Хайх

Амралтын өдрүүдээр үзэх кино: “The Flash”-ийн дэлхийн нээлт өнөөдөр болж байна

Амралтын өдрүүдээр үзэх кино: “The Flash”-ийн дэлхийн нээлт өнөөдөр болж байна

Text: Т.Номин-Эрдэнэ


Нарлаг, дулаахан зуны өдрүүд олон байдаг ч бид аадар асгарсан тэр нэг л өдрийг илүү тод санадаг. Үүн шиг бидний амьдралд сайн сайхан өдрүүд олон байдаг ч гэлээ зүрх шархлуулж, сэтгэл өвтгөсөн тэр нэгэн өдөр бидэнд амьдралын жинхэнэ хичээлийг заасан байх нь олонтоо. “Warner Bros. Pictures”-ийн “суман хүү” болох Барри Аллен эцэг эхээ зэрэг алдсан тэр шөнөө том шарх авсан шигээ том сургамж, бас шидэт бэлгийг хамтад нь хүртсэн билээ. Гэрлийн хурд шиг хурдлах супер хүчнийхээ тусламжтай цаг хугацаагаар аялж өөрийнхөө болон хүмүүсийн шархыг эдгээхэд туслах хүчирхэг баатрын тухай өгүүлэх “The Flash” өнөөдөр АНУ-аас эхлэн дэлхийн нээлтээ хийж байна.

Амралтын өдрүүдээр үзэх кино: “The Flash”-ийн дэлхийн нээлт өнөөдөр болж байна (фото 1)

2011 онд “DC Comics” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан “Flashpoint” хэмээх комик номоос сэдэвлэсэн тус бүтээлийг зохиолч Кристина Ходсон кино зохиол болгосныг Энди Мускиетти хэмээх Аргентин найруулагч найруулжээ. Барри Аллены дүрд америкийн залуу од Эзра Миллер тоглосон бөгөөд бусад дүрүүдэд Саша Калле, Майкл Шеннон, Рон Ливингстон, Марибел Верду, Кирси Клемонс болон Антже Трау зэрэг олон улсын жүжигчид тоглосон байна. Миллерээс гадна Холливудын од Бен Аффлек, Майкл Китон нар “Batman” цуврал дахь өөр өөрсдийнхөө дүрийг дахин бүтээж буй учраас уг кино энэ зуны хит болох өндөр хүлээлттэй байгаа юм. Үүнийг нотлох мэт, америкийн цагаар урьд шөнө гурван цагт тохиосон урьдчилсан үзэлтээр “The Flash” есөн сая орчим ам.доллар олсон байна. Энэ нь урьдчилсан үзэлтээрээ “Doctor Strange” 9,4 сая ам.доллар, “Aquaman” 9 сая ам.доллар, “Ant-Man” 6,4 сая ам.доллар, “Venom” 10 сая ам.доллар олсонтой дөхөхүйц үзүүлэлт билээ.

Амралтын өдрөөрөө үзэх “The Flash” киноны албан ёсны трейлерийг эндээс сонирхоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх