Хайх

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ?

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ?

Бюро 24/7 ярилцлага

Text: Ж.Чинбат


Жүжигчин Б.Амарсайхан кино ертөнцийн тухай, эрчүүдийн зөв хооллолт, өөрийн дуртай спорт болон улс төрчдийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн видео бичлэгийн талаар ярьж байна

Хэрэв Б.Амарсайхан сонгуульд нэр дэвшвэл та сонгох байсан уу? Тэр эрчилсэн сум шиг хурц тодорхой яриатай, эгэл монгол царай нь итгэл төрүүлэм болохоор хүмүүсийн анхаарлыг дор нь татаж чадна. Гэхдээ эргэлзэх зүйл бий. Анх тэр "Тавилан" кинонд, дараа нь "Бодлын хулгайч", "Үргээлэг" кинонуудад цайлган сэтгэлтэй боловч бодлогогүй, хөнгөн хийсгэлэн үйлдэлтэй эрчүүдийн дүрийг бүтээсэн. Тиймээс жүжигчдийг кино дүрээр нь хүлээн авах хандлагатай монголчууд "Магадгүй Амараа өөрөө ч гэсэн тийм юм билүү" гэж эргэлзэж мэднэ. Амьдрал дээр бол тэр "Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат" гэдэг шиг яг л ид үедээ яваа хүчтэй уран бүтээлч. Тиймээс одоо түүний зорилго нь нэлээн алсуур харсан, ам ажил хоёр нь ч олны төлөө зовнисон шинжтэй болжээ. 

Үнэндээ тэр сонгуульд нэр дэвшвэл хөнгөхөн ялчих магадлалтай. Өнгөрсөн зуны сонгуульд гэхэд Б.Амарсайханы хэлсэн үгс хуурай өвсөнд тавьсан гал шиг дүрэлзэж, ахархан хугацаанд хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Үүнээс болж цөөнгүй хүн түүнийг үзэн ядан буруутгаж, олон янзын меме гаргасан ч тэднээс арав дахин их хүн "Амараагийн зөв" гэж байсан юм. Тэгэхдээ аз болж Б.Амарсайханд улс төр биш кино ертөнцийн оргилд л нэр дэвших хүсэл байдаг нь сайн хэрэг. Сануулж хэлэхэд аравдугаар сарын 19-нд ИТХ-ын сонгууль болоод дуусчихсан ба дээр нь Б.Амарсайхан "Надад кино гэсэн ганцхан л бизнес байгаа" гэж тодотгож хэлсэн юм. Тэр киног зөвхөн бизнес гэдэг талаас нь харалгүй мөн киногоор дамжуулж олон нийтэд хүргэх гэсэн тодорхой зорилготой, цаг хугацааны уртад тэсч үлдэх урлагийн мөн чанартайгаар бүтээхээр тэмүүлж байна. "Кино бол үзэл суртлын зэвсэг мөн" гэх тунхаглалыг тэр хамгийн сүүлд өөрөө зохиолыг нь бичиж, тоглосон "Итгэл" уран сайхны кинондоо шингээжээ. Авилгалаар дэлхийд тэргүүлдэг өнөөгийн Монголын нийгмийг тэр хурцаар шүүмжилж, бас гарах арга зам санал болгосон байсан юм. Тэгэхээр түүнийг сонгох тухай асуудал бол зөвхөн урлагийн талбарт хийж бүтээснийг нь үнэлж дүгнэн, цаашдын уран бүтээлд нь дэм өгөх тухай асуудал болж таарна. 

Тиймээс бид түүний хамгийн сүүлд бүтээсэн "Итгэл" киноны талаар болон удахгүй Лос-Анжелес хотноо болох гэж буй "Asian world film festival"-ын тухай, ан хийхдээ юу гэж боддог, аялалд явах чиглэлээ хэрхэн сонгодгийг, 17 кг жингээ хасахын тулд ямар арга хэмжээ хэрэглэсэн бэ гэх зэрэг олон сэдвээр ярилцлаа. 

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 1)

Та өөрөө зохиолыг нь бичиж, цоо шинэ багтай ажилласан "Итгэл" киног үзлээ. Киноны гол санаа тэр нэгэн сайдын хэлж буй "Суугаач, чихэр ид" гэх цөөхөн үгэнд зангилагдсан байсан. Та киноныхоо анхны санааг хэзээ яаж олсон юм бэ?

"Үргээлэг II" киноны зураг авалт 2016 оны нэгдүгээр сард дууссаны дараа би монгол эр хүний тухай кино хийхээр бодож эхэлсэн. Орчин цагт монгол эр хүн бол тэр гэж хэлэхэд их адармаатай болчихжээ. Нийгэмд байр суурь олсон, мөнгөтэй хүнийг эр хүн гэж хэлэх үү? Итгэл киноны хувьд би нэг дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн байгаа. Дүү маань харамсалтайгаар 20 жил шахуу нэг өвчнөөр шаналж байгаад өнгөрсний дараа би түүнийг яаж нэг өдөр илүү амьдрахын тулд тэмцэж, зовж байсан бол гэдгийг бодсон эмзэглэл энэ бүтээлийг хийх гол суурь болж өгсөн юм. Хэрэв маргааш гэх нэг өдөр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг харуулах юм бол тэнд миний үзүүлэхийг хүсч байсан хүний мөн чанар танигдана гэж бодсон. 

Кинонд ерөнхийдөө төрийн албыг дагаж ажил амьдралаа босгох зорилготой залуусын давхарга нийгэмд бий болсныг гаргаж үзүүлсэн байсан. Тийм болохоор бодит хүнээс сэдэвлэсэн дүр байгаа юу гэж би асуух гэж байсан юм. Харин өөр хүн байжээ. 

Ер нь нийгэмд нам засаг дагаж, даргын цүнх барьж "томордог" бүлэг хүмүүс бидний дунд бий болсон. Үүнийг би хурцаар шүүмжлэхдээ хүн өөртөө итгэж, эзэн байх ёстой гэж хэлэхийг хүссэн. Хүн хэзээ ч нийгмийн захиалга байж болохгүй. Монголчууд нэг бол өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? "Чингис хааны үед бид агуу байлаа" гэх юм уу "Би залуудаа тэгж явлаа" гэж хүмүүс ярьдаг. Эсвэл ирээдүйн болоогүй байгаа зүйлсээс айдаг. Гэвч энэ бүхэн өнөөдөр гэдэг яг бодитой харагдаж байгаа зүйлсийг, бүтээмжтэй хором мөчүүдийг үгүйсгэж байдаг.

Кинонд хүмүүсийг татах гэсэн хөнгөн шийдлүүд бага оруулсан санагдсан. Ерөнхийдөө үзэгчид их бодлогоширч байх шиг, кино дуусаад гарахад төрийн албанд ажилладаг байрын хувцасласан залуучууд дүнсгэр царайтай сууж харагдсан. Киноны зохиолыг та гаргаж, бас өөрөө жүжиглэсэн. Өөр бусад зүйлсэд бас оролцсон уу?

Миний амьдрах зарчим бол хүн өөрийнхөө чаддаг юмыг хийх ёстой. Хэдийгээр би зохиол бичиж, продюсерын багт байлаа гээд найруулагчийн ажилд нөлөөлөх ямар ч эрх байхгүй. Энэ бол ёс зүйтэй холбоотой асуудал. Бүх юм руу гараа дүрээд байвал монголын аль ч салбар хөгжихгүй. Жишээ нь найруулагч дөрвөн зуун хүн цуглуулсан масс зураг авалтыг цуцлуулсан тохиолдол бий. Хэдийгээр тэр хүмүүсийг дахин цуглуулах зардал, цаг гарсан ч найруулагч тэр зураглалыг яаж хийхээр харсныг бид бүрдүүлж өгөх ёстой. "За ингээд хусчий л даа" гээд аргалж, үзэгчдийг хуурч болохгүй л дээ.

Тэгэхээр таны кино зохиолчийн үүрэг, кино жүжигчний үүрэг яг хаана салсан бэ?

Зохиол найруулагчийн гар дээр очиж, найруулагчийн зохиол болоход л.

Кино зохиол сайн байж кино сайн болно гэсэн дүрэм байх шиг.

Тийм ээ, гол нь тэр.

Хэт арилжааны чанартай, ганц жүжигчний ур чадварт найдаж, зөвхөн инээлгэх зорилго тавихаар кино өөрийн гэсэн хэлэх санаа, уран хийцээ алддаг. 

Тэгэхээр та кино зохиолыг юугаар нь сайн болсон гэж үнэлдэг вэ?

Миний үнэлэмж өөр, бусад хүмүүсийнх өөр байх л даа. Миний хувьд бол амьдралын бодит үнэнд хэр ойр байна вэ гэдэг нь чухал. Итгэл киноны хувьд утга уянгын /драмын/ төрлийн кино. Тиймээс бодит үнэнийг л үзүүлэх ёстой. Үзэгчдэд "Өө, хэзээ ийм юм байсан юм бэ?" гэсэн сэтгэгдэл төрж байвал л цаашид энэ киног хүн үзэхгүй, тэр зохиол борлогдохгүй. Өнөөдөр би энд ярилцлага өгч байгаа нь энэ кино үнэн бөгөөд сайн болсноос улбаатай гэж бодож байгаа. Би илүү тийм романтик ч юм уу, хэт фантастик кинонууд руу анхаарлаа хандуулахгүй байна. Өнөөдөр бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол утга, уянгын кино. Дэлхийн кино урлаг ч өөрөө техник, технологийн оргилоосоо бууж эргээд үнэн хайр сэтгэл, үнэн харилцаа, үнэн нөхөрлөлтэй сэдэв уруу буцаж яваа.

Таны эхнэр хөрөнгө оруулалтын шинжээч, санхүүгийн мэргэжилтэй бөгөөд Итгэл киноны гүйцэтгэх продьюсерээр ажилласан гэсэн. Та бүхний кинондоо тавьсан үндсэн зорилгууд нь юу байна вэ?

Энэ киног бид монголын зах зээлд зориулж хийсэн. Энэ кинонд гарч буй асуудал нь монголын асуудал. Өөр оронд чухал биш бөгөөд ойлгохгүй. Манай улс дэлхийд авилгалын хэмжээгээрээ бараг л эхний аравт явж байгаа. Энэ асуудлыг бид хөндөх ёстой. Кино бол сурган хүмүүжүүлэх зэвсэг. Монголын кино урлагийг үзэгчтэй байлгахын тулд, 35-с хойш насны хүмүүсийг татах зорилготой. Зүгээр л бид оюутан бөгөөд арван хэдтэй хүүхдүүдэд зориулсан инээдмийн болоод хайрын кино хийгээд байж болно л доо.

Тэгэхдээ бид дуугарах ёстой. Нийгмийнхээ хонх байх ёстой шүү дээ. Тэр зүйлсээ л их барьсан. Түүндээ бас хүрч байгаа байх. Ер нь бол кино нээлтээ хийсний дараа хүмүүс ам сайтай байна. Хүн амьдралдаа хоёр удаа сургууль төгсөж, том шалгалт өгдөг бол миний хувьд кино хийх бүртээ их сургууль төгсөх шалгалт өгч байгаа юм шиг зогсож байдаг. Юу гэж хэлэх бол гээд л ...

Монголын кино ертөнцийн залгамж халаа алдагдаж байна гэж уран бүтээлчид ярилцлага өгсөн байх нь олон. Та тэгж боддог уу? Хэрэв тийм бол өмнөх үеийнхнээс авч үлдэх ёстой зүйл нь юу вэ?

Монголын кино урлаг 80 жилийнхээ түүхийг бичиж байна. Эхний жаран жилд ажиллаж, амьдарч байсан уран бүтээлчид нэг талдаа маш азтай. Нөгөө талдаа маш азгүй байлаа. Энэ тухай үзүүлсэн Ж.Биндэр найруулагчийн "Хүсэл, хясал" гэдэг гадаадын кино наадмаас шагнал хүртсэн баримтат кино байгаа. Өмнөх жаран жилд улс өөрөө кино театраа барьж өгдөг, жүжигчдээ цалинжуулдаг, киногоо 18 аймагт хүргэдэг продюсер байсан. Гэвч чөлөөт уран бүтээлч хандлага байхгүй, кино үзэл суртал, хүмүүжлийн том зэвсэг болсон. Бид тэндээс юуг авах вэ гэж үү? Тэр хэцүү цензурьтэй цаг үед хийгдэж, одоо ч үнэ цэнэтэй байгаа "Гарын таван хуруу", "Говийн зэрэглээ", "Төөрсөөр төрөлдөө", "Тунгалаг Тамир" зэрэг бидний үзэх дуртай шидээвэр бүтээлүүдээс бид нар найруулагч, зураглаачийн уран чадвар, жүжигчдийн тоглолт, үнэн байх чадварыг сурч авах ёстой. Тэр үеийн сургалтын систем яаж заахаараа хүмүүст тийм үнэн зүйл хүргэж байж вэ гэдгийг нь харах хэрэгтэй.

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 2)

Өнөөдрийн хувьд гарч буй алдаа, оноог та тэгвэл юу гэж дүгнэх вэ?

Сүүлийн хорин жилд кино арилжааны шинжтэй болж, кино хийвэл мөнгө олдог юм байна гэдгийг уран бүтээлчид ойлгосон. Америкийн бокс оффисыг харахад л киночид цөм хийж байгаа биз дээ. Гэвч хэт арилжааны чанартай, ганц жүжигчний ур чадварт найдаж, зөвхөн инээлгэх зорилго тавихаар кино өөрийн гэсэн хэлэх санаатай байх, уран хийцтэй байх зэрэг нь хаягдаж байгаа юм. 

Хуучны кинонууд амьд, үнэн жүжиглэлттэй гэж хүмүүс ярьдаг. Өнөөдөр ийм зүйл харьцангүй бага болсон гэдэгтэй санал нэгдэх үү? Ер нь яаж тийм жинхэнэ жүжиглэлт тэр үед гардаг байсан юм бол оо?

