
Унтарч буй хосын харилцааг сэргээх боломжтой юу?
Харилцаанд хямрал үүсэх нь хэвийн зүйл
Хайр сэтгэлийг яг час улаан гэхгүй өөр өнгөөр илэрхийлэгдэх үе олон. Цаг хугацааны эрхээр хамгийн бат бөх үнэнч харилцаа ч сорилттой тулгарах нь олонтоо. Харилцааны хэв маяг нэгэн хэвийн болох үед, хосуудын харилцаа, уур амьсгалаас шалтгаалан өөрчлөгддөг үү? Бөхөх дөхсөн хосын харилцааг хэрхэн сэргээх талаар сэтгэл зүйч Татьяна Павловагийн зөвлөмжийг хүргэж байна.
Амрах

Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэвшлээс шалтгаалан ядаргаа, стресс ихэвчлэн хуримтлагддаг. Удаан хугацааны харилцаанд байх үедээ бид аажмаар нэгэн хэв маягт бүрэн шилждэг. Хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх зэрэгт цаг хугацаа үргэлж хүрэлцдэггүй. Хүүхэд төрөх, нүүх, ойр дотнын хүн өвдөх, эсвэл яаралтай ажил амжуулах гэх мэт зайлшгүй завгүй үе тохиодог. Нэг үйл явдлаас нөгөө үйл явдлын хоорондох завгүй байдалдаа дасаж, өөр хэмнэлээр байж тайван сууж чадахгүй юм шиг мэдрэмжид үргэлж автаж эхэлдэг. Хэдийгээр «бүгдийг өөрөө амжуулахгүй бол би муу хүн» гэх дотоод эсэргүүцэл төрж болох ч, заримдаа хүргэлтээр хоол захиалах, эсвэл гадуур оройн хоол идэх, гэрээ үйлчилгээний газраар цэвэрлүүлэх, хүүхдүүдээ эмээ, өвөөд нь түр даатгаж ч болно.
Ингэж өөртөө амралт гаргах нь зөвхөн хуримтлагдсан ядаргаа, дарамтыг багасгаад зогсохгүй, харилцаандаа илүү анхаарал хандуулахад тус болно. Харилцаанд өөрчлөлт хийхэд хамгийн гол суурь ч болж өгдөг.
Харилцаанд чинь асуудал байгаа эсэхийг сайтар нягтлах
Үнэндээ харилцаа шууд очгүй болдоггүй шийдвэрлэх ёстой асуудалаас болдог. Америкийн антропологич Хелен Фишерийн нэгэн судалгаанд харилцааны үе шатууд болон шат бүрт бидний сэтгэл хөдлөл хэрхэн ажилладгийг судалжээ. Үүнд хамтрагчаа хайх, үр удмаа үлдээх, өсгөж хүмүүжүүлэх үндсэн гурван үе шатанд хуваадаг ажээ.
Хайр дурлал, хүсэл тачаал бол хамтрагчаа олох, үр удмаа үлдээх эхний үе шат юм. Харин үүний дараа бид хамтрагчийнхаа тогтвортой байдал, бие биедээ хамааралтай байх мэдрэмжийг чухалчилж эхэлдэг. Урт хугацааны хамтын амьдрал хоорондын харилцаа болон биед нөлөөлөх дааврын өөрчлөлт зэргээс хамаарал хүртэл харилцааны өнгө аяст хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Хайр дурлалын оргил үе намжих нь хэвийн үзэгдэл. Харин хамтрагчаасаа айх, түгшүүртэй байх, бэлгийн харилцаа багасах, эсвэл бүр ойртох хүсэл төрдөггүй, өөрийнхөөрөө байж чадахгүй зэрэг мэдрэмж байнга төрдөг үү? Эдгээр асуултын аль нэгэнд нь «тийм» гэж хариулж байвал уг асуудлын үндсийг олж, түүнийг шийдвэрлэх шаардлагатай болжээ.
