Хайх

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ?

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ?

Германд байгаа мэт цанаар гулгаж, Канадууд шиг байгальд амарч, АНУ-д очсон мэт шоппинг хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот нь далайн эргийн амралтад хамгийн тохиромжтой газарт тооцогддог. Тааламжтай цаг агаар, далай, хүний гараар бүтээсэн арал зэрэг нь сая, сая жуулчдыг татдаг. Гэхдээ идэвхтэй амралтад дуртай хүмүүст ч энэхүү дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэгт хийх зүйл зөндөө олдоно. Дэлхийн өнцөг бүрийн хамгийн гайхамшигтай газруудыг орлож чадах сонирхолтой зүйлсийг Дубайгаас олох боломжтой.

Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын зочны танхимд тухлах

Сингапурын Чангигийн оронд Дубайн олон улсын нисэх онгоцны буудал

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 1)

Дубай хотын соёлыг онгоцны бүхээгт байхдаа мэдэрч эхэлнэ. Emirates онгоцны зорчигчид тус улсын кинонуудыг Англи хэлний хадмал орчуулгатай үзэж, Эмират үндэсний дуу хөгжим сонсож, мөн үндэсний уламжлалт зоогуудыг амтлах боломжтой юм. Жишээ нь тус авиа компанийн цэсэд Араб маягийн амтлагчтай, хонины махан шорлог, мах ба улаан буудайн паста зэрэг төрөл бүрийн хоолнууд бий.

Хамгийн сонирхолтой зүйлс нисэх онгоцны буудалд өрнөнө. Өнөөдөр Дубайн нисэх онгоцны буудал дэлхийн өнцөг бүрээс ирсэн хүмүүс нэг дор цуглардаг маш том төв болон хувирсан тул танд "Оддын Дайн" кинонд гардаг Татуин гэх гарагийг санагдуулах болно. Сонирхуулахад дэлхийн хамгийн том "duty free" буюу татваргүй барааны дэлгүүр энэхүү нисэх онгоцны буудалд байдаг. Энд нийт гурван терминал, есөн бизнес танхим бий. Emirates компанийн цоо шинэ танхим гуравдугаар терминалд байрладаг бөгөөд ойролцоогоор 3,000 м2 талбайг эзэлдэг. Энэхүү зочны танхим нь Emirates-ын нэгдүгээр ба бизнес зэрэглэлийн зорчигчид ба "Emirates Skywards"-ын гишүүдийг хүлээн авдаг байгаа. Уламжлал ёсоор бизнес танхимд Европ ба үндэсний олон янзын хоолны сонголттой ресторанаас гадна бүх төрлийн техник, төхөөрөмжид зориулсан цэнэглэгч, Moët & Chandon брэндийн дарсны баар, спа төв багтсан байдаг. Мөн бизнес уулзалтад зориулсан тусгай уулзалтын өрөөнүүд зочдод нээлттэй. Бизнес танхим нь нийт 10 сэдэвчилсэн бүсээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр өөрийн гэсэн давтагдашгүй дизайнтай ба танхимын ерөнхий интерьер нь дөрвөн махбодийг илтгэдэг байна.

Өндрөөс нар жаргахыг харах

Шанхайн цамхгийн оронд Бурж-Халифа

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 2)

Нийт 830м өндөртэй цамхгийг анх 2004 онд барьж эхэлжээ. Цамхагийг босгоход Дубайн хөрш Абу-Даби хот санхүүжилт олгосон тул тэд талархлаа илэрхийлж эмир Халифа Бин Зайдын нэрээр шинэ барилгыг нэрлэсэн байна.

"Толин тусгалтай шилээр бүрхэгдсэн Бурж-Халифа цэлмэг тэнгэртэй өдөр нарны гэрлийг ойлгодог бол бүрхэг өдөр хар бараан харагддаг".

Энэхүү цамхагт 450м ба 555м (In The Sky) өндөрт байрладаг хоёр үзвэрийн тавцан бий. Бурж-Халифа цамхгийн 148 давхарт байрладаг In The Sky нэртэй тавцан нь анх 2011 онд нээгдсэн ба дэлхийн хамгийн өндөр үзвэрийн тавцанд тооцогддог байгаа. Үзвэрийн тавцан дээр зочдыг зөөгчид угтан, ундаа ба амттанаар дайлдаг байна. Эдгээр зүйлс нь мэдээж хэрэг тасалбарын үнэд багтсан байдаг аж.