Тэр үед Станиславскийн сургалтын системээр уран бүтээлчдээ сургаж, Орос найруулагчид ирж ажиллаж, Оросод уран бүтээлчдээ илгээж, тогтмол хөгжүүлэлт хийж байсны үр дүн юм даа. 1990 оноос хойш бүх харилцаа холбоо тасарч, кино урлаг арчигдаж, мартагдах шахсан он жилүүд бий. Энэ үед л өнөөх сургалтын систем алдагдсан. Харин одоо Монголд бараг киноны нэн шинэ түүх эхэлсэн. Өнөөдөр уран бүтээлчид ямар кино хийх нь тэдний ертөнцийг үзэх үзлээр шийдэгдэж байна. Гэвч бүх чөлөөт уран бүтээлчид кино урлагийг хөгжүүлж байгаа. 

Алдаа ч гэсэн хөгжил юм аа гэж үү?

Тийм. Үүгээр бахархах хэрэгтэй.

Бид өмнө нь Холливүүдын кино дампуурлын түүхийн талаар нийтлэл гаргаж байсан юм. Монголд кино дампуурах эрсдэл хэр их байна вэ? Та бүхэн үүнээс сэргийлэхийн тулд яадаг вэ?

Маш их. Бид нар ёстой л торгон мэдрэмж шаардсан зовлонтой үед киногоо хийж байгаа. Өнөөдөр байгаа хамгийн сайн тал бол Гэгээнтэн, Хүннү, iMax, Тэнгис, Өргөө гээд дэлхийн хэмжээний долоон кино театр ажиллаж байна. Бид хичнээн сайн кино хийгээд театргүй бол хаана үзэгчдээ хүргэх юм бэ. Ийм том зоригтой хөрөнгө оруулалт хийсэн кино театрынханд би үргэлж баярлаж явдаг. Нөгөө талдаа монголын кино улирлын чанартай бизнес болж, намар цагт гурван монгол кино хоёр танхимд зэрэг орж ирээд, хоорондоо хуваариа булаацалддаг болсон. Тиймээс аль үзэгчдийн таашаалд хүрсэн, сайн кино нь арай удаан гарна. 

Та өнгөрсөн жил Asian world film festival наадамд "Бодлын хулгайч" киног үзүүлсэн. Энэ жил "Итгэл" киног үзүүлэх гэж байна. Энд юу болох талаар дэлгэрүүлээд ярихгүй юу.

"Asian world film festival" энэ жил хоёр дах удаагаа зохиогдоно. Их залуу кино урлагийн наадам л даа. Энэ яагаад зохиогдсон бэ гэхээр "Оскар", "Алтан бөмбөрцөг" зэрэг кино наадамд Азийн кино их бага оролцдог. Ази тив хамгийн том, хамгийн олон үзэгчтэй тив хэрнээ яахаараа Оскарын гадаад хэл дээрх кинонд нэр дэвшиж, тэр шагналыг авч болохгүй гэж?  Энэ санаагаар Азийн 50 орчим орон нэгдэж Америкт хоёр дах жилдээ кино наадам зохиож байна. Тэдгээр 50 орны киноноос 17 нь Оскарт нэр дэвшсэн кино байсан.  Өнгөрсөн жил бид санамсаргүйгээр 2011 оны "Бодлын хулгайч" киногоо авч очсон ба үзэгчдийн нэрэмжит шагнал авсан. Наадмын зүгээс мөн намайг хүндэт гишүүнээр сонгосон тул энэ жил шагнал гарлуулах ёслолд нь би мөн оролцоно. 

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 3)

Тэгвэл одоо энэ наадамд оролцож буй "Итгэл" кинонд ямар боломж байгаа вэ?
"Итгэл" кино саяхан нээлтээ хийсэн учраас бид олон төрөлд нэр дэвшиж чадаагүй. Ер нь бол "Шилдэг хүмүүнлэгийн кино", "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-д өрсөлдөх эрхтэй байгаа. Бидний хувьд нэг их өрсөлдөж, номинаци авах нь чухал биш. Азийн киноны том, том төлөөлөл болсон олон орон энэ наадамд өрсөлдөж байгаа. Харин бид ямар ч байсан Монгол улс кинотой юм шүү, бид киног ингэж хийдэг юм шүү гэдгээ харуулна. Улмаар Монголд кино хийх сонирхолтой, хөрөнгө оруулах боломжтой хүмүүсийн анхаарлыг татах, Монголын кино урлагийг сурталчлах гол зорилготой. 

Твиттер бол хоосон үг ихтэй, хөөсөрсөн газар л даа.

Өнөөдөр таны төрсөн өдөр болж байна. Та ер нь төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг вэ? Өнөөдөр ямар төлөвлөөтэй байна даа?

Төрсөн өдөр болгон л сайхан байдаг. Голдуу найзуудтайгаа л даруухан тэмдэглэдэг. Найзууд маань илүү гэр бүлийн найзууд болчихсон учраас бид цэнгэж дарвихаасаа илүү хамтдаа ярилцаад суух дуртай. Миний нас нэмэгдэж байгаатай адил нөхөрлөлийн маань хуудас ч бас нэмэгдэж, дуу хууртай халуун дулаан уур амьсгал бий болж, сайхан дурсамж үлддэг.

Та гал тогооны ард ер нь байдаг уу?

Байдаггүй.

Ер нь ямар төрлийн мэдээлэл ихэвчлэн уншдаг вэ?

Одоо фэйсбүүк л их ухаж байна. Нийгмийн сүлжээгээр дамжуулаад үзэгчидтэйгээ ойрхон байж, тэдний санаа бодол хаашаа чиглэж, юунд эмзэглэж байгааг нь мэдэрч болдог. Твиттерт идэвхитэй биш боловч байнга харж уншдаг. Гэвч Твиттер бол хоосон үг ихтэй, хөөсөрсөн газар л даа. 

Энэ зун та өөр лүүгээ чиглэсэн олон нийтийн санаа бодлыг нэлээн сайн мэдэрсэн байх. Та уран бүтээлч хүний хувиар нийгмээ дүгнэж үг хэлсэн. Яагаад тийм утгатай зүйл хэлэх болов гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Гол нь үүнийг хүмүүс олон янзаар хүлээж авлаа. Одоо түүнээс хойш хэсэг хугацааны дараа та хэлсэн үгээ хэрхэн дүгнэж байна вэ?

Та 2012-2016 оны хооронд улс эх орны байдал ямар болсон гэдэг дээр надтай санал нэг байгаа гэж би бодож байна. Тийм үү? Гэвч хүн бүрийн санаа бодол өөр. Тэр бичлэгт өөрийн үзэл бодлоо илэрхийлсний дараа надтай адилхан үзэл бодолтой дэмжигчид намайг эсэргүйцэж, миний үзэл бодлын эсрэг зогсож байсан хүмүүсээс бараг арав дахин илүү байсныг хүн бүхэн харж байсан.

Тэгэхдээ би нэг зүйлд их гайхсан. 2012-2016 оны хооронд улс орон ийм хэцүү нөхцөл байдалтай болсныг хэлсний төлөө хүмүүс яагаад намайг хараан зүхэж, сөргөөр хүлээж авсныг ойлгохгүй байгаа юм. Эсвэл тэд нарын амьдрал тийм сайхан байсан юм уу? Би хөдөө гадаа явах, Улаанбаатар хотод хаана ч очсон амьдрал хэцүү болсныг үргэлж харж байсан. Энэ олон ашиглалтанд орохгүй, зарагдахгүй байгаа барилга, долларын ханшны өсөлт, улс төрчдийн идсэн, уусныг харахад эмзэглэхгүй, дуугарахгүй байхын арга байна уу? 
Тэдгээр хүмүүсийг би үнэхээр гайхсан. Энэ чинь бид нарын эх орон. Энэ улсыг чинь монгол хүмүүс л удирдана. Надад тэр ардчилсан байна уу, социалист нь байна уу хамаагүй. Бид улсынхаа төлөө саналаа хэлж, хүн болгон чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой юм байгаа биз дээ? Хүн болгон энэ хүндрэлтэй, хямралт байдлаас гарахын тулд чармайх хэрэгтэй шүү дээ. Би Ардчилсан нам нь сайн, Ардын нам нь муу гэж хэлээгүй. Харин "Өнөөдөр ардчилсан гэдэг үгийг өөрийнхөө нэрэн завсар хавчуулсан тэр намын удирдлага, нөхдүүд улс орныг удирдаж чадахгүй байна" гэдгийг л хэлсэн.

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 4)

Хамгийн гол нь таныг 2020 онд нэг зүйлийг, 2024 онд бас нэг өөр зүйлийг ярина даа гэж тэдгээр сэтгэгдлүүд дотор шүүмжилж байсан. Та цаашид дуу хоолойгоо хүргэсээр байх уу?

Хүргэх ёстой газар бол хэлж, дуугарах ёстой шүү дээ. Чи ч гэсэн сэтгүүлч хүн, үгээ хүргэнэ биз дээ?

Тийм ээ, мэдээлэл хүргэх нь миний мэргэжил.

Энэ ч гэсэн миний мэргэжил. Өнөөдөр таксинд суугаад жолоочтой нь амьдралын тухай яриад үз. Тэр хүн санаагаа олон хүнд хүргэж чадахгүй боловч дотор нь аль хэдийнэ хэлэх үг нь бүрдчихсэн байгаа.

Монголчууд нийгмийн нөхцөл байдлаас амархан шилжиж, сэтгэл зүйгээ хувиргаж чаддаг бололтой. Сонгуулийн дараа наадам, залгаад зуны амралт үргэлжиллээ. Та энэ зун яаж амарсан бэ? Хэр их аялав?

Би маш их аялах дуртай. Аялал бол манай гэр бүлийн амьдралын том хэв маяг. Бид жилийн 365 хоногийн бараг 160-ыг нь аялалд зориулдаг. Би гурван хүүхэдтэй. Том охиноо таван сартай байхад нь авч гараад л зургаан сартай болгоод орж ирсэн. Энэ жил бага хүүгээ нэг сартайд нь аваад гарсан. Манай аав тээврийн жолооч хүн байлаа. Тиймээс би ч хүүхдүүдээ байгальтайгаа их ойрхон байж, дасан зохицож, түүнийг хайрлах сэтгэлтэй болоосой гэж боддог.

Миний амьдрал хичнээн сайхан болсон ч би хүүхдүүдээ хөдөө хээр өөрсдөө хоолоо хийж идэж чаддаг, эгэл жирийн амьдралд сурсан, эргээд харахад гэр бүлээрээ өнгөрөөсөн сайхан дурсамжтай үлдээхийг хүсдэг. 

Энэ эх оронд олон янзын хүн аж төрдгийг хүүхдүүдээ үзэж, таниасай, тэдний дунд байгаасай гэсэн үндсэн зорилготой. Мөн хүнд дотоод хөг гэж байдаг. Тэр хөгийг сэргээж, хотын шуугианыг мартуулахын тулд замдаа уртын дуу, морин хуурын аялгуу тавьж явдаг. 

Аяллын байнга сонгодог чиглэл бий юу.

Ёстой янз бүр. Шүлсээ алган дээрээ хаяж байгаад л явна шүү дээ.(инээв)

Одоо Монголчуудын хувьд гадаад аяллын улирал эхэлж байна. Танд төлөвлөгөө бий юу?

Би онгоцоор нисэх маш дургүй. Өндрөөс айдаг.

Та сериал кино хэр үздэг вэ?

Огт үздэггүй.

Шалтгаан нь?
Зав байхгүй юм чинь.

Таны дуртай найруулагч нар хэн бэ?

Би хичнээн киноны хүн ч гэсэн яг тийм дэлхийн найруулагч гэж гүнзгий судалж, ордоггүй. Жишээ нь би Элвис Преслигийн улаан фэн боловч түүний хэдэн пянз гаргаж, хаана төрснийг нь мэдэхгүй бөгөөд надад зөвхөн дууг нь сонсоход л гоё байдаг. Бас би машин сайн барьдаг мөртлөө огт засч чаддаггүй төрлийн хүн.

Хэрэглэх үедээ л хэрэглэдэг байх нь.

Одоо надад сайн найруулагч гэж санагдаж байгаа хүмүүс бол Квентин Тарантино, Стивен Спилберг хоёр байна. Тэдний киноны хийц, борлуулалтыг нь харахад л. Монголд одоо сайн найруулагч хэрэгтэй байна уу гэвэл хэрэгтэй байна. Би И.Нямгаваа гэдэг хүнийг их сайн найруулагч юм байна даа гэж сая бодлоо. Тэр хүний "Гарын таван хуруу", "Би чамд хайртай " кинонууд бол маш олон киноны хэлээр ярьдаг. Тэгээд тэр хүн ганц курс төгсгөсөн цөөхөн шавьтай ч Ж.Сэнгэдорж, Б.Гарамханд нар одоо их мундаг байна. 

"Үргээлэг", "Бодлын хулгайч" зэрэг адал явдалт кинонууд үзэгчдийг их огшоож, дуртай үзэж байна. Цаашид энэ төрлийн кино хийх санаа байгаа юу?

Би адал явдал, тулаант киноноос зугатааж байгаа. Тулаант, инээдмийн кино хийгээд мөнгө олоод байж болно л доо. Гэвч би одоо хүнд юм ойлгуулсан, улс эх орноо сурталчилсан тийм кино хиймээр байна. Би сүүлийн кинондоо зориулж 17 кг турсан. Ийм хувь хүний болоод жүжигчний уран чадварыг шавхсан бүтээл сонирхдог.

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 5)

Та турахдаа ямар дэглэм барьсан бэ?

Тэр амархан. Энхсайхан гээд багшийн Монгол хооллолтын хичээлээр турсан. Маш үр дүнтэй байснаар барахгүй бид их иддэг хүмүүс юм байна гэдгийг ойлгосон. Идэх хоолоо тааруулах юм бол турах асуудал биш юм. Мөн жин хасахаасаа гадна хүн эрүүлжинэ. Ер нь бол жин хасах нь хувь хүний сахилга бат, тэвчээр, өөртэйгээ ажиллах чадвартай холбоотой юм байна. Тамирчид, загвар өмсөгчид жингээ хасахын тулд яаж хичээдгийг, зорилгодоо хүрэхийн тулд биеэ хэрхэн бэлддэгийг би ойлгосон. 

Энэ сэдвийн хүрээнд ярихад монголчууд 95-хан мянган цэргээр дэлхийг эзэлжээ. Гэтэл тэр үед булчинтай залуу биш шөрмөстэй эр гэсэн ойлголт байж. Шөрмөс нь бяр болдог. Одоо манай улсын харцага Т.Баасанхүү шиг биетэй эрчүүд эцэж цуцахаа мэдэхгүй байж. Булчин, масс бол дорхноо цуцна. Том жинтэй бөхчүүдийг харж байгаа биз дээ. Тэд дорхноо хэлээ унжуулаад л барьц сонгуулаад эхэлдэг. Мөн манай энэ боксчид, тулааны тамирчид тасралтгүй таван үе зодолдож чадаж байна. Холимог тулааны Ж.Нарантунгааг харахад түүнд ямар ч илүүдэл өөх байхгүй. Тухайн үед монголчууд эрүүл хоолтой, архи тамхи хэрэглэдэггүй болохоор яргай сайхан биетэй байж. Хэрэв өнөөдөр биднийг сэлэм бариад тулалд гэвэл гурван минут байлдаад л хэлээ унжуулна. Ж.Нарантунгаагаар жишээ авахад тэр таван минутаар таван раунд үзэлцээд 25 минут байлдаж чадна гэсэн үг. Тэгэхээр тэр цөөхөн цэргийн амжилтын нууц нь эрүүл хоол, эрч хүчтэй бие, хурд, хүчинд нь байж. Чингис хааны агуу их бодлого, тактикийн тухай ярихгүй, зүгээр хувь хүнийг, нэг цэргийг аваад үзэхэд л ийм байна. 

Таны дуртай спорт юу вэ?

Ер нь тулааны спортууд. Бокс байна. Миний суурь бол боксоор эхэлсэн. Мөн житкундогийн тамирчин явлаа. Одоо буудлагын спорт их сонирхдог. Практик буудлагын холбооны гишүүн.

Бас байгаль дээр буудах уу?

Байгальд буудна аа.

Ан хийхийн сайхан гэж байна шүү дээ. 

Байлгүй яах вэ. Анчид чинь өөрсдөө байгаль хамгаалагчид. Одоо яах вэ автомат буу хэрэглэх, эсвэл зарим нэг хүн амьдрахын эрхээр амьтдыг олноор нь хядаж, ан биш аллага хийж байгаа.  Ер нь ой хамгаалагчдыг харахад тэд нар анчид л байдаг. Анчин хүн л дараачийн төл нь өсч байгааг таньж, энийг буудаж болохгүй гэдгээ мэднэ. Тиймээс хөгшнөөс нь заазлах зэргээр уламжлалаа дагаж явдаг. Бид түүнийг нь л хөгжүүлэх хэрэгтэй.

Хөлбөмбөг үздэг үү? 

Үгүй. 

Сагс

Бас л үгүй. Лос-Анжелес хотод "Los-Angeles Lakers - Utah Jazz" хоёр тоглож байхад би унтаж байсан хүн шүү дээ.

Дэлгүүрээр явахдаа аль тасгаар нь илүү явах дуртай вэ?

Би гэр ахуйн барааны дэлгүүр орох дуртай. Сав суулга, цахилгаан бараа, гоё аяга тавганаас эхлээд нэг тийм хүний хэрэглээнд ойрхон, амархан болгочихсон зүйл сонирхдог.

Монголчууд өнгөрсөнд, эсвэл ирээдүйгээр амьдардаг. Харин өнөөдөр хаана байна вэ? (фото 6)

Хувцас сонгож авах тал дээр ямар хандлагатай вэ?

Би энэ тал дээр маш их шүүмжлэл хүлээдэг. Гэр бүлийнхнээсээ, найз нараасаа гээд л. Магадгүй миний мэргэжилтэй ч холбоотой байж мэднэ. Кинонд л би дүр бүтээдгээс амьдрал дээр өөрөөрөө байхад л хангалттай.  Гял цал хувцас ч юм уу, одоо болж байгаа тренд дагах дургүй. Зүгээр байгаа маань л энэ. Байгаагаасаа илүү болох гэж цаг зарж, тэрийг бодох сонирхолгүй. Нэг өмссөн хувцас хэрвээ биед эвтэйхэн, таалагдсан хэвээр байвал олон жил өмсдөг.

Таны хийх дургүй зүйлс гэж байдаг уу?

Байна аа. Хүнтэй удаан ярих дургүй. Утсаар удаан ярих, мессэж бичих дургүй. Хүнд бялдуучлах, долигнож, хүний ая аргалахдаа их муу.

Дээр  ярьсанчлан компанийн хаалга тогших үедээ яадаг вэ?

Өөрт нь тохирсон санал бариад л орно. Тэрнээс би хоосон амлахгүй. Бид бизнес хийж байгаа болохоор адилхан хоёр тал "win-win" байх ёстой. Адилхан ялах нөхцөлтэй л орох ёстой.

Та хэдэн цаг унтдаг вэ? Босмогцоо юу хийдэг вэ?

Би 12 цагт унтаад яг 7:00-д босдог. Босонгуутаа ус ууна. Ер нь усыг их хэрэглэдэг.

Өнөөдөр бид эх орноо буруу зөвөөр гаргаж болохгүй бөгөөд үүнд маш эмзэг нарийн хандах ёстой.

Амьдрал дээр таныг бүх хүн таньж, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэг байх. Тэр нь танд ямар байдаг вэ?

Надад сайхан байдаг. Өөрийнхөө мэргэжлийг эзэмшээд, муу ч, сайн ч хүн намайг таньж, баяр хүргээд, эсвэл шүүмжлээд явж байна гэдэг нь таалагддаг. Тиймээс мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг.

Бас тоглосон киноны дүрээр хүлээж авах гээд байдаг хандлага байдаг уу?

Ер нь манай үзэгчдийн хандлага бол тийм. Их л зодоон нүдээн хийсэн киногоор дамжуулаад л тэгж ойлгодог. Хүн өөрөөсөө өөр юм хийнэ гэж байхгүй л дээ. Тэр үзүүлж буй зүйлийнх нь 80-90 хувь нь тухайн хүнд байж жүжигчин тэр дүрийг бүтээнэ. Түүнээс огт өөр юм хийгээд л, балет бүжиглээд явна гэвэл бүтэхгүй шүү дээ.

Та ер нь кино карьераа хэр удаан хугацаанд төсөөлж байгаа вэ?

Миний мэргэжил хөгшрөхгүй. Ярьж, алхаж чадаж л байвал кинонд тоглосоор байна.

Та амьдралдаа бизнесмэн дүр төлөвлөдөг үү? Танд мөн PR чиглэлийн компани байдаг гэдэг. Энэ нь давхар үргэлжлэх үү?

Надад одоо киноноос өөр бизнес байхгүй. Кино урлагаар дагнан амьдрана гэвэл Монголд хэцүү л дээ. Таарсан, таараагүй дүр, таалагдсан, таалагдаагүй баг, зохиол гэж байна. Гэвч бид саяхан IFI продакшнаа байгуулж, Монголын киног дэлхийн тавцанд гаргах ямар л арга зам байна тэр бүхнийг эрэлхийлж амжилт гаргах зорилго өмнөө тавьсан.  Одоо бид арилжааны төрлөөр үү, эсвэл арт чиглэлээр үүнд хүрэх үү гэдэг дээр ажиллаж байна. 

Та алинд нь илүү ач холбогдол өгч байна вэ? Монгол уран бүтээлчдийн хийсэн "Над руу ингэж битгий хар", "Алсын удирдлага" зэрэг кинонуудыг харахад арт чиглэл нь дэлхийд амжилт гаргах илүү боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэдэг. 

Тийм. Арт кино ашиг авчрахгүй ч сайн хийвэл нэр хүнд авчрах бүрэн боломжтой. Тиймээс бид богино зам туулна гэсэн үг.

Үүнд мэдээж сайн зохиолч хэрэг болно. Та цаашдаа өөртөө кино зохиолчийн ажлын хуваарь хэр их гаргах вэ?

Би хувьдаа жүжигчний карьераа л хөөх хүсэлтэй ч яалт ч үгүй шаардлагаар продюсерын багт орж ажилладаг. Яагаад гэвэл би киног хамгийн сайн мэдэж байгаа хүний хувьд, уран бүтээлчдийг хамгийн сайн таньдагийн хувьд өнөөдөр үүнийг хийж байгаа. Хоёрдугаарт гадаад харилцааны тал дээр би заавал зохиол дээр хуруу дүрэх хэрэгтэй болдог. Өнөөдөр бид эх орноо буруу зөвөөр гаргаж болохгүй бөгөөд үүнд маш эмзэг нарийн хандах ёстой. Монголчуудын тухай сэдвээр гадныхан эхнээсээ кино хийж байна. Жеки Чан гэхэд биднийг тойрч, Өвөр Монголд очоод инээдтэй кино хийсэн. Үнэндээ Аделийн дууг дуулдаг жинхэнэ нүүдэлчин монгол тэнд байхгүй ч тэд дэлхийд таалагдах гээд тийм зүйл хийлээ. Тэгвэл бид өөрсдөө л жинхэнэ монгол гэдэг утгаар нь хийх болно. Уран сайхны хэтрүүлэг орж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, тэдний сонирхол татах зүйл хийлгүй л яах вэ. Тэгэхдээ биднээс өөр хүн үүх түүх, урлаг соёлыг маань хайрлахгүй. Кино хийе гэсэн болгонтой хамтарч, мөнгөтэй болгоныг нь дагаж болохгүй тул бид тодорхой цензурь тавьж, дотроо бодолтой, дороо суурьтай байх ёстой гэж боддог.

цааш үзэх