Хайх

Хоопонопоно: Амьдралыг хялбарчлах арга техникт суралцацгаая

Хоопонопоно: Амьдралыг хялбарчлах арга техникт суралцацгаая

Сөрөг мэдээ, таагүй үйл явдлуудаар дүүрэн өнөө үед тохиромжтой аргачлал

Text: Buro.Mongolia


“Hoʻoponopono” буюу хоопонопоно гэдэг үг нь ёжлол мэт санагдаж магадгүй юм. Гэвч хоопонопоно гэдэг нь Хавай, Самоа, Таити, Шинэ Зеланд зэрэг Номхон далайн өмнөд хэсгийн арлуудын уугуул иргэдийн дунд түгээмэл хэрэглэгддэг эвлэрэх болон уучлах сэтгэлийг илтгэдэг нэгэн зан үйлийг хэлдэг билээ. 

Хавай хэлнээс хоопонопоно нь “алдаагаа засах” эсвэл “ямарваа нэг зүйлийг зөв гүйцэтгэх” хэмээн орчуулагддаг. Тус техникийг зохион бүтээсэн эртний тахилч нар дэлхий ертөнц эв найрамдлын ариун хуулиудад захирагддаг хэмээн үздэг байжээ. Өөрөө өөртөө, бусдад болон байгаль орчинд сөрөг байдлаар хандаж энэхүү эв зохицлыг зөрчсөнөөр хүн өвчин эмгэгээс эхлээд харилцааны бэрхшээл хүртэлх төрөл бүрийн асуудалд өртөмтгий болчихдог. Хоопонопоно аргачлалын гол зорилго нь хүний амьдралын алдагдсан тэнцвэрийг сэргээж, мөн эрүүл мэнд, аз жаргалыг нь хэвийн урсгалд оруулахад оршдог юм. 


Хоопонопоно аргачлал хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү техникийг гарамгай эзэмшсэн багш Хью Лин “Хязгаарлалтгүй амьдрал. Эрүүл мэнд, эд баялаг, хайр, аз жаргалыг олоход туслах Хавайн нууц систем” номондоо “Гадаад ертөнцөд болж буй бүх зүйл үнэн хэрэгтээ таны толгой дотор тохиолдож байдаг. Таны ухамсраас үл хамаарах зүйл гэж байдаггүй. Таны эргэн тойронд болж буй үйл явдлууд тантай шууд хамааралгүй мэт санагдаж байгаа байх. Мөн ингэж бодсоноор та хариуцлагаас өөрийгөө чөлөөлж чадаж байгаа мэт санагдах байх. Гэвч үнэндээ бол дэлхий ертөнц яг эсрэгээрээ оршин тогтнодог юм. Өөрөөр хэлбэл, бидний эргэн тойронд болж буй бүх зүйлд бид өөрсдөө хариуцлага хүлээдэг. Учир нь хүн бүр орчлон ертөнцөд тохиож буй бүх зүйлтэй салшгүй холбоотой байдаг юм” хэмээн бичсэн байдаг.

Хоопонопоно: Амьдралыг хялбарчлах арга техникт суралцацгаая (фото 1)

Хоопонопоно техникт аливаа үйл явдал бидний ухамсрын мөн чанартай холбоотой гэж үздэг. Тухайлбал, та ямар нэгэн өвчин тусвал, хэрүүл маргаанд орооцолдвол, таагүй нөхцөл байдалд орвол энэ нь таны оюун санааны байдал тэнцвэргүй, сөрөг нөлөөнд автсаныг илтгэх юм. Харин бодол санаагаа эерэг, найрсаг байдал руу өөрчилсөн тохиолдолд таны эргэн тойрон дахь ертөнц ч дагаад эерэг тал руугаа өөрчлөгдөх болно. Хоопонопоно аргачлал нь ийм л энгийн ойлголт дээр суурилдаг юм.

“Амьдралын гол зорилго өөрийн оюун ухаанаа чөлөөлж, хуримтлагдсан сөрөг бодлуудаасаа ангижрахад оршино” хэмээн Хью Лин зааж сургадаг. Мөн тэрээр “Бид амьдралыг бүрэн удирдаж чадахгүй ч хувийн хэвшмэл байдал болон хувиа хичээсэн шаардлагуудаас татгалзаж, цаашлаад амьдралын хором бүрийг хүлээн зөвшөөрч сурч чадна. Хоопонопоногийн зааврын дагуу амьдралд тохиолдож буй бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, өөрийн бодол санаа, бие махбодоо ариусгаж чадах нь аз жаргалыг олох хамгийн хялбар арга юм” гэж хэлсэн удаатай. 


Тэгвэл хоопонопоно техникийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Тус техникийн шинэчилсэн хувилбарыг хүссэн хүн бүр хэрэгжүүлэх боломжтой байдаг нь яахын аргагүй давуу тал юм. Хавайд суурьшиж буй тахилч нараас тусламж хүсэх шаардлагагүй бөгөөд ямар ч нэмэлт мэдлэг хэрэггүй билээ.

Мөн энэхүү техникт суралцахын тулд “Өөрийгөө өөрчилснөөр таны эргэн тойрон дахь ертөнц өөрчлөгдөнө” хэмээх үндсэн үзэл бодлыг баримтлах хэрэгтэй. Хоопонопоно аргачлалд аливаа асуудлыг шийдвэрлэх дөрвөн тарни хэллэг ашигладаг. Иймээс дараах дөрвөн тарнийг өөртөө, гэр бүлдээ, хөршүүддээ, шүтэж явдаг бурхандаа зориулан тогтмол хэлж хэвших хэрэгтэй гэнэ. Ингэснээр хүний амьдрал амар амгалан, аз жаргалаар дүүрэх болно гэдэгт Хавайчууд эргэлзэхгүй байгаа юм.

Хоопонопоно: Амьдралыг хялбарчлах арга техникт суралцацгаая (фото 2)

1. “Би наманчлал хүсэж байна”

Уг тарниас эртний тахилч нарын үйлдэж байсан хоопонопоно зан үйл эхлэлээ олсон гэгддэг билээ. Бидний гаргаж буй үйлдлүүд дэлхий дээр болж байгаа бүх зүйлтэй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч наманчлал хүсэх хэрэгтэй юм. Энэхүү тарни нь орчлон ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбогдсон өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлын хариуцлагыг ухамсарлаж буйг илтгэнэ.

2. “Намайг уучлаарай”

Таныг гомдоосон аль эсвэл та өөрөө уурлуулж бухимдуулсан хүн, байгаль орчин, дэлхий ертөнц, бурхан, эсвэл өөрөөсөө гээд яг хэнээс уучлалт гуйж буйгаа тодорхойлох шаардлагагүй юм. Зүгээр л “Намайг уучлаарай” гэж хэлээрэй. Өршөөлийн тарнийг хэлснээр та хариуцлагаа ухамсарлаж, бусдыг болон санамсаргүй тохиолдлуудыг буруутгахаа болино.

3. “Би талархаж байна”

Та бүхий л зүйлд талархаж болно. Жишээ нь өөрөө өөртөө, гэр бүлдээ, байгаль орчны үзэсгэлэн гоод, ажлын хамт олондоо, дэлхий ертөнцөд гэх мэт. Мөн хүн алдаж байж ухаардаг тул сөрөг туршлагад ч адил баярлалаа гэж хэлээрэй. Талархлын үгс эерэг энергийг сэргээж, зөв сэдэл төрүүлдэг жамтай. 

4. “Би чамд хайртай”

Хайраас илүү хүчирхэг зүйл гэж үгүй. Хайр нь өнгөрсөн үеийн сөрөг бодлуудыг арилгаж, хор хөнөөлтэй ой санамжаас ангижруулдаг. Мөн та бусдад хайраа илэрхийлснээр өөрт хуримтлагдсан сөрөг зүйлсээс ангижирч, таны оюун санаа болон бие махбод сэргэж эхэлдэг. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх