Хайх

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа

Валентины баярыг гэрээсээ гаралгүй сонирхолтой байдлаар тэмдэглэж болно

Text: Buro.Mongolia


2021 оны Валентиныг ресторанд хооллож, гадуур кино үзэж, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож өнгөрөөнө хэмээн төлөвлөж байсан уу? Хэдийгээр санаснаар тань болоогүй ч гуниглах хэрэггүй. Учир нь гэртээ хайрттайгаа цагийг сонирхолтой, мартагдашгүй өнгөрөөх олон арга бий. Гэгээн Валентины өдөр тус, тусдаа байгаа, эсвэл зүгээр л гадуур болзоонд явах боломжгүй хүмүүст зориулан виртуал болзооны санаануудыг хүргэж байна.

Дэлхийн шилдэг музейд зочлох

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа (фото 1)

Коронавирусын улмаас дэлхийн ихэнх музей хаагдсан ч бараг бүгд виртуал аялал хийж, шилдэг бүтээлүүдээ дэлгэж байна. Google Arts and Culture платформ эсвэл зүгээр л интернетийн тусламжтай гэрээсээ гаралгүй Лувр, Метрополитен (The Met Unframed апп), Ван Гогийн нэрэмжит, МоМА (Орчин үеийн урлагийн музей) зэрэг дэлхийн шилдэг музейгээр зочлох боломжтой байгаадаа бид үнэхээр баярлах хэрэгтэй. Хайрттайгаа хамтдаа виртуал аялал хийж дэлхийн сонгодог бүтээлүүдийг биширч, мэдлэг болон мэдрэмжээ сэргээгээрэй. Хэрвээ хайртаасаа тусдаа байгаа бол хоорондоо дэлгэцээ хoлбон, видео чат хийж хамтдаа музейгээр аялах боломжтой.

Өдөржин кино үзэх

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа (фото 2)

Валентины баяраар бүхэл өдрийн турш юу ч хийлгүй хамтдаа кино үзэж хэвтэхээс илүү сайхан санаа байгаа гэж үү? Ямартаа ч та үргэлж үүнийг хийхийг хүсдэг байсан бол яг одоо л туршиж үзэх цаг нь ирээд байна. Netflix, Amazon Prime болон бусад олон стриминг платформуудыг ашиглан хүссэн киногоо стрим хийж үзээрэй. Бидний бэлдсэн Валентинаар үзэх романтик инээдмийн киноны жагсаалтыг эндээс хараарай.

Виртуал концерт үзэх

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа (фото 3)

Хайрын сэдэвтэй, уянгалаг хөгжимгүйгээр Валентины өдрийг төсөөлшгүй. Тиймээс романтик уур амьсгал бүрдүүлж, сэтгэл сэргээж, зүрх сэтгэл уяраах виртуал концертуудад анхаарлаа хандуулж, хайрын баяраа улам бүр онцгой болгоорой. Жишээ нь хоёрдугаар сарын 14, 15-нд дуучин Жош Гробаны зөвхөн романтик дуунуудаас бүрдэх тоглолтыг үзэж, Си Ло Гриний гэрээсээ хийх концертыг стрим хийж, эсвэл бүр Queen хамтлагийн 1986 онд Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд хийж байсан концертыг, Radiohead хамтлагийн Lollapalooza фестивалийн тайзнаа дуулсан тоглолтыг Youtube-р үзэж болно.

Романтик оройн зоог барих

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа (фото 4)

Гэртээ лаа асааж, оройн зоогийн ширээгээ тусгайлан засаж, гараа гарган хийсэн хоолоо хамтдаа зооглож халуун дотно яриа өрнүүлэх нь үнэтэй ресторанд захиалга өгснөөс дутахааргүй романтик байх болно гэдэгт итгээрэй. Харин Валентиныг тусдаа өнгөрөөж байгаа хосууд энэ үдэш тусгайлан гангалж, хоорондоо видео чат хийн хамтдаа оройн хоолоо дэлгэцийн цаанаас идэж болно. Хэрвээ хоол хийхээс залхуурч байвал зүгээр л хамтдаа Youtube-р янз бүрийн мукбанг видеонууд үзэж ч болно шүү дээ.

Онлайн тоглоом тоглох

Валентины төлөвлөгөө: Виртуал болзоо хийх 5 санаа (фото 5)

Тогтсон дүрэм журам, нэгэн хэвийн зүйлд дургүй хосууд романтик зүйлсээс татгалзан онлайнаар тоглоом тоглон цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Жишээ нь Houseparty, Jackbox зэрэг платформуудын төрөл бүрийн тоглоомуудад анхаарлаа хандуулаарай. Эсвэл бүр найзуудтайгаа Among Us тоглож хөгжилдөөрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх