Хайх

Энэ сард стриминг платформуудаар нээлтээ хийх шинэ кино болон цувралууд

Энэ сард стриминг платформуудаар нээлтээ хийх шинэ кино болон цувралууд

“Don't Look Up”, “Emily in Paris”, “And Just Like That” болон бусад

Text: Buro.Mongolia


“The Power of the Dog”

Жейн Кемпейны найруулсан Өрнөдийн драма төрлийн “The Power of the Dog” бүтээлд Монтанагийн хамгийн том фермийн аж ахуй эрхэлдэг Филе (Бенедикт Камбербэч) болон түүний бэр эгч Роуз хоёрын (Кирстен Данст) дунд үүсэж буй дайсагналт харилцааны талаар өгүүлдэг.

Харц буруулах боломжгүй дүр зургууд, ховстох увдистай жүжиглэлт, гүн сэтгэгдэл үлдээсэн киноны дуунууд энэхүү бүтээлд хосолсноор Оскарын түүхэн дэх гурав дах шилдэг эмэгтэй найруулагч төрөх өндөр магадлалтай байгаа билээ.

Netflix, арванхоёрдугаар сарын 1

“Money Heist”, тавдугаар улирал (part 2)

Өндөр амжилтад хүрч чадсан Испанийн "Money Heist" цувралын тавдугаар улирлын төгсгөлийн хэсгийг яг одоо Netflix-ээс хүлээн авах боломжтой байгаа билээ. Цувралын төгсгөлийн хэсэгт Профессорын бүлэглэл Испанийн төв банкинд аль хэдийнээ 100 гаруй цагийг өнгөрүүлсэн байгаа бөгөөд цэргийнхнээс өөрсдийгөө хамгаалах гэж оролдож буй үйл явдлыг харуулах болно. Энэ удаад баатрууд өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж, шийдвэрлэх тулаанд оролцох шаардлагатай болох юм. “Бид гол дүрийн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийг хэрхэн тараах талаар бараг нэг жил бодож тунгаасан. Профессорыг шоронд хэрхэн оруулах вэ гээд л... Эдгээр хэцүү эргэцүүллийн үр дүн нь тус цувралын тавдугаар улирал билээ. Тэдний тулаан хамгийн дээд цэгтээ хүрч, хэрцгий болох ч энэ нь хамгийн баатарлаг, сэтгэл хөдөлгөм улирал юм шүү" хэмээн цувралын зохиолч Алекс Пина хэлсэн юм. Түүний үгэнд итгээд шинэ улирлаа хүлээж авцгаая.

Netflix, арванхоёрдугаар сарын 3

“Landscapers”

Энэхүү цуврал нь гэрийнх нь цэцэрлэгээс хоёр хүний цогцос олдсоны улмаас цагдаагийн мөрдөн байцаалтад орсон нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх юм. Тус цувралыг 1998 онд Ноттингемширт болсон бодит үйл явдлуудаас сэдэвлэн бүтээжээ. Цуврал бүтээгчид сонирхолтой өрнөл болон бага зэрэг бараан наргианыг үзэгчдэд амлаж байна. Гол дүрүүдэд “The Crown” цувралаар танигдсан Оливия Колман болон “Харри Поттер” кинонд профессор Люпины дүрийг бүтээсэн Дэвид Тьюлис нар тогложээ.

HBO Max, арванхоёрдугаар сарын 8

“And Just Like That”

Алдарт "Sex and the City" цувралын үргэлжлэл болох уг цуврал нь нийт 10 ангиас бүрдэх юм. Мөн шинэ ангиудад Сара Жессика Паркер, Синтия Никсон, Кристин Дэвис нар тоглох бөгөөд харамсалтай нь Самантa Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтролл уг төсөлд оролцохгүй байхаар шийдсэн юм. Зохиолчид цувралын үйл явдлыг аль болох бодит амьдралтай ойр байлгахаар зорьж байгаа тул Нью-Йорк хот цар тахалд нэрвэгдсэн дүр зургийг ч мөн гаргана гэжээ.

HBO Max, арванхоёрдугаар сарын 10

“Station Eleven”

Тус цувралыг зохиолч Эмили Сент-Жон Манделийн 2014 онд туурвисан ханиадны аймшигт цар тахлын тухай романаас сэдэвлэн бүтээжээ. Гамшигт цар тахал гарснаас хойш 20 жилийн дараа нэгэн жүжигчдийн бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын хотуудаар аялж, Шекспирийн жүжгүүдийг тайзнаа тавьж, эзэнгүй байшингуудаас хоол, ундаа нөөцөлж буй тухай өгүүлнэ.

HBO Max, арванхоёрдугаар сарын 17

“The Witcher”, хоёрдугаар улирал

Нийт найман ангиас бүрдэх шинэ улиралд гол дүрийн баатар Геральт гүнж Циригийн хамтаар Каэр Морхен цайз руу эргэн ирэх болно. Тэнд Цири гүнж ид шидтэн болохын тулд хичээллэж эхлэх юм.

Netflix, арванхоёрдугаар сарын 17

“Emily in Paris”, хоёрдугаар улирал

Netflix хит бүтээлүүдийнхээ нэг болох “Emily in Paris” цувралын хоёрдугаар улиралд юу өрнөх талаар олон нийтэд дэлгээгүй байгаа билээ. Гэсэн хэдий ч саяхан цацагдсан трейлэрт гол дүрийн баатар Эмили (Лили Коллинз) шинэ найз залуутай болсон харагдана. Мөн тэрээр найзуудтайгаа аялалд явж, түүний амьдрал ахиад л адал явдлаар дүүрэн байх бололтой.

Netflix, арванхоёрдугаар сарын 22

“Don't Look Up”

Холливүүдийн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг нэг дор цуглуулсан “Don't Look Up” кино энэ оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэгт тооцогдож байгаа билээ. Зургаан сарын дараа дэлхий дээр аварга солир унана гэдгийг мэдсэн хоёр эрдэмтэн дэлхий дахинд аюулын талаар сэрэмжлүүлэх найдлагатайгаар хэвлэлүүдтэй уулзах аялал хийхээр явсан ч тэдэнд итгэх хүн ховор байна.

Netflix, арванхоёрдугаар сарын 24

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх