Хайх

Жонатан Андерсон

Жонатан Андерсон

  • Улс:Их Британи
  • Салбар:Загвар зохион бүтээгч

Жонатан Андерсон Хойд Ирландын нэгэн жижиг хотод төржээ. Тэрээр эхлээд жүжигчин болох зорилгоор АНУ-г зорьж, нийслэл Вашинтгтон хотод хэсэг хугацаанд амьдарсан байна. "Studio Theatre"-т ажиллаж байхдаа театрын хувцас сонирхож эхэлсэн тэрээр удалгүй карьераа загварын салбарт бүтээхээр шийджээ. Улмаар Жонатан нутагтаа буцаж ирээд Лондоны загварын коллежид элсэн орлоо.

Тэрээр 2005 онд Миланд очин Prada брэндэд, Миуччи Прадагийн баруун гарын туслах Мануэла Павезын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Дараа нь тэрээр өөрийн нэрийн "J.W.Anderson" брэндийг үүсгэхээр 2008 онд Лондон руу буцсан юм. Жонатан эрэгтэй хувцасны чиглэлээр ажиллаж, Лондонгийн загварын долоо хоногт гадуур хувцасны цуглуулгаа танилцуулж байлаа. Алдар нэр түүнд анх "Topman" брэндтэй хамтран ажилласнаар ирсэн юм. Түүний хувцас Их Британийн загварын зөвлөлийн анхааралд өртсөн байлаа. Ингээд тэр "TopShop" брэндийн санхүүжилттэй "NewGen" хөтөлбөрт хамрагджээ. Ивээн тэтгэгчидтэй болсон Жонатан Андерсон анхны эрэгтэй хувцасны цуглуулга, эмэгтэй капсул цуглуулгаа 2010 оны Лондонгийн загварын долоо хоног дээр танилцуулжээ.

Жонатан Андерсон 2012 онд хоёр дах удаагаа "NewGen" хөтөлбөрт хамрагдлаа. Дараа нь Их Британийн загварын зөвлөлийн "Гараагаа эхэлж буй оны дизайнер" цолыг хүртлээ. Донателла Версаче түүнийг өөрийн хоёр дахь брэнд "Vesace- ersus"-даа ажиллах урилгыг түүнд 2013 онд илгээжээ. Энэ саналтай хамт францын тансаг зэрэглэлийн  "LVMH" конгломерат испанийн загварын ордон "Loewe"-гийн бүтээлч захирлаар ажиллах саналыг Жонатан Андерсонд тавьж, түүний "J.W.Anderson" брэндийн хувьцаанаас худалдан авчээ.

Одоо Жонатан Андерсон өөрийн "J.W. Anderson" марк болон "Loewe" ордоны бүтээлч захирлын ажлыг хавсран хийж байгаа. Түүний "J.W.Anderson" брэндийн эрэгтэй, эмэгтэй загварууд 2015 онд British Fashion Council-аас "Оны шилдэг эрэгтэй брэнд", "Оны шилдэг эмэгтэй" брэнд шагналыг хүртэж, энэ нэр хүндтэй өргөмжлөлийг нэг жил хамтад нь авсан анхны брэнд болсон юм.

цааш үзэх