсгөл биш, шинэ бүхний эхлэл болгох нь эцэг, эхийн хамгийн чухал үүрэг юм. Хүүхдийг яаруулж, дарамтлахын оронд бага багаар бэлтгэж, мэдрэмжийг нь сонсож, өөртөө итгэх итгэлийг нь дэмжээрэй. Тэгвэл хүүхдэд урт амралтын дараа хичээлийн завгүй хэмнэлд дасан зохицох нь илүү тухай, таатай байх болно.