Сэтгэл хөдлөлөө хянах дасгал хийх

Бид үргэлж уур бухимдлаа ил гаргах боломжгүй байдаг. Заримдаа энэ нь удаан хугацаанд хуримтлагдаж, эцэстээ яг юу мэдэрч байгаагаа мэдэхээ больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх уур бухимдал хуримтлагдан нэгэн том цул болон хувирснаар асуудлын жинхэнэ шалтгаан бүдгэрч, энгийн мэт нөхцөлд ч дэлбэртлээ уурладаг болоход хүргэдэг байна.
Эмэгтэй хүн хүүхэдтэй холбоотой бүх ачааг өөрөө үүрээд, хамтрагч нь туслахгүй байгаад бухимдах нь түгээмэл. Үүний хажуугаар өөр олон мэдрэмж төрдөг. Жишээлбэл мэргэжлийн хувьд өөрийгөө бүрэн хөгжүүлээгүйдээ сэтгэл дундуур байх, цагтаа амжихгүйдээ санаа зовох, хүүхдэдээ ч, хамтрагчдаа ч цаг гаргаж чадахгүйдээ буруутай мэдрэмжид автах гэх мэт. Энэ бүгдийг хуримтлуулахгүйн тулд юу мэдэрч байгаагаа ялгаж, ойлгож сурах нь чухал. Ингэж чадсанаар өөрийнхөө мэдрэмжээ хамтрагчдаа ч ойлгомжтой илэрхийлэхэд хялбар болно.
Танд тус болох зүйл бол тухайн өдрийн сэтгэл хөдлөл, өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлэх тэмдэглэл хөтлөх юм. Олон төрлийн өдрийн тэмдэглэлүүд бий, өөрт таалагдсанаа сонгож, өөртэйгөө шударгаар ярилцах нь танд маш том дэм болно. Мэдээж өдрийн тэмдэглэл хөтөлснөөр гэрийн олон ажил асуудлыг шууд шийдвэрлээд өгөхгүй. Гэхдээ та өөрийн сэтгэл хөдлөлөө яг хаана, хэзээ үүсэж байгааг тодорхой ойлгож, улмаар хамтрагчтайгаа харилцахад илүү оновчтой ярилцах зөв суурийг тавьж чадна.
Дэргэд чинь байхгүй гээд төсөөлөөд үз
Бидний тархины нэг онцлог нь харилцааг зогсонги болсонг бидэнд мэдрүүлэх шалтгаан болдог. Үүнийг гедонистийн дасал хэмээн нэрлэдэг. Гол санаа нь хүн амьдралынхаа «өмнө/одоо» гэсэн хэмжүүрээр байнга харьцуулж, цаашид өсөлт, шинэ зүйл хүлээдэгт оршдог. Энэ нь зөвхөн харилцаанд бус, цалин орлого, амьдрах орчин зэрэгт ч хамаатай. Илүү ихийг хүсэх хүсэл нь бидний оршин тогтнох зөнд хэрэгтэй ч нөгөө талдаа хүн одоо байгаа зүйлээ үнэлэхээ больж, дотоод зөрчилд хүргэдэг.
Ямар нэгэн зүйл төгсгөлтэй гэсэн бодол таагүй мэт болов ч яг энэ мэдрэмж гедонистийн даслыг сөрөх боломжыг бидэнд олгодог. Бид хамтрагчаа дахин шинээр харж, сайн талыг нь илүү тод мэдэрч эхэлдэг. Энэ бол таатай бус, гэхдээ амьдралтай нүүр тулах дадал. Ийм үед хүмүүс өмнө нь үл тоодог байсан зүйлсээ үнэлж эхэлдэг.
Хайртай хүн тань нэг л өдөр байхгүй болчихлоо гэж төсөөлөөд өөрөөсөө дараах асуултыг асуугаарай:
Би түүнд өмнө нь яаж ханддаг байсан бэ? Ямар зан чанарыг нь илүү анзаарч, үнэлдэг байсан бол?
Энэ бол маш ач холбогдолтой дасгал бөгөөд бид бүгд ямар нэгэн байдлаар амьдралынхаа нэгэн цаг үед мэдэрсэн байдаг. Жишээлбэл хүндээр өвдсөний дараа эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулж эхлэх. Эсвэл ямар нэгэн томоохон алдаа гаргасныхаа дараа илүү няхуур байж эхэлдэгтэй адил.
Өөрийн тогтсон дүрээс гарч харилцаандаа шинэлэг зүйл нэмэх
Завгүй гэрийн эзэгтэй, бүх зүйлд оролцдог ээж, ууртай эмэгтэй, өрхийн тэргүүн, ажилласаг нөхөр гэх мэт урт хугацааны харилцаанд бид өөрсдөдөө тодорхой дүрүүдийг аажмаар оноож, өдөр бүр хамтрагчийнхаа өмнө тэр дүрт хувирдаг. Харин энэ тогтсон дүрийн цаанах хосын харилцаанд өөрчлөлт, хувьсал аажмаар бүдгэрч, тогтвортой байдалд гацдаг. Шинэлэг зүйлгүй болж аажмаар шаналж эхэлдэг.
Өөрсдийн бүтээсэн дүрээ дахин эргэцүүлж түүнээс салж, шинэ зүйл сурч өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ дотоод өөрчлөлт нь өөрийгөө шинэ өнцгөөс илэрхийлэхээд зогсохгүй харилцаагаа ч сайжруулахад тань нэмэртэй.
Ярилцах

Харилцаагаа сэргээх хамгийн ойлгомжтой арга бол ярилцах. Амархан мэт болов ч хамгийн хэцүү нь. Зарим нэг айдас түгшүүртэй сэдвүүд байдаг. Энэ нь сэдвүүд нь ихэвчлэх хамтрагчийнхаа хариу үйлдлийг аль хэдийн өөрийн бодолдоо төсөөлчихсөн, таамагласан байдаг учраас төдийлөн ярилцаагүй үлдээсэн байдаг. Гэвч ярилцаагүй, айсандаа дуугүй өнгөрөөх нь эцэстээ илүү том асуудалд хүргэдэг.
Тиймээс зориг гаргаад өөрийн толгойдоо төсөөлсөн байдлаар биш хостойгоо харилцан ярилцаад нэг үзээрэй. Гунигтай үедээ, өвдөж шаналахдаа, баяр хөөртэй, хөгжилтэй байхдаа өөрийнхөө мэдрэмжээ бүрэн илэрхийлээрэй.
Шинэ нөхцөл байдалдаа дасан зохицоорой
Баглаа цэцэг, шөнө дөлөөр хотын гудамжаар зугаалах, мэдэхгүй зүг рүү гэнэтийн аялал хийх зэргийг хосууд үерхлийн эхэн үе дээрээ байнга л хийдэг. Тийм харилцааны эхэн үед юу хийдэг байсан, ямар жижиг үйлдэл хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлдэг байсныг эргэн санаад тэдгээрийг өөрсдийнхөө одоогийн харилцаандаа тохируулан мэдрэмжээ хуваалцаарай.
Мэдээж хүн бүрийн баярлуулах зүйл ондоо боловч хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, зайрмаг идэнгээ сандал дээр суух, голын ус руу чулуу шидэх зэргээр аль романтик санагдах бүхнээ ахин шинээр бий болгоорой. Амьдралын хэв маягтаа өдөр бүрийн тогтсон харилцаагаа сэргээж чадах жижигхэн агаад шинэ өнгө аясыг нэмж өгөөрэй.
Харилцааны үед бүгд л ижилхэн айдас, мэдрэмжтэй нүүр тулдаг. Ганцаараа үлдэхээс айх, хамтрагчтайгаа байх сонирхол буурах, амьдралдаа ямарваа нэгэн зүйлийг биелээгүй мэт санагдах зэрэг айдас түгшүүр төрөх ч үе бий. Ийм хямралын үе бүх л хосуудад тулгардаг. Яг үнэн хэрэгтээ бүх асуултад тодорхой хариулт байхгүй ч асуулт бүрд шийдэл, сонголт үргэлж байдаг гэдгийг санаарай.