Уулын цанын спортоор хичээллэх

Германы Alpine Center-ийн оронд Ski Dubai

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 3)

Mall of the Emirates худалдааны төвд баригдсан Ski Dubai нь Ойрх Дорнодын хамгийн анхны хиймэл уулын цанын спортын цогцолбор юм. Нийт 20,000м гаруй талбайтай асар том цогцолборын замууд дээр нэгэн зэрэг 1,500 хүртэлх хүн багтах боломжтой байдгаараа онцлогтой.

Энэхүү цогцолбор нь 1 Цельсийн градус хүртэл хүйтэн байдаг тул зочдыг хүрэлцэн ирэхэд дулаан хувцас ба тусгай хэрэгслүүдийг гардуулдаг байна. Зочид 60м өндөртэй замаар дээш өгсөж, таван төрлийн толгодоос гулган уруудах боломжтой. Цогцолборт цанын замаас гадна сноуборд, чарганы замууд, хаданд авирах хэсэг, мөсөн агуй тэр ч бүү хэл кино театр хүртэл байдаг.

Эрвээхий, эдлэн газартай цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах

Канадын The Butchart Gardens-ын оронд Dubai Miracle Garden

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 4)

Нийт 11 сая ам.долларын өртгөөр бүтсэн Dubai Miracle Garden гэх агуу том төсөл нь 2016 онд Гиннесийн номонд бичигдсэн юм. Учир нь яг энд дэлхийн хамгийн том цэцгэн баримлыг босгосон байдаг. Emirates Airbus A380 онгоцны "амьд" хуулбар болсон энэхүү баримлыг угсрахад нийт 90 тонн цэцэг ашигласан гээд та төсөөлөөд үз дээ! Мөн 24м өндөртэй баримлыг бүтээхэд бүхэл бүтэн зургаан сарыг зарцуулжээ.

Энэхүү баримал нь хамгийн том хэдий ч хүрээлэнд байгаа цорын ганц бүтээл биш юм. Олон арван ландшафтын дизайнер паркийн хана, хаалга, эдлэн газрууд, сүлд тэмдгүүдийн дизайн дээр ажиллажээ. Цэцгээс гадна энд дэлхийн хамгийн том эрвээхийн хүрээлэн, үнэртний хүрээлэн байдаг. Хамгийн гол нь паркийн зохион бүтээгчид гайхалтай бүтээн байгуулалт хийгээд зогсохгүй байгаль орчноо ч давхар хамгаалахыг хичээжээ. Тодруулбал тэд хаягдал усыг цэвэршүүлж дуслын системээр цэцгээ усалдаг байна.

Шоппинг хийх

Mall of America-гийн оронд The Dubai Mall

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 5)

Анх 2008 онд баригдсан The Dubai Mall дэлхийн хамгийн том худалдааны төв гэх байр сууриа одоо хүртэл хадгалсаар байна. Худалдааны төвд мянга гаруй дэлгүүр, мөсөн гулгуурын талбай, 250 өрөөтэй зочид буудал, 100 гаруй кафе болон 22 танхимтай кино театр үйл ажиллагаа явуулдаг аж.

Сонирхуулахад хамгийн анх энд Парисын алдарт "Галерей Лафайет"-ын салбар нээгдэж байсан бөгөөд одоо худалдааны төвийн "Загварын арал" нэртэй тусгай хэсэгт 70 гаруй тансаг зэрэглэлийн бутик нээгджээ. Эндээс та Versace, Burberry, Hermès болон бусад олон тансаг зэрэглэлийн брэндүүдийг олох боломжтой. Үүнээс гадна GAP, Bershka, H&M зэрэг боломжийн үнэтэй сүлжээ дэлгүүрүүд ч бий шүү.

The Dubai Mall-ын аквариум дэлхийн хамгийн том акрилийн хавтан гэдгээрээ Гиннесийн рекорд тогтоожээ.

Дубай яагаад дэлхийн хамгийн универсал хотод тооцогддог вэ? (фото 6)

Нэвт харагддаг хонгил дундуур зугаалж, тусгай шумбагчид аварга том аквариум доторх амьтдыг хооллож байгааг харах хамгийн сонирхолтой туршлага байх болно.

цааш үзэх