Хайх

Жамбаттиста Валли

Жамбаттиста Валли

  • Улс:Итали
  • Салбар:Загвар зохион бүтээгч

Жамбаттиста Валли 1966 онд Ром хотноо төржээ. Түүний ээж нь пап лам IX Пийгийн хамаатан байсан учраас Жамбаттиста Ватиканы сургуульд орж, дараа нь Ромын нэгэн лицейд үргэлжлүүлэн суралцсан байна. "Тэр үед л би Ив Сен-Лорены өнгөт уран зургууд, Коктогийн таталбар зургууд, Грюогийн график зургуудтай танилцсан" юм гэж Валли хэлсэн байдаг.

Жамбаттиста Валли хорин нас хүрээд Ром хотын Европын Дизайны Их Сургуульд элсчээ. Дараа нь Лондон хотноо Гэгээн Мартины нэрэмжит Урлаг, Дизайны Төв Коллежид сурсан байна. Ромд буцаж ирээд тэрээр дизайнер Чечилия Фанфанын урланд, дараа нь Роберто Капуччийн урланд ажиллаж байлаа. "Капуччийн дэргэд ажилласан үе бол миний авсан шилдэг боловсрол юм" гэж тэр хэлжээ.

Жамбаттиста Валли 1990 оноос Карл Лагерфельдын үүсгэн байгуулсан "Fendi" загварын ордны Fendissime гэх хоёрдугаар салбар брэндэд ажиллах боллоо. Үүнээс таван жилийн дараа, Валли 1950 онд байгуулагдсан "Krizia" ордны бүтээлч захирлын ажилд оржээ. Тэрээр 1996 онд Эмануэль Унгаротай танилцаад жилийн дараа түүнд нэгджээ. Жамбаттиста Валли 1998 онд "Emanuel Ungaro"-гийн бүтээлч захирал болсон бөгөөд тэр тушаалд 2004 он хүртэл ажиллажээ. Гэрээний хугацаа дуусмагц тэрээр өөрийн брэндийг үүсгэн байгуулна гэдгээ зарласан байв. Тэр жилдээ дизайнер Паоло Жеранийн хамт Iceberg маркийн бүтээлч захирлаар томилогджээ.

Giambattista Valli маркийн анхны танилцуулга 2005 онд Парис хотноо хийгдсэн юм. Валентино Гаравани тэтгэвэрт гарах яриа дэгдмэгц бүгд л Valentino брэндийн эрэгтэй, эмэгтэй загварууд дээр Жамбаттиста ажиллана гэж байсан ч тэр боломж Gucci-гийн дизайнер Алессандра Факкинеттид оногдсон билээ. Харин тэрээр 2008 онд Moncler Gamme Rouge-д зориулсан анхны цуглуулгаа болон өөрийн бүтээсэн хуримын даашинзуудыг танилцууллаа. Парисын от кутюр загварын долоо хоногт Жамбаттиста 2011 онд оролцож, өөрийн ур чадвараа олны өмнө баталж чадсан юм. 

Giambattista Valli маркийн хувцсаар гангардаг оддын тоонд Сара Жессика Паркер, Лупита Нионго, Жессика Бил, Елена Перминова зэрэг олон алдартан ордог. Одоо Жамбаттиста Валли өөрийн брэнд болон Moncler Gamme Rouge-ын бүтээлч захирлын албыг хавсран гүйцэтгэж, жилдээ найман цуглуулга танилцуулж байна. 

цааш үзэх