Хайх

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд

Text: Buro.Mongolia


Энэ оны төгсгөлд олон шинэ бүтээлүүд нээлтээ хийж кино сонирхогчдод бэлэг барих нь ээ. Шинэ жилийн баярыг догдлон хүлээх зуураа үзэгчид бид уйдахгүй нь лавтай боллоо. Ийнхүү үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байгаа арванхоёрдугаар сард цацагдах онцлох кино, цувралуудыг танилцуулж байна.


"Sweet Home" 2

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 1

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 1)

Тус цувралын эхний бүлэг нь 2020 онд үзэгчдийн хүртээл болж багагүй амжилт үзүүлж байсан удаатай. Тэгвэл кино багийнхан дахин хоёр бүлэг гаргана хэмээн мэдэгдэж олон нийтийг баярлуулаад амжлаа.

Хоёрдугаар бүлэг олон шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирэх болно. Тэр ч бүү хэл өмнөх бүлэг дээр таалал төгссөн зарим дүрүүд чөтгөр болон эргэн ирэх магадлалтай гэдгийг кино багийнхнаас хуваалцсан байна.


"Welcome to Samdal-ri"

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 2

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 2)

Багаасаа найзалж, эцэст нь нэгэндээ сэтгэлтэй болсон хосуудын тухай гэгээлэг түүхийг өгүүлэх тус цувралд жүжигчин И Жан Үг, Шин Хэ Сүн нар тоглож байгаа гэдгээрээ онцлог юм. Үйл явдалд тэдний гал халуун хайр дурлалыг өгүүлэхээс гадна Жэжү арал дээр тэдэнтэй цуг амьдарч буй хөршүүдийн талаарх сэтгэл хөдлөм, хөгжилтэй түүхийг харуулах ажээ.


"Wonka"

Нээлтээ хийх огноо: Арванхоёрдугаар сарын 8

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 3)

Бидний бага насны дурсамжид хадгалагдан үлдсэн ид шидийн шоколадны үйлдвэрийн эзэн Вилли Вонкагийн залуу насны тухай өгүүлэх “Wonka” кино үзэгчдийн дунд томоохон хүлээлт үүсгээд байна. Учир нь залуу Вилли Вонкагийн дүрийг жүжигчин Тимоти Шаламе бүтээж байгаагаас гадна жүжигчин Роуэн Аткинсон, Хью Грант нар тоглож байгаа гэдгээрээ онцлог юм. Тус киноноос бид Вилли Вонка хэрхэн өөрийн гэсэн шоколадны үйлдвэр, дэлгүүртэй болж байгаа талаарх сонирхолтой түүхийг олж мэдэх нь ээ.


"Ferrari"

Нээлтээ хийх огноо: Арванхоёрдугаар сарын 14

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 4)

Алдарт Энцо Ферраригийн амьдралын түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино нь 80 дахь удаагийн Венецийн кино наадамд анхны нээлтээ хийж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй танхимд байсан үзэгчдийн гал халуун зургаан минутын турш алга ташилтаар өндөрлөсөн түүхтэй. Энцо Ферраригийн дүрийг жүжигчин Адам Драйвер бүтээсэн бол Лаура Ферраригийн дүрд үзэсгэлэнт жүжигчин Пенелопа Круз тогложээ.


"Death’s Game"

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 15

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 5)

Со Ин Гүг, Пак Су Дам, И Жэ Үг, Гү Юүн Жон зэрэг алдартай, чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй тус триллер цуврал нь Чой И Жэ хэмээх залуугийн бүтэлгүй амьдралаар эхэлнэ. Тэрээр чадлынхаа хэрээр хичээгээд ажилдаа, гэр бүлдээ ч тэр хангалттай үнэлэгдэж чадахгүй байсан учир амиа хорлохоор шийддэг. Гэвч И Жэ нас барсныхаа дараа үхлийн бурхантай уулзаж шийтгүүлсний улмаас 12 өөр хүний амьдралыг эмгэнэлтэйгээр таалал төгсөх эцсийн мөч хүртэл нь туулахаар болдог. 


"Percy Jackson and The Olympians"

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 20

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 6)

Ижил нэрт 6 боть номын франчайз “Percy Jackson and The Olympians” бүтээл нийт 8 ангитай цуврал болон цацагдахаар болжээ. Бүтээлийн өрнөлд 12 настай Перси Жексон хүү нэгэн өдөр өөрийгөө хагас бурхан хагас хүн гэдгээ олж мэднэ. Улмаар тэрээр Грекийн бурхан Зевсийн аянгыг хулгайлсан хэмээн гүтгэгдэж буйгаар кино үргэлжлэх болно.


"Aquaman and the Lost Kingdom"

Нээлтээ хийх огноо: Арванхоёрдугаар сарын 22

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 7)

“Aquaman” бүтээлийн дараагийн анги үзэгчдийг удаан хүлээлгэсний эцэст нээлтээ хийхэд бэлэн боллоо. Үйл явдал эхний анги дээрхээс хэдэн жилийн дараах түүхийг өгүүлэх ба Блэк Манта эртний хараагдсан хүчийг олж нээн Aquaman болон түүний эзэнт гүрэн рүү довтолж буйгаар өрнөх аж.

Сонирхуулахад, Амбер Херд болон түүний экс нөхөр Жонни Депп хоёрын дунд үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас улбаалан үзэгчид Амберыг киноноос хасахыг шаардсан. Тэд 1.5 сая гаруй гарын үсгэтэй өргөдлийг Warner Bros. кино компани руу илгээсэн ч продюсер Питер Сафран олон нийтэд хандан "Амбер Хердгүйгээр дараагийн ангийг хийх боломжгүй" хэмээн мэдэгдсэнээр асуудал намжсан билээ.


"Gyeongseong Creature"

Цацагдах огноо: Арванхоёрдугаар сарын 22

Арванхоёрдугаар сард цацагдах шинэ кино, цувралууд (фото 8)

Холливүүдэд “The Marvels” киногоор дебютээ хийгээд амжсан чадварлаг жүжигчин Пак Со Жүний ээлжит бүтээл болох “Gyeongseong Creature” цуврал нийт хоёр хэсэгтэйгээр Netflix видео стриминг платформоор цацагдах аж. Эмэгтэй гол дүрийг “Nevertheless” цувралаараа олонд танигдсан залуу жүжигчин Хан Су Хи бүтээж байгаа бол Ви Ха Жүн, Ким Хэ Сүг нар туслах дүрд тогложээ. Үйл явдал 1945 оны Солонгос улсад өрнөх ба Тэ Сан хэмээх язгууртан залуу Чэ Уг бүсгүйтэй санамсаргүй байдлаар учирч буйгаар үргэлжлэх болно. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх