Жейсон Ву
- Улс:Тайвань
- Салбар:Загвар зохион бүтээгч
Жейсон Ву Тайванийн Тайбэй хотод төржээ. Эцэг, эх нь экспорт, импортын чиглэлээр ажилладаг бөгөөд ээж нь Жейсонг 1991 онд дүүгийнх нь хамт Ванкувер хот руу сургахаар явуулжээ. Тэнд Жейсон англи хэл сурч, багш нь дандаа авч явдаг гялгар сэтгүүлүүдийг байнга үзсээр байгаад загварын ертөнцтэй танилцжээ.
Жейсон Ву баримлын урлагт суралцахаар 1996 онд Токио хотод очлоо. Жилийн дараа тэрээр АНУ-д эргэн ирээд Массачусетс муж улсын Дирфилд хотын сургуульд суралцсан байна. Тэрээр өөрийн таталбар зургуудаа 1998 онд Integrity Toys компанид илгээсэн ба удалгүй хүүхэлдэйн загварлаг хувцас бүтээж эхэлжээ. Түүний гоёлтой хүүхэлдэйнүүд 2001 онд АНУ-д томоохонд тооцогдох тоглоомын яармаг дээр тавигдахад бүгдийг нь "FAO Schwarz" гэх тоглоомын дэлгүүр худалдан авч байлаа.
Жейсон Ву тэр үеэс Парсоны нэрэмжит дизайны коллежид суралцах болов. Түүнийг дизайнер Нарцисо Родригес 2004 онд туслахаараа авч, нэг жил ажиллуулсан юм. Жейсон Ву анх 2006 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулав. Жилийн дараа түүний даашинз Каннын кино наадмын од Керри Вашингтоны сонголт болж, улаан хивсэн дээр зураг нь гарах болжээ. Дараа нь 2008 онд Жейсон Ву "CFDA/Vogue Fashion Fund" уралдааны шигшээд шалгарч чадсан юм.
Түүнд 2009 онд жинхэнэ алдар нэр ирсэн. Тэр үед "Jason Wu" даашинзаар ерөнхийлөгч Барак Обамагийн инаугурацийн¹ ёслол дээр тэргүүн хатагтай Мишель Обама гоёсон байлаа. Жейсон Ву 2010 онд Америкийн загварын дизайнеруудын зөвлөлийн CFDA/Swarovski Award шагнал хүртэж, мөн аксесуарын шинэ салбараа нээжээ. Жейсон Ву 2012 онд "Target" гэх брэндэд капсул цуглуулга бүтээлээ. Мишель Обама 2013 оны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр дахиад л Вугийн даашинзаар гангарчээ. Тэр жилдээ Жейсон Ву Hugo Boss брэндийн эмэгтэй салбарын бүтээлч захирлаар томилогдсон бөгөөд гурван жилийн хугацаанд маш амжилттай цуглуулгуудыг танилцуулсаар байна.
Жейсон Ву 2016 оны хавар удаан хугацааны турш хамтран амьдарсан Густав Ранжелтэй гэрлэсэн юм.
¹ - Инаугура́ци гэдэг нь албан тушаалдаа орох ёслолыг хэлдэг. Энэ үг нь латин хэлний inauguro буюу «зориулагдлаа» гэсэн үгнээс гаралтай. Энэ ёслол нь хааны титэмлэх ёслолоос үүдэн бий болжээ.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт