
Намрын мини тренд: Скандинав охидын дурлаж буй сүлжмэл малгай
Намрын сэрүүн эхлэхтэй зэрэгцэн Скандинавын охид дулаахан төдийгүй загварлаг аксесуар болох сүлжмэл малгайгаар дүр төрхөө чимэх болжээ. Энэ нь зөвхөн практик хэрэгцээг хангах бус, street style-ийн гол акцент болж, Копенхагены загварын долоо хоногийн үеэр хамгийн их анхаарал татсан чиг хандлагын нэгээр тодорсон юм.
Гэхдээ сүлжмэл малгай бол шинэ тренд биш. XIX зуунд Франц, Ирландад эмэгтэйчүүд эдийн засгийн хүнд хэцүү үед сүлжмэл эдлэл хийж амьдралаа залгуулж байсан нь түүхэнд үлджээ. Харин 1970-аад онд хиппи хөдөлгөөний нөлөөгөөр сүлжмэл малгай дахин сэргэж, эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ, эсэргүүцлийн бэлгэдэл болон дэлгэрч байв.
Тэгвэл 2025 онд энэ уламжлал дахин эргэн ирсэн нь учиртай. Скандинавын минимализм болон максимализмын өвөрмөц хослол дээр тулгуурласан хэв маягт сүлжмэл малгай гайхалтай зохицож байна. Нөгөө талаар TikTok-ийн DIY давлагаа, гар хийцийн зүйлд татагдах залуусын сонирхол, брэндийн логогоор дүүрсэн ертөнцөд хүний гараар бүтээгдсэн, дулаан мэдрэмж агуулсан эдлэл илүү үнэ цэнтэй санагдаж эхэлсэнтэй ч холбоотой.
Энгийн хэр нь өвөрмөц, дулаахан атлаа стильтэй сүлжмэл малгай энэ намрын хамгийн гоёмсог аксесуарын нэг болох нь дамжиггүй болов уу.







