Хайх

Хаяо Миязакигийн ямар ч маркетинггүй нууцлаг бүтээл: \"The Boy and the Heron\"

Хаяо Миязакигийн ямар ч маркетинггүй нууцлаг бүтээл: "The Boy and the Heron"

Text: Buro.Mongolia


Ghibli студийн үүсгэн байгуулагч алдарт Хаяо Миязакигийн ээлжит бүтээл “The Boy and the Heron” долоодугаар сарын 14-нд Япон улсад нээлтээ хийсэн бол дэлхийн нээлтээ арванхоёрдугаар сарын 8-нд IMAX театруудаар хийхээр болсон. Харин кино багийнхан Япон улс дахь нээлтээс өмнө анимейшны талаар ямар ч маркетинг хийгээгүй төдийгүй трейлер, дүрийн танилцуулгыг ч цацалгүй зөвхөн нэг постер зургийг л үзэгчдэд танилцуулсан гэнэ.

Энэ талаар анимейшны продюсер Тошио Сүзүки "Бага байхад яг юуны талаар гэдгийг нь ч мэдэхгүй киногоо догдолж, хүлээж үздэг байсан үеэ сэргээхийг хүссэн гэх үү дээ. Өнөө үед бид кино үзэхээсээ өмнө киноны талаар хэтэрхий их мэдээлэлтэй байгаа нь гайхалтай, нууцлаг мэдрэмжийг үгүй хийж байгаа мэт санагддаг. Тийм учраас үзэгчдийг юу ч бодолгүйгээр зорьж ирээд цоо шинэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна" хэмээжээ. Тэдний энэ санаа ч амжилттай хэрэгжиж Япон улсад цацагдсан даруйдаа "Box Office"-ын жагсаалтыг тэргүүлж, эхний долоо хоногтоо 13.2 сая ам.долларын ашигтай ажилласан юм. Мөн анимейшны англи хэл дээрх хувилбарт дуу оруулсан жүжигчдийг Америк талын дистрибьютер “GKIDS” компани зарласан ба Роберт Паттинсон, Кристиан Бейл, Флоренс Пью зэрэг олон алдартай жүжигчид оролцсон нь үзэгчдийн хүлээлтийг улам ихээр нэмэгдүүлж байгаа билээ.

Сонирхуулахад, зохиол дээр Махито Маки хэмээх хүү үхэл амьдралын голд орших ертөнцөөр нас барсан ээжийгээ хайхаар аялах ба тэр хугацаандаа амьдралын үнэ цэн, нөхөрлөл, нинжин сэтгэлийн талаар ойлгож буй гайхамшигтай түүхийг өгүүлэх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх