Хайх

Шинэхэн ээжүүдэд: Хоол тэжээлийн тусламжтайгаар хэрхэн хурдан тэнхрэх вэ?

Шинэхэн ээжүүдэд: Хоол тэжээлийн тусламжтайгаар хэрхэн хурдан тэнхрэх вэ?

Мэргэжилтнээс тодруулъя

Text: Ц. Усанболор



Шинэхэн ээжүүдэд: Хоол тэжээлийн тусламжтайгаар хэрхэн хурдан тэнхрэх вэ? (фото 1)

Төрсний дараа эмэгтэйчүүдийн арьс гундаж, өнгөө алдаж, үс унаж, хэврэгших нь элбэг. Зарим тохиолдолд эрч хүчгүй, юу ч хийх хүсэлгүй, тавгүйтсэн, сэтгэлээр унасан мэдрэмж давамгайлдаг. Гоо сайханч, хоол зүйч Дарья Тесленкогийн хэлснээр төрсний дараах нөхөн сэргээлт бол зүгээр нэг гоо сайхны асуудал бус, бие махбод, эрүүл мэндийн маш чухал алхам аж. Тиймээс хэрхэн бие махбодоо нөхөн сэргээх талаар зөвлөгөөг хүргэе.


Төрсний дараа бие махбодод ямар өөрчлөлт гардаг вэ?

Төрөөд удаагүй ээжүүдийн хамгийн их гомдоллодог зүйл бол сэтгэлзүйн тогтворгүй байдал юм. Үүнийг ихэвчлэн хангалттай унтаж амраагүй, өөртөө цаг гаргах боломжгүй байдалтай холбон ойлгодог. Гэвч үүний үндсэн шалтгаан нь төмрийн дутагдал болон цус багадалттай холбоотой байдаг гэнэ.

Энэ үед сэтгэл санаа тогтворгүй болж, түгшүүр, сул дорой байдал мэдэрдэг бөгөөд нүд харанхуйлах, толгой эргэх шинж тэмдгүүд илэрч, дасгал хийх, ачаалал даах чадвар муудаж, гэрийн ажлаа хийх, хүүхдээ асрахад хүртэл хэцүү болдог. Үүнээс гадна өөрийн гадаад төрхдөө сэтгэл ханамжгүй болох тохиолдол олон. Жирэмсэн болон шинэхэн ээжүүдэд үс унах, арьс унжих, хуурайших, нүдний доогуур хөхрөх, амтлах мэдрэмж өөрчлөгдөх зэрэг асуудлууд түгээмэл тулгардаг. Харин зарим ээжүүд өөрийгөө бага ч гэсэн сэргээхийн тулд муу нүүрс ус агуулсан (гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг, чихэр, хийжүүлсэн ундаа) бүтээгдэхүүнүүдийг иддэг. Гэвч эдгээр нь түр зуур сэтгэл санааг сэргээж, өөдрөг болгодог ч удалгүй бие дахин сульдаж, уйтгарласан байдалдаа эргэн ордог.

Шинэхэн ээжүүдэд: Хоол тэжээлийн тусламжтайгаар хэрхэн хурдан тэнхрэх вэ? (фото 2)

Бие махбодоо нөхөн сэргээх алхмууд

Алхам 1. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах

Төрсний дараах ядаргаа, сэтгэлзүйн хэлбэлзлийг зөвхөн хүүхэд асарсантай холбох нь буруу. Ерөнхий үзлэгт хамрагдаж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгснөөр төмрийн дутагдал, дааврын өөрчлөлт, витамин, эрдэс бодисын дутагдал зэргийг эрт илрүүлэх боломжтой.

Өнөөдөр зовуурьгүй мэт санагдсан шинж тэмдэг маргааш илүү даамжрах эрсдэлтэй. Тиймээс эрт оношлуулснаар хоол тэжээлийн төлөвлөгөөг зөв гаргах, хэрэгцээтэй нэмэлт тэжээлийг нөхсөнөөр эрч хүч, сэтгэлзүйн тогтвортой байдлаа хурдан сэргээх нөхцөл бүрдэх болно.

Алхам 2. Муу нүүрс уснаас татгалзах

Буруу хооллох зуршлаасаа юун түрүүнд татгалзах хэрэгтэй тул нүүрс ус агуулсан амттан, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй. Мэдээж заримдаа амттан идэж өөрийгөө баярлуулж болох ч хоолыг муу нүүрс усаар орлуулж болохгүй. Хэрэв тэнцвэртэй өдрийн гурван удаагийн хоол идэхэд хүндрэлтэй байдаг бол завсар зуур идэж буй зүйлсээ зөв сонгоорой. Завсрын зуушинд самар, өндөг, ногооны салат зэргийг сонгох нь тохиромжтой. Мөн амин хүчил, коллагены сайн эх үүсвэр болох олон цаг чанасан ясны шөлийг хоолны цэсдээ тогтмол багтаагаарай.

Алхам 3. "Эрүүл хооллолтын таваг" дүрмийг баримтлах

Эрүүл хооллолтын таваг дараах хүнснээс бүрдэнэ:

½ - навчит ургамал, салат навч, хүнсний ногоо, цоохор майлз, лууван, брокколи, цэцэгт байцаа, авокадо зэрэг.

¼ - амьтны гаралтай уураг, өөх тос.

¼ - органик нүүрс ус (будаа, төмс, буурцагт ургамал зэрэг).

Хэрэв хэвийн жиндээ хурдан эргэн орох шаардлагатай байгаа бол оройн хоолноос нүүрс усыг түр хасаж болно. Мөн хоолондоо ашигтай өөх тосыг нэмэх нь чухал гэдгийг анхаараарай.

Алхам 4. Шингэн зүйл сайн уух

Сүүг дангаар нь эсвэл цайнд хийж уух нь эхийн сүүний гарцыг сайжруулдаг гэж одоог хүртэл олон хүмүүс бодсоор байна. Үнэн хэрэгтээ сүү нь хамгийн түгээмэл харшил үүсгэгчийн нэг тул төрсний дараа ус уух нь хамгийн тохиромжтой байдаг. Өдөрт дунджаар 2–2.5 литрээс багагүй ус уух нь шингэний дутагдлаас сэргийлэх тул ус уухаа мартахгүй байх үүднээс хажуудаа бэлтгэж тавиарай.

Алхам 5. Цэвэр агаар ба хөдөлгөөн

Өдөрт ердөө 15 минут цэвэр агаарт байснаар таны бие, сэтгэл санаа шинэ эрчээр цэнэглэгдэж, бодол цэгцрэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Алхах, сунгалт хийх зэрэг хөнгөн хөдөлгөөнүүд цусны эргэлтийг сайжруулж, булчинг суллаж, сэтгэл санааг өөдрөг болгодог. Ингэснээр таны бие махбод хөнгөрч, эерэг энергийг өдөр бүр мэдэрнэ.

Шинэхэн ээжүүдэд: Хоол тэжээлийн тусламжтайгаар хэрхэн хурдан тэнхрэх вэ? (фото 3)

Мэргэжлийн гоо сайханч, хоол зүйчид хандах

Хэрэв таны хооллолт тэнцвэртэй байгаа эсэхэд эргэлзэж, эсвэл хүүхдийн харшлаас улбаалан зарим хүнсийг хязгаарлах шаардлагатай бол мэргэжилтнээс зөвлөөгөө аваарай. Хоол зүйч таны бие махбодод ямар элемент дутагдаж байгааг тодорхойлж, арьс, үс, хумсны эрүүл байдлыг дэмжихэд тохирсон витамин, микроэлементийг сонгож өгнө. Мөн мэргэжлийн гоо сайханч төрсний дараах арьсны өнгө, уян хатан байдлыг сэргээхэд тохиромжтой нүүр болон биеийн арчилгааны үйлчилгээг санал болгоно. Хөхүүл эхчүүдэд зориулсан гоо сайхны үйлчилгээ нь зөөлөн, арьсыг гэмтээдэггүй, хүчтэй найрлага агуулаагүй байх ёстой гэдгийг анхаараарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх