Хайх

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном

Загвар, сэтгэл зүй болон эрүүл мэндийн мэдлэгийг тань дээшлүүлэх бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Та энэ зун унших номын жагсаалтаа хараахан гаргаж амжаагүй бол бидний танилцуулах доорх номуудаас сонголтоо хийгээрэй.

Загвар

“Legendary Artists and the Clothes they Wore”, Терри Нюман

Загварын сэтгүүлч Терри Нюман үе үеийн алдартай уран бүтээлчид хэрхэн хувцасладаг байсан талаар энэхүү номонд өгүүлжээ. Загварын болон урлагийн ертөнцөд маш их нөлөө үзүүлсэн 40 гаруй хүмүүсийн түүхийг багтаасан байна. Тодруулбал, Фрида Кало, Сальвадор Дали, Кристиан Диор, Марк Жейкобс, Ив Сен Лоран болон бусад нөлөө бүхий уран бүтээлчдийн нарийн мэдрэмж, хувцаслалт нь загварын ертөнцийг хэрхэн байлдан дагуулсныг энэ бүтээлээс мэдэж болох юм. Уг гоёмсог дизайнтай ном нь таны ширээг чимж, загварын мэдлэгийг тань арвижуулах болно.

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном (фото 1)

Эрүүл мэнд

“Vagina: A New Biography”, Наоми Вүлф

Феминист үзэлтэй алдарт зохиолч Наоми Вүлф 2012 онд энэхүү эмэгтэй хүний бэлэг эрхтний талаар дэлгэрэнгүй бичсэн номыг гаргасан юм. Худалдаанд гараад удаагүй байхдаа олны анхаарлыг маш ихээр татаж, шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Зохиолчийн үзэл бодлоос харахад үндэс соёл болгонд үтрээнд хандах хандлага өөр байдаг. Бүр тодруулбал, үтрээний сэдвийг нухацтай эсвэл хайнга байдлаар сөхөх, хүндлэлтэй эсвэл үл хүндлэлтэй хандах нь эмэгтэй хүнд хандах хандлагыг харуулдаг байна. Вүлф өөрийн судалгаагаар эмэгтэй хүний тархи болон үтрээ бие биетэйгээ уялдан холбоотой эрхтнүүд болохыг тогтоож үүнийгээ тус бүтээлдээ өгүүлсэн билээ.

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном (фото 2)

Гэр бүлийн харилцаа

“The Book You Wish Your Parents Had Read”, Филиппа Перри

Нэрнээсээ л анхаарал татах энэхүү бүтээл нь Их Британи улсын хамгийн борлуулалттай ном болж байсан удаатай. Олон жилийн туршлагатай сэтгэлзүйн эмч болох Филиппа Перри эцэг эхчүүдэд болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй залууст зориулан энэхүү номыг гаргасан юм. Перри хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэхийг заагаад зогсохгүй яагаад заримдаа өөрийн төрсөн хүүхэд уур уцаар болон атаархал төрүүлдгийг тайлбарлаж өгдөг. Тэрээр хүүхэдтэйгээ эрүүл зөв харилцаа тогтоохын тулд өмнө нь дурдсан сэтгэл хөдлөлийг ажиглаж, засахыг заадаг.

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном (фото 3)

Бизнес харилцаа

“No Hard Feelings: The Secret Power of Embracing Emotions at Work”, Лиз Фосслиен, Молли Вест Даффи

Хэрүүл маргаан нь зөвхөн дотны гэр бүл болон найз нөхдийн дунд үүсдэг зүйл биш. Бидний танилцуулж байгаа энэ ном бол ажил дээр гардаг харилцааны асуудлуудыг хэрхэн шийдэх талаар зөвлөгөөнүүдийг агуулсан юм. Түүнчлэн хамт олонтойгоо нэгдэж, хамтын зорилгодоо хэрхэн хүрэх талаар энгийн бөгөөд сонирхолтой байдлаар өгүүлсэн байна.

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном (фото 4)

Сэтгэл зүй

“The AfterGrief: Finding Your Way Along the Long Arc of Loss”, Хоуп Эделман

Хүн бүрийн хувьд эцэг эхээ алдах нь хамгийн аймшигтай зүйл билээ. Гэвч энэ зовлонтой учирсан хүмүүст зориулсан уй гашуугаа хэрхэн даван туулах талаар өгүүлэх ном, зохиолууд хангалттай байдаггүй. Харин Хоуп Эделман зохиолч тус бүтээлээрээ дамжуулан ээжийгээ алдсан хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, дэм болохыг хичээсэн. Уг номын давуу тал нь балчир насандаа ээжийгээ алдсан хүмүүсийн түүхүүдээс гадна нас бие гүйцсэний дараа ээжийгээ алдсан хүмүүсийн талаар ч өгүүлсэн тул бүх насныханд тохиромжтой бүтээл болсон юм.

BURO. санал болгож байна: Энэ зун унших 5 ном (